Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Б.Мягмарыг хүсэлтийн дагуу хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбарын ажилчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах, тэдний нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар санал бодлоо солилцлоо.
МЭМАҮЭХ-ы дарга Б.Мягмар Эрүүл мэндийн сайдад хандан Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам”-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг 2013 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг хүссэн бөгөөд Эрүүл мэндийн сайд уг асуудлыг дэмжин, анхааран ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран нэн тэргүүнд хүнд хортой нөхцөлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалыг нэвтрүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинд хамруулах, эмч, сувилагчийн хувцасны стандартыг боловсруулах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг харилцан ярилцав.
ЭМЯ, МЭМАҮЭХ дээрх асуудлуудыг тусган 2012 оны 4 дүгээр улиралд хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан баталж, цаашид нягт хамтран ажиллахаар боллоо.