Д.ОЮУНЧИМЭГ

 

Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг Монголбанкнаас гаргасан. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтөд чиглэсэн, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг хязгаарлахаа Төвбанкны ерөнхийлөгч онцолсон юм. “Ядуу голдуу иргэдийн халаасыг нэг хэсэг хүн суйлаад байгааг инфляц гэнэ” хэмээн нэгэн эдийн засагч хэлжээ. Үнийн өсөлттэй тэмцэх гарцын талаар Монголын логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболдтой ярилцлаа.

 

-Ирэх онд инфляцийг найман хувьд хүргэнэ гэж мөнгөний бодлогод тусгасныг хэр бодитой гэж үзэж байна уу?

-Монголбанкнаас инф­­ля­цийг найм, цаашлаад 7-5 хувьд барина гэдэг маш зөв.  Засгийн газартай хамтарч, ойлголцолд хүрвэл үнийн өсөлт, инфляцийг нэг оронтой тоонд барих  боломж бий. Монголбанк мөнгөний эрэлтийг хариуцаж, харин нийлүү­лэлттэй Засгийн газар ажиллах нь зөв шийдвэр. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний сүлжээ, логистикийн асуудлыг төсөвт нэн түрүүнд суулгаж тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Суурь инфляцид нөлөөлдөг мах, барилгын материал, шатахуун зэрэг олон зүйлийг цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд нийт импортын 70-80 хувь нь орж ирдэг Зам-Үүд боомтын нэвтрүүлэх чадварыг сайж­руулах, ачаа эргэл­тийн агуулахтай болох, тээвэрлэлтийн логистик төв байгуулах хэрэгтэй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Чойрын бүс нутагт логистикийн парк байгуулах  санхүү­жилтийг төсөвт яарал­тай суулгах хэрэгтэй. Логистик төвийнхөө дэд бүтцийг шийдвэрлэвэл 2014 онд нийлүүлэлтээс шалтгаалсан инфляцийг барих боломжтой. Нийт эдийн засгийн эргэлтийн 60 орчим хувь, хүн амын дийлэнх нь суурьшсан нийслэлийн логистикийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй.

-Хотын логистик гэж юуг хэлэх вэ?

-Нийслэлд төвлөрсөн хүн амын хэрэглээг хан­ган, нийлүүлэлт хийдэг сүлжээг хэлнэ. Хотын эргэн тойронд логистик төвүүдийг байгуулж, импор­тын бараа бүтээг­дэхүүнийг нийлүүлэх, нийслэлд үйлдвэрлэсэн бараа үйлчилгээг тэрхүү төвд төвлөрүүлэн дэлгүүрүүдэд түгээдэг сүлжээ гэж ойлгож болно. Давуу тал нь хадгалалт, тээвэрлэлтийн горимыг чандлан мөрдөх бүрэн боломжтой. Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангана. Үүнийг нэн даруй шийдвэрлэснээр эдийн засгийн болоод мөнгөний бодлого хэрэгжих үндэс болох юм. Суурь ло­гистикийн бодлогогүйгээр томоохон төсөл хэрэг­жүүлж чадахгүй. 

-Нийлүүлэлтийг Засгийн газар хариуцах нь зөв гэлээ. Өмнө нь хариуцдаг байсан. Үнийн өсөлт, инфляцийг барьж чадаагүй шүү дээ?

-Монголбанк, Зас­гийн газар хоёр хоорондоо  маш сайн ойлголцож, хамтарч ажиллах хэрэгтэй. Харин Монголбанк мөнгөний бодлого боловсруулж, Засгийн газар нийтийн агуулахыг хаана байр­шуулах, барааны чөлөөт урсгалыг яаж бий болгоход  төр оролцохоос өөр аргагүй. Бизнес эрх­лэгчид гаднаас худалдаж авах, үйлдвэрлэх, үйлчилгээ хүргэх ажлыг хэнээр ч заалгахгүй хийчихнэ. Зөвхөн бараа урсгалыг зөв зохистой нийлүүлэх бодлогыг Засгийн газар барих ёстой. Тухайлбал, барилгын үнэ яагаад өсөөд байгаа гэхээр барилгын материал хэзээ нийлүүлэгдэж байгаагаас хамаардаг. Барилгын ажил ид явж байх үед биш өвлийн улиралд бараагаа татан төвлөрүүлвэл нийлүүлэлтээс хамаарсан инфляцийг бууруулах боломж бий. Яг үүнтэй адилаар бусад бараа бүтээгдэ­хүүний нөөц бүрдүүлж болно. Нөөц бүрдүүлэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлж болно.

