М.ГАН
Улсын төсөв хэврэг байна. Төсөв зохиодог хүмүүс ч мэдрэмжгүй хандлаа. 2008-2012 оны төсөв орлогоосоо зарлага нь давсан, алдагдал ихтэй үрэлгэн гэсэн шүүмжлэлд өртөв. Зөвхөн энэ жилийн төсөв гэхэд эрх баригчдын амлалтыг даахгүй хямарлаа. Дэлхийн банкнаас Монголын эдийн засаг эрсдэлтэй учирч болзошгүйг урьчилан анхааруулсаар байтал манай сайдууд “Сонгуулийн жилийн төсөв онцлогтой байх ёстой” хэмээж байв. Амалсан мөнгөө өгч сонгуульд ялахын төлөө улайрч, байхгүй мөнгийг бий болгож, энд тэндээс зээлж, сонгуулиар баруун солгойгүй цацсаны эцэст улсын данс улайсан. Дэвэрч хөөрсөн сэтгэлээр баталсан төсвөөрөө амлалтаа ч гүйцээхгүйгээр эрх баригчид суудлаасаа буув. Засгийн эрхийг залгамжилж буй эрхмүүд өнгөрсөн сард төсвийг тодотгож төрийн албан хаагчид цалинтайгаа золгосон. Нэг саяын үлдэгдэл хэсгийг авч чадаагүй ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгийг нь нөхөж олгоно гэж тодотголд тусгасан ч эх үүсвэр нь байхгүй, мөнгө цуглуулах боломжгүйд хүрснийг шинэ Засгийн газраас мэдээлж буй. Халаасанд байгаа хэдээсээ давсан амлалт өгөх нь улсын төсөвт хор уршигтайг 2008 оны хямрал энэ жил дахин нотолж байна.
БОЛЗОШГҮЙ ХЯМРАЛД БЭЛДСЭН ТӨСӨВ
Монголын эдийн засаг эрсдэлд учрав. Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол зах зээл болох Хятадын эдийн засгийн өсөлт 2008-2009 оны санхүүгийн хямралаас хойшхи хамгийн бага хэмжээндээ хүрчээ. Тус улсын эдийн засгийн өсөлт эрс муудсан нь манайд эрсдэл дагуулж, төсвийн орлогод нөлөөлж байна. Тухайлбал, тус улсын эдийн засаг хямран томоохон бүтээн байгуулалтууд нь танагдаж, төмөрлөгийн үйлдвэрийн гол түлш болох коксжих нүүрсний хэрэглээ буурчээ. Энэ оны эхний хагаст Хятадын дотоодын гангийн эрэлт буурсантай холбоотой манай улсын хувьд нүүрсний зах зээлийн нөхцөл байдал муудаж баяжуулсан болон коксжих нүүрсний экспортын үнэ 23-29 хувиар буурсан юм. Ирэх онд ч энэ байдал хэвээр байх хандлагатай байгаа аж. Энэ бүгдийг тооцон, болзошгүй хямралд бэлдэж Засгийн газар ирэх оны төсвийн төслөө боловсруулжээ. Манай улс ирэх онд 7,088.3 тэрбум төгрөг олохоор тооцлоо. Орлогоо бүрдүүлэхдээ дан ганц уул уурхайд найдлага тавихгүйгээр зардлаа аль болох танах арга хэмжээ авах юм. Нийт 7,449.4 тэрбум төгрөг зарлагадахаар болжээ. “Болзошгүй хямралыг тооцон, урсгал зардлыг тэлэхгүй байна” гэж ирэх оны төсөвт тодорхойлжээ. Орлогоосоо зардлаа хасаж үзвэл ирэх оны төсөв 360.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна. Гэхдээ УИХ-аар хэлэлцэх явцад тэвчиж болох зардлуудыг танаж чадвал алдагдал буурч чамбай болж магадгүй.
АХМАДУУДЫН 340 МЯНГЫГ ӨГЧ ЧАДАХ УУ?
Үнэндээ энэ жилийн төсөв эрх баригчдын амлалтыг гүйцэхгүй байгааг өгч чадаагүй мөнгөн дүнгээс харж болно. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэг сая төгрөгийг бэлнээр авах хүсэлт гаргасан ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй нийт 306 мянга 925 иргэн байгаа аж. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард тус бүр 330 мянган төгрөг олгоход 202.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Сонгуулийн өмнөхөн зөвхөн Архангай, Дундговь, Дархан-Уул аймгийн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийт 9.3 тэрбум төгрөг олгожээ. Нэг сая төгрөгийн үлдэж буй хэсгийг буюу нийт 122.3 тэрбум төгрөгийг энэ онд багтаан бүрэн олгохоор энэ оны төсвийн тодотголд тусгажээ. Гэвч ийм хэмжээний мөнгө Хүний хөгжил санд одоогоор алга.
