Э.БЭРЦЭЦЭГ

Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг.  Өглөө зүгээр байсан хүн өдөр нь гэнэт дотор муухайрах, толгой эргэх, гэдэс өвдөх  зовиур хүн бүрт харилцан адилгүй илэрдэг. Тийм болохоор бид  энэ удаагийнхаа зөвлөгөөг жолооч нарт хүргэж байна.  “Автомашин жолоодох үедээ  өвчин намдаах, нойрсуулах, тайвш­руулах эм  битгий уугаарай. Өвчин намдаагч эм төв мэдрэлийн тогтол­цоог дарангуйлах, нойр хүргэх, хөдөлгөөний баримжааг алдагдуулах  үйлч­лэлгээ үзүүлдэг” гэд­гийг эмч нар анхааруулж байна. Хэрэв  ийм эмийг машин барихаасаа өмнө уувал осол аваар гаргах магадлал өндөр гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс замд гарахаасаа өмнө ямар нэгэн эм уух шаардлага гарвал юуг анхаарах талаар зөвлөе.

Тайвшруулах эм уухаас зайлсхий

Ийм үйлчилгээтэй эмнээс болж зам тээв­рийн осол 2-5 дахин ихэсдэг гэсэн су­дал­гааг Германы эрдэмтэд гаргасан байдаг. Европын орнуудад авто­замын аваар ослын 10 хувь нь тайвш­руулах эм уусан үедээ жолоо барьснаас үүдэлтэй болох нь тогтоогджээ. Тий­мээс ямар нэг эмийг уухаа­саа өмнө заавартай нь сайн танилц. Хэрэв эмийн заалт дээр тухайн эмийг хэрэг­лэсний дараа “тээврийн хэрэгсэл жолоодох, бусад өндөр анхаарал шаардсан ажил хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхаар” гэсэн байвал ууж болохгүй гэсэн үг.

Хэрэв эмийн зааварт уг эм нойрсуулах, тайвш­руулах, бухимдал тайлах зэрэг үйлчлэлтэй гэж дурьдсан байвал, түүнийг уусан үедээ жолооны ард суухгүй байсан нь дээр.

Өвчин намдаах эм уусны дараа жолоо барих хэрэггүй

Ядаргааны эсрэг болон өвчин намдаах эм уусны дараа биед ямар нэг нойр хүрэх, нозоорох байдал мэдрэгдвэл жолоо барихаа хойшлуулах нь зүйтэй. Яагаад гэвэл ту­хайн эм өөр ямар үйлчлэл үзүүлж болохыг харзнах шаардлагатай гэсэн үг. Ер нь тайвшруулах янз бү­рийн эм нь анхаарал төвлөрлийг сулруулж, хөдөлгөөний баримжааг алдагдуулах магадлал ихтэй байдаг аж.