-Аж ахуйн нэгжүүдийн нөөц бүрдүүлэлтэд төр яаж туслах ёстой вэ?

-Бараа бүтээгдэхүүнээ хадгалах агуулахын түрээсийг хамгийн хямд байлгах. Өөрөөр хэлбэл нийтийн агуулахын системтэй байж хамгийн бага түрээстэй байхыг бодлогоор зохицуулдаг байх. Ийм маягаар явбал хувийн хэвшлийнхэн агуулахыг дүүргэж чадна. Зах зээлд нийлүүлэлтийг хангалттай хийгээд ирэхээр үнийн хэт өсөлтөөс сэргийлнэ. Мөн инфляцийн хэлбэлзлийг ч тогтвортой барих боломж бүрдэнэ. Цаашилбал материал болон хүнсний аюулгүй байдлыг зөвхөн энэ агуулахад л бүрэн хянаж чадах юм.

-Агуулахаар дам­жуулаад үнэ өсгөхгүй байх боломжтой юм байна. Нийслэлд жил бүр  нөөцийн мах бэлтгээд байгаа нь үнэ өсөхгүй байхын тулд хийсэн ажил. Гэвч бид өнгөрсөн хавар нэг кг махыг 10 мянган төгрөгөөр худалдаж авсан шүү дээ?

-Хамгийн гол нь мах нөөцөлж байгаа хэдий ч логистикийн сүлжээ байхгүй, зорилго нь буруудаад байгаатай холбоотой.  12 мянган тонн мах бол ядуу, эмзэг бүлгийн иргэдэд зориул­сан гэж томъёолдог. Ха­рин нийт нийслэл­чүүдэд зориулан нөөцөлж байгаа гэвэл төр, хувийн хэвшил хоёр хамтарч ажиллах ёстой. Мах бэлтгэлийн ажлыг зөв, зохистой зо­хион байгуулж чадахгүй, зөвхөн гал унтраах маягаар, эсвэл хэн нэгнийг аврах, өлсгөхгүй байхаар энэ нийлүүлэлтийн тогтолцоог хийвэл хэзээ ч зөв шийдэл болохгүй. Жишээлбэл, Германы мах бэлтгэдэг компаниуд өөрийн гэсэн фермертэй гэрээтэй ажилладаг. Тэр нь тасралтгүй мах нийлүүлж байдаг. Тэгээд үйлдвэрүүд нь зах зээл рүү зогсолт­гүйгээр нийлүүлэлт хийдэг. Ийм амьд тогтолцоогоор ажилладаг. Энэ нь логистикийн тогтолцоо юм шүү дээ. Харин манайх шиг зөвхөн өвлийн цагт жоохон мах бэлтгэж нөөцлөөд түүгээрээ дөрвөн улирал амь зогоож байгаа нь доголдол бий болгоод байгаа юм. Хадгалах сав, зах зээлийн багтаамжаас хамаарч өөр бодлого яваад байна. Гадаад орнууд энэ асуудлуудыг хэрхэн шийдэж байгааг харж өөрийн орны хөрсөнд буулгах хэрэгтэй. Гадны орнуудын туршлагыг шууд буулгавал алдаа болно. Цаг уурын эрс тэс байдал, хүн амын байршил гээд олон ялгаа бий. Тээвэр логистикийн оновчтой сүлжээ, бодлоготой байх ёстой. Энэ сүлжээг яаралтай бий болгох шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм. Эхлээд суурь судалгааны ажил, түүнээс үндэслэн төсөл хөтөлбөр гээд хийх ажил маш их. Үүнд бизнесийнхнийг татан оролцуулж чадвал мах нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэж болно. Бидэнд өмнө нь ажиллаж байсан туршлага, боломж бий. Гол нь цаг хугацаа л хэрэгтэй.

-Замын-Үүдийн тээвэрлэх чадварыг нэмэх хэрэгтэй, ачааны галт тэрэг авах зайлшгүй шаардлагатай хэмээн нэлээд олон жил хөөцөлдсөн ч өнөөг хүртэл ямар ч шийдэлд хүрээгүй байгаа талаар ярьдаг. Гэтэл тээвэр логистикийнхоо асуудлыг шийдчихэд ачаа эргэлт дээрээ гацчих вий гэсэн болгоомжлол байна. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Үүнийг маш олон жил ярьж байна. 2005 онд Азийн хөгжлийн банкнаас “Чойр-Сайншанд-Замын-Үүд”-ийг холбосон автозамын ажлын хөрөнгийг шийдсэн. Гэтэл сонин тохиолдлоор хоёр удаа Солонгосын компани авч тэрхүү төслийг барилгүй дампууруулсан. Тэгэхээр зөвхөн галт тэрэг хайх биш засмал замыг яаралтай холбочихвол хувийн хэвшлийнхэн машинаар зөөчихнө. Авто тээврийн галт тэргээс давуу тал нь 24 цагийн турш тасралтгүй явж чадна. Харин төмөр зам тодорхой горимоор ажилладаг. Тэгэхээр нийлүүлэлтийн асуудлыг аль эрт шийдэж болох байсан ч Засгийн газар анхаарал тавихгүй байснаас өнөөдрийг хүрсэн. Заавал галт тэрэг хайгаад байх албагүй шүү дээ. Ингэж чадвал Замын-Үүдэд түгжрэх ачаа байхгүй болно.

-Ирэх жил “Чойр-Сайншанд-Замын-Үүд”-ийг холбосон автозамыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа?

-Энэ зам ашиглалтад орвол манай улсын эдийн засгийг, бараа урсгалын нийлүүлэлтийг бууруулах хамгийн том шийдэл. Үнэхээр энэ замыг ашиглаж эхэлбэл тээв­рийн түгжрэлийн асууд­лыг 100 хувь шийдэж байгаа гэсэн үг. Өмнө нь Мянганы замын төсөл хэрэгжсэн ч УИХ-ын гишүүд өөрсдийн сон­гогдсон тойрог руу зам барьсан. Харин улсын эдийн засагт хамгийн чухал хэрэгтэй Замын-Үүд-Улаан­баа­тарыг холбосон зам тавиагүйн хор уршгийг бид амсаж байгаа юм. Зөвхөн энэ Засгийн газар ч биш урд, урдынх нь ч ялгаагүй. Тээвэр логистикийн бодлогогүй байдал нь Монгол Улсыг хэзээ нэгэн цагт дам­пууруулна. Тиймээс үндэсний хэмжээнд тээ­вэр логистикийн бодлогоо цэгцлэх хэрэгтэй. Энэ бол нэн түрүүнд хийх ажил. Харамсалтай нь Монгол Улсын логистикийн стратегийг “Азийн хөгжлийн банк”-наас санхүүжилт хийж “Терра” компани авч ажилласан ч тэнд логистикийн ганц ч мэргэжилтэн байгаагүй. Тиймээс бас л дампууруулсан шүү дээ. Энэмэтчилэн манай улсын хэмжээнд логис­тикийн асуудлыг хариуц­даг төрийн захиргааны байгууллага, мэргэжилтэн, боловсон хүчин ч байдаггүй юм.

-Тэгвэл үүнийг мэддэг боловсон хүчин, мэргэжилтэнтэй байхын тулд юу хийх ёстой вэ?

-Манай холбооны зүгээс нэгэнт төр хийж чадахгүй бол төрийн бус байгууллагад өгөх үйлчилгээний хэсгийг манай холбоонд өгөөч. Бид бодлогоор үүнийг хийгээд явах боломжтой гэдэг саналыг удаа дараа тавьж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл бидний саналыг хэн ч сонсохгүй байгаа. Тээвэр логистикийн асуудлаа шийдэхгүй бол том, том төслүүд бүгд гацаанд орох болно. Улаанбаатараас хойд зүгт байгаа бүх уурхайнууд хотыг дайран өнгөрч чадахаа болино. Ийнхүү асуудал хүндэрч байгааг анхааруулах хэрэгтэй байх. Хамгийн гол нь логистик гэдэг нь хүн амын өргөн хэрэглээ, хүнсний хэрэглээний аюулгүй байдал, ханган нийлүүлэлтийн шуурхай байдалд чухал үүрэгтэй. Өнөөдөр хүнсний аюулгүй байдлын талаар УИХ-д хууль оруулах гэж байх шиг байна. Логистикийн асуудлаа шийдээгүй байж хүнсний аюулгүй байдлыг ярих боломжгүй. Үйлдвэр­лэгч хүнийг хордуулах бүтээгдэхүүн үйлдвэр­лэ­дэг­гүй. Харин тухайн бү­тээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх замдаа мууддаг. Үүнийг зөв шийдэх ганц арга нь логистикийн асу­удал гэдгийг дахин дахин хэлье.

Суурь инфляцид нөлөөлдөг мах, барилгын материал, шатахуун гээд олон зүйлийг цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд нийт импортын 70-80 хувь нь ирдэг Зам-Үүд боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, ачаа эргэлтийн агуулахтай болох, тээвэрлэлтийн логистик төв байгуулах хэрэгтэй байна.