Өвөө, эмээ нар үр хүүхэд, ач зээгээсээ 340 мянгаа өдөр бүр сураглана. Эрх баригчдаас нэхэхээр хариу хэлэх хүн олдохгүй байгаа юм. Хүний хөгжил сангаас иргэн бүрт бэлэн мөнгөөр хишиг, хувь хавтгайруулан олгож байсан өмнөх туршлага нь эдийн засагт үнийн өсөлтийн дарамт нэмж, инфляц хөөрөгдсөн тул өөрчлөх шаардлагатайг ирэх оны төсвийн төсөлд онцолсон байна. Тус санд багагүй хэмжээний өглөг үүсчээ. Хүний хөгжил санд авч ашигласан урьдчилгаа төлбөрийг ойрын 2-3 жилд төвлөрөх татварын орлогоос суутган тооцох замаар барагдуулах гэнэ. Товчхондоо иргэдэд бэлэн мөнгө олгодог Хүний хөгжил сангийн мөнгө дундхан байгаа аж. Тэгэхээр аль болох сангаас мөнгө гаргахгүй хуримтлуулах, өглөгийг нь барагдуулах чиглэлийг ирэх онд барих юм. Хүний хөгжил санд 2013 онд нийт 621.3 тэрбум төгрөгийн орлого олж 284.2 тэрбумыг зарцуулж, 95.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн өглөг, 192.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын дотоод зээлийн өглөгийн барагдуулахаар тооцжээ. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж чадвал Хүний хөгжил санд 154 тэрбум төгрөг орж ирэх боломжтой аж.
ХҮҮХДИЙН МӨНГӨНД 240 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨВ
Нэг сая төгрөг амалсан Ардын намынханд амлалтаа хэрэгжүүлэх боломж олдоогүй бол хамгийн олон суудал авсан Ардчилсан намынхан хүүхдийн мөнгийг сэргээв. Энэ сараас эхлэн хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг сар бүр олгохоор болсон юм. Сонгуулиар бэлэн мөнгө амлах хориотой байсан учир Ардчилсан намынхан сонгуулийн маргааш нь хүүхдийн мөнгө амлав. Тэд олон болсноороо түрэмгийлж хүүхдийн мөнгийг даруй хэрэгжүүлж эхэллээ. Энэ мөнгийг Хүний хөгжил сангаас олгох юм. Ардчилсан намынхан бэлэн мөнгөөр хишиг, хувь хүртээхдээ нийтэд нь хавтгайруулахгүйгээр цар хүрээг хумьж зөвхөн 0-18 насныханд зориулсан 20 мянган төгрөг санаачилсан. Ирэх онд нийт нэг сая орчим хүүхэд мөнгө авна гэж тооцжээ. Энэ арга хэмжээнд 240 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна. Ингэхдээ ирэх онд 78 мянган хүүхэд төрж 0-18 насныхан нэг саяд хүрнэ гэж урьдчилан бодож үзсэн байна. Хүүхэд бүрийн мөнгийг эцэг, эх нь авдаггүй учир заримынх нь үлддэг гэсэн өмнөх жишээ бий. Тэгэхээр амьдралын боломжтой хүүхдийн мөнгө авах шаардлагагүй нэг хэсгийнх нь мөнгө тухайн сангийн дансанд хуримтлагдана. Үүнийг зөвхөн хүүхдэд зориулсан хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулдаг байхаар хуульчилсан. Ингэж бүх хүнд хавтгайруулан мөнгө олгохгүй гэвэл Хүний хөгжил сангийн зардал өмнөх жилээс бараг гурав дахин буурахаар байгаа аж. Хүний хөгжил сангаас 2013 онд бэлэн мөнгө хэлбэрээр 272 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаснаас 240 тэрбум нь хүүхдүүдэд очно. Эндээс 32 тэрбумын зөрүү гарч байгаа биз. Зөрүү мөнгийг юунд зарцуулахыг дараагийн хэсэгт тодруулъя.
21 МЯНГЫГ НӨХӨН ОЛГОНО
2010 оноос хүн бүрт бэлэн мөнгө олгож эхэлсэн. Нэг хэсэг хүмүүсийн өнөө, маргаашийн хоолыг залгуулсан 21 мянган төгрөг өргөн хэрэглээний барааны үнэ өсгөсөн “хэрэгтэн” болсныг эдийн засагчид хэлдэг. Мөнгө амласан эрх баригч хүчин ч энэ байдлыг хүлээн зөвшөөрсөөр ирсэн. 2010 онд 50+70 мянга, 2011 онд 252 мянга, 2012 онд 128 мянган төгрөг олгосон. Сар бүрийн 21 мянгаа иргэдийн олонхи нь авчээ. Мөнгөө авч амжаагүй иргэд нэлээд бий. Төрийн хайр, ивээлээс хоцорлоо гэж сандарч яваа хүмүүс тайван байгаарай, 21 мянган төгрөгийг ирэх онд нөхөж олгохоор болжээ. Хуваарилагдсан ч авч чадаагүй хүмүүсийн хувь, хишиг нийлээд 32 тэрбум төгрөг болж байгаа аж. Дээр дурдсан Хүний хөгжил сангаас ирэх онд бэлнээр олгох мөнгөний зөрүү энэ юм. Энэ тухай тодорхой хуульчлах учир энд, тэндэхийн арилжааны банкнаас мөнгөө хайж ажил удаад хэрэггүй нь. УИХ-ын дарга З.Энхболд ч намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ 21 мянган төгрөгийг нөхөж олгохоор төлөвлөж буйгаа нотолсон билээ. Бүр тодруулбал, “2010-2012 онд хүндэтгэн үзэх шалтгаанаар хишиг, хувиа аваагүй иргэдийн хишиг, хувийг нөхөж олгоход 32 тэрбум төгрөг” гэж төсвийн төсөлд бичсэн байна. Ямар боловч амалсан мөнгөө өгнө гэсэн нь сайн хэрэг ч төсөвт мөнгө олддог л байгаа даа. Дээр дурдсан нүүрсний экспорт буурч, хямрал үргэлжилж уул уурхайгаас мөнгө олж чадахгүй бол дарга нарын амалалтыг төсөв даахгүй байж мэднэ.
ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХГҮЙ
2008 он шиг дор бүрээ бүсээ чангалах хэрэгтэй болох нь. Ганцхан Монголд ч биш, дэлхийн нийтэд эдийн засаг хямарч байгаа. Хямрал ирэх онд үргэлжилнэ гэдгийг Дэлхийн банкнаас анхааруулсаар байна.
Энэ байдлыг харгалзан шинэ Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тогтвортой байлгана гэж ирэх оны төсөвт тодорхой бичжээ. Өмнөх онд цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмсэн нь үнийн өсөлт, төсвийн алдагдалд нөлөөлснийг 2013 оны төсвийн төсөлд онцолжээ. Товчхондоо ирэх жил цалин, тэтгэвэр нэмэхгүй учир олсон хэдийгээ цааш нь хийж хямгатай хандахыг сануулсан дохио болов уу. Хямралтаы жилүүдэд бусад орны туршлага болон өмнөх алдаанаасаа суралцан мөнгөө үрэх биш аль болох хуримтлуулах бодлого Засгийн газарт байна.
Үнэ хөөрөгдөж, инцляц өсөхөд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь оюутнуудын тэтгэлэг. Оюутнуудад сар бүр 70200 төгрөг олгохоор хуульчилсан. Энэ жилээс улирал бүр өгч байхаар шийдсэн тухай Төрийн сангаас мэдээлжээ. Нэг оюутан улиралд 200 гаруй мянган төгрөгтэй болно. Нэг хэсэг нь мөнгөтэй болох сургаар үнэ хөөрөгдөхөөр цаана нь бүлэг хүмүүс анаж суудаг нь зах зээлд ёсчлоогүй хууль. Нөгөө талаас цалин тэтгэвэр нэмэхгүй, оюутнуудыг тэтгэлгийг сар бүр олгох боломжгүй нь мөнгөний хомсдолтой холбоотой. Өгнө, олгоно гэсэн үгийн цаана их учир бий. Мөнгөтэй болчихоод цээжээ дэлдвэл бас яая гэх вэ. Орж ирээгүй мөнгийг олгоно гэж урьдчилан тооцвол осолтой гэдгийг өмнөх жишээ нотолж байна. Ирэх онд их мөнгөтэй, ачаалал даадаг төсөв батална гэж эрхэм түшээдэд найдъя. Хаанаас хэдэн төгрөг олж, түүнийгээ юунд хэрхэн зарцуулж, хэнд хэдэн төгрөг өгөх эсэхээ УИХ-ын эрхэм гишүүд сар гаруй хугацаанд хэлэлцээд ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө батлах юм
Өгнө, олгоно гэсэн үгийн цаана их учир бий. Мөнгөтэй болчихоод цээжээ дэлдвэл бас яая гэх вэ. Орж ирээгүй мөнгийг олгоно гэж урьдчилан тооцвол осолтой гэдгийг өмнөх жишээ нотолж байна. Ирэх онд их мөнгөтэй, ачаалал даадаг төсөв батална гэж эрхэм түшээдэд найдъя.