Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн С.Чинзоригоос тодрууллаа.
-Тэтгэвэр, тэтгэмжийн хуульд ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Гишүүд санаачлаад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн боловсруулж, Засгийн газрын саналыг авч УИХ-д өргөн барилаа. Энэ долоо хоногийн Байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд багтсан байгаа. Ээжүүд хүүхэд асарсныхаа тэтгэмжийг авахдаа даатгуулсан хэлбэрээс хамаарч ялгамжтай авдаг. Заавал даатгуулсан бол цалингийнхаа 100 хувь, сайн дурынх бол 75 хувиар тооцож авдаг. Бидний өргөн барьсан хуулиар бол ээжүүд даатгуулснаасаа үл хамааран цалин хөлснөөсөө хүүхэд асарсныхаа тэтгэмжийг 100 хувь авдаг байхаар зохицуулалт хийж өгч байгаа.
Мөн хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, улсад ажилласан жил тасраад байдаг. Одоогийн хуульд найман сар хүүхдээ харсан ээжүүдийн шимтгэл төлөгдөөд үлдсэн нь тасардаг. Үүнээс болж үлдсэн хоёр жилийн шимтгэл тасарч ээжүүд хохирч байна. Тиймээс бидний өргөн барьсан хуулиар хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл, улсад ажилласан жил тасалдахгүй байхаар тусгасан.
-Ажил эрхэлдэггүйгээс болоод шимтгэлээ төлж чаддаггүй ээжүүдэд хуулийн өөрчлөлтөөр ямар боломж нээгдэх вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэл байнга төлдөг ээжүүд хүүхдээ гурван нас хүртэл нь асарсан хугацааныхаа шимтгэлийг өмнө нь төлсөн нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас нь буцааж төлж байна. Ажил эрхэлдэггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ээж хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцдаг байхаар зохицуулсан.
Ер нь олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа ээжүүдийн хөдөлмөрийн бодитой үнэлэх цаг болсон гэж үзэж байгаа. Хэдийгээр 50 настай тэтгэвэрт гарах эрх нь нээгдсэн ч ажилласан цаг нь цөөн учраас тэтгэвэр бага тогтоодог асуудал бий. Тиймээс тухайн ээжийн төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг 1.5 жилээр нэмэгдүүлж тооцдог байх хуулийн заалтыг боловсруулсан. Ингэж байж олон хүүхэд өсгөснийхөө буянаар өндөр тэтгэвэр авах боломж бүрдэж байна.
-Малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулахаар хуульд тусгасан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулахаар хуулийн төсөлд тусгасан. Малчид үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл цаг наргүй хөдөлмөрлөдөг. Мөн малчдын ажлын цагийн дийлэнх нь байгалийн хатуу ширүүн нөхцөл, нар салхинд өнгөрдөг. Үүнээс үүдэж малчдын дундаж наслалт төв суурин газрынхаас харьцангуй доогуур байдаг. Байгалийн хүнд нөхцөлд мал малладагаас хамаарч амь нас нь эрсдэлд орж мэдэх учраас малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулах багц хуулийн төслүүдийг өргөн барьсан.
-Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид шимтгэлээ нэг удаа нөхөн төлөхөөр заасан байсан. Хэмжээг ямар байдлаар тогтоосон бэ?
-Малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хуулийн төслийг өргөн барьсан. Улсын хэмжээнд 330 орчим мянган малчин бий гэж тооцдог. Тэдний 10 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн судалгаа бий. 250 орчим мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Үүнээс болж эдгээр хүмүүсийн нийгмийн хамгаалал алдагдаж байна.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй бол тухайн үеийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг удаа нөхөн төлөх боломжийг нээж өгч байгаа. Нэг талаас дээр дурдсанчлан нийгмийн хамгаалал сайжирч нөгөө талаар нийгмийн даатгалд хамрагдагсдын хамрах хүрээ өргөжинө.
-Төсөв, мөнгөний хүндрэлээс болоод олон хууль хойшилж байна. Эдийн засгийн тооцооллыг хэрхэн хийсэн бол?
-Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид нийгмийн даатгалынхаа төлөөгүй шимтгэлийг магадгүй 10 жил төлөөгүй бол 10 жилийн өмнөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг удаа нөхөн төлөх боломжтой. Ингэснээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгө арвижих нөхцөл бүрдэнэ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан ажил олгогч, төр, иргэнд ачаалал тэнцвэртэй ирнэ. Хэн хэн нь ачааллаа үүрээд явах учраас хөнгөхөн тусна гэж тооцож байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин