С.УЯНГА

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан дагалдах таван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн юм. Гэвч хэлэлцэх асуудлыг батлах үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өргөн баригдаагүй хуулийн төслийг хэлэлцэх нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай зөрчилдөнө хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй учир хэлэлцэх асуудлын дарааллаас хасав. Тиймээс Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлсэн юм. Гишүүдийн олонх нь хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллагад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасныг дэмжсэн ч хилийн бүсгүй болгож буй шалтгаан, улсын хилийг бүсчлэн хамгаалах талаар тодруулж байсан юм. Зарим гишүүний  байр суурийг хүргэе.

Л.Мөнхбаатар:

Хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг 2014 онд Гадаадын иргэн харъяатын байгууллагад шилжүүлснээр ноцтой зөрчлүүд  гарч эхэлсэн. Хүн хүч, техник дутуу газарт хилийн шалган нэвтрүүлэх чиглэлээ хариуцуулах боломжгүй. Хоёр хөршийн хилийн албанаас зөрчилтэй холбоотой олон албан тоот ирсэн. Бүтэн галт тэрэгний вагоныг шалгахгүй явуулсан зөрчил ч гарсан юм билээ. Чадвар, чадамжийг ч ярих хэрэгтэй. Цаашид чиг үүрэг нь цөөрч байгаа Гадаадын иргэн харъяатын байгууллагыг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Х.Баделхан:

Хилийн шалган нэвтрүүлэх албыг Хилийн цэрэгт хариуцуулах нь зүйтэй. Хилийн бүсийн 100 км-ийг нааш нь татаж хилийн бүсгүй болгож байгаа юм байна. Үүнд ямар үндэслэл байна вэ. Өмнө нь 100 км дотогш нэвтрэхэд хилийн албанаас зөвшөөрөл авдаг байсан. Энд орд, уул уурхайн асуудал яригдах уу. Хил дамнасан чөлөөт бүс байгуулахаар бол хаанаас яаж зөвшөөрөл авах вэ?

С.Бямбацогт:

Хил дээр 46 боомт үйл ажиллагаа явуулж байгаа. Жилд 4.3 сая иргэн, 1.6 сая тээврийн хэрэгсэл, нэг сая вагон зорчдог.Шалган нэвтрүүлэх боомт дээр олон зөрчил гарч байсан. Дэлхийн 30 гаруй орны 15-16 нь хилийн байгууллагадаа шалган нэвтрүүлэх албаа хариуцуулдаг юм байна. Олон улсын жишгээс гажсан зүйл алга. Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар  улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болсон. Иймд хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориу­лалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх асуудлыг хуулиар баталгаажуулахаар тусгасан.

П.Сэргэлэн:

Хилийн зурваст 81 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Аялал жуулчлал, банк, татваргүй бараа, хадлан, тоног төхөөрөмж, газар тариалан, ашигт малтмал, тэсэлгээ, өрөмдлөг, тээвэр зэргээр. Харин хилийн бүсэд 52 аж ахуйн нэгж зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байнаОдоогийн мөрдөж байгаа хуулиар хилийн бүсэд хориглосон хязгаарласан зүйл байхгүй.

Х.Болорчулуун:

Өнгөрсөн дөрвөн жил хилийн цэргийг эмнэлэг, тагнуулгүй болгож шалганыг шилжүүлсэн  нь хил хамгаалах чадамжийг бууруулсан. Тиймээс энэ хуулийн онцлогийг буцаагаад хилийн шалган нэвтрүүлэхийг хилийн цэрэг рүү шилжүүлж байгаа явдал гэж ойлгож байгаа. Мөн хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориг­лоно гэсэн байна. Ашиг­луу­лахыг яах юм бол. Хилийн зогонтой ойрхон ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж байна. Халхголын хилийн зогоноос хоёр км-т газрын тос өрөм­дөж байна. Хуульдаа тодор­хой болгож өгмөөр байна. Болзошгүй осол гамшгийн үед хилчид зурваст байгаа иргэдэд ямар тусламж үзүүлэх ёстой гэдгийг тодорхой зааж өгөх хэрэгтэй.

Ж.Энхбаяр:

Хилийн цэргийг зэвсэгт хүчний бүрэл­дэхүүнд орох асуудлыг нэг мөр шийдсэн. Тийм асуудал байхгүй. Төрийн бод­логыг дагаж гарах ёстой хуулиуд хоёрдмол утгагүйгээр гарах ёстой. Улсын хил хамгаалах үндсэн хүч бол хилийн цэрэг байх ёстой. Хилийн цэрэг дотроо дотоодын цэргийг яаралтай байгуу­лах ёстой. Гэтэл цагдаа дотроо дотоодын цэрэг байгуулах асуудал явж байна. Бодлогоос зөр­сөн ийм асуудал байж болохгүй. Хилийн цэр­гийн алба хаах журам эрхзүйн байдлыг цэргийн албаны болон цэргийн алба хаагчдын эрхзүйн байдлын тухай хуулиар нэгтгэн зохицуулна гэдэг дээр ойлголцсон гэж бодож байгаа.

Гишүүд ийнхүү санал хэлж асуултандаа хариулт авсны дараа  хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлт­гүү­лэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын, Хууль зүйн байнгын хороодод шилжүүлсэн юм.

Чуулганы үдээс хойшх нэгдсэн хурал­даанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  “Нийг­мийн халамжийн сал­барын өнөөгийн бай­дал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний та­лаар мэдээлэл хийлээ. ТэрээрОдоо нийгмийн халамжийн чиглэлээр таван хуулийг мөрдөж байна. Өнгөрсөн арав­ду­гаар сард 73 мян­ган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр, 63 мян­ган хүн асаргааны тэт­гэмж, 67 мянган хүн онцгой тохиолдлын бо­лон амьжиргааг дэмжих тэтгэмж, 31 мянган хүн хөгж­лийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тус­ламж, 141 мянган хүн ахмад настны хөнгөлөлт, тус­ламж үйлчилгээг, дөрвөн мян­ган хүн алдар цолтой ахмад настны нэмэгдлийг халамжийн сангаас аваад байнагэлээ. Харин энэ чиглэлээр тулгам­даж бай­гаа асуудлаар Ерөн­хий сайдХаламжийн сангаас олгох тэтгэмж, тусламжийн хэмжээ нь ядуу өрхийн сарын амьжиргааны хэрэг­лээ­ний дунджаар 9.8 хувьтай тэнцэж байгаа дэлхийн ихэнх улстай харьцуулахад 2-3 дахин, Европ, Төв Азийн зарим улс оронтой харьцуулахад 5-6 дахин бага байна. Хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийг бэлэн мөнгөөр тэтгэх бус хөдөлмөр хийж орлого олоход саад болж байгаа бэрхшээлийг нь хам­тын дэмжлэгтэйгээр арилгаж, хөдөлмөрлөх нөхцөлийг нь бүрдүүлж, ядуурлаас гаргах олон сал­барын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. “Халамж хүр­тэг­чээс-хөдөлмөр эрх­лэгчболгох бодлогыг хэрэгжүүлнэ. 2016-2020 онд зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг орон нутгийн байгууллага, ажилтнуудын орол­цоотойгоор хэрэгжүүлж, жилд 13.0 мянга, 4 жилийн хугацаанд 55.0 мянган өрхийг сон­гон, амьжиргааг нь дээш­лүүлж, нийгмийн үйл­чилгээнд бүрэн хам­руу­лан, хөдөлмөр эрхлүүлэх зэргээр тэднийг ядуурлаас гарганагэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин