Б.ТУУЛ
Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай нийт 14 нэр төрлийн хагалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр боллоо. Ингэснээр элэгний хорт хавдартай, элэгний хатуурлын хүнд шатанд байгаа хүмүүст элэг шилжүүлэн суулгах боломж бүрдэх бөгөөд энэ удаа нийт нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатартай хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурсан юм. Элэгний хавдрын өвчлөл манай улсад нэн тулгамдаж байгаа асуудлын нэг учраас дээрх хоёр байгууллага нь иргэдийг элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж байгаа аж. Энэ ажлын хүрээнд 14 нэр төрлийн хагалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа гэдгийг албаныхан хэлж байв.
Манай улсад тохиолдож буй элэгний өвчлөл дэлхийн дунджаас зургаа дахин их байна. 2015 онд гэхэд 2160 хүн элэгний анхдагч өмөнгөөр оношлогдож түүний 1658 нь хорвоог орхижээ. Өөрөөр хэлбэл элэгний өвчлөлөөр өдөрт дөрвөн Монгол хүн нас барж байгаа аж. Хожуу үедээ оношлогдсон хүмүүсээс 150 орчим нь яаралтай элгээ солиулах шаардлагатай байгаа ч элгээ солиулж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна гэдгийг эмч нар хэлж байсан. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд ийм оноштой 160 орчим иргэн Энэтхэг, БНСУ-д хагалгаанд орсон байна. Харин энэ удаа Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлэх тоног төхөөрөмжтэй болсноор “Анагаах ухааны том ололтыг Монгол иргэн эх орондоо хүртэх боломжтой болно. Бид төвийнхөө эмчилгээ үйлчилгээ тэр дундаа эрчимт эмчилгээний чадамжийг эрс сайжруулж, шинэ түвшинд хүргэж, эрдэнэт хүний амь насыг аварна. Цаашлаад Монгол Улсаас гадагш урсах мөнгөний урсгалыг сааруулж эдийн засгийн өгөөжөө өгч, энэ өвчний улмаас айл гэр санхүүгийн хямралд орохгүй байх олон сайн үр дүнг үзүүлнэ” гэдгийг ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн хэлж байна.
Тоног төхөөрөмжийг ирэх сар гэхэд нийлүүлж, энэ ондоо багтаан анхны хагалгааг хийх аж.
Эх сурвалж: www.polit.mn