Ч.ОЛДОХ

Ардчилсан хувьсгалын анхдагчид өнөөдөр “Хүүхдийн урлан бүтээх төв”-д бүтэн өдөржин чуулна. Чуулга уулзалт хэн нэгэн даргын дохио зангаагаар зохиогдоогүй хэмээн оролцогчид хэлж байна. Тодруулбал, ардчиллын төлөө зүтгэж, үйл хэргээ зориулж ирсэн ардчилалд элэгтэй хэн бүхэн ардчиллын үнэт зүйлийн төлөө гэсэн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар санал нэгдсэн гэв.  АН-аа шинэчлэх асуудлыг ярьж байгаа жирийн гишүүд, ардчиллын зүтгэлтнүүд ч цөөнгүй байна. Чуулга уузалтын өмнөхөн Ардчиллын анхдагч зүтгэлтнүүдийн нэг,  ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатарын байр суурийг сонирхлоо.

ХҮҮХЭЛДЭЙНҮҮДИЙН ҮЗХ ТАРАХ ЁСТОЙ

-АН өнөөдөр Монголын нийгэмд ямар нөлөөтэй вэ. Өнөөдөр энэ намын яриад байгаа шинэчлэл ямар байх ёстой вэ гэдэгт таны байр суурийг сонирхъё?

-АН ард түмний захиалга байсан. Энэ нам хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх, арчдиллын үнэт зүйлсийг агуулж гарч ирсэн нам. Тэр үеийн залуус эрх чөлөөнд тулгуурлаж гарч ирсэн. Тэгэхээр  ямар нэг албан тушаалд хүрье, баян болъё гэж бодож, сэтгэж байгаагүй. Дарангуйллыг халъя, хаалттай нийгмийг өөрчилье гэж гарч ирсэн. Өнөөгийн залуусын сэтгэлээ өөр. Миний хувьд гаднаас нь хараад хэлж байна. хэрэв тэд гарч ирвэл баялгийг тэгш хуваарилъя гэсэн сэтгэлгээрээр гарч ирэх ёстой байх. Яагаад гэвэл, эрх чөлөөгөө  олчихсон уу олчихсон. Магадгүй хүний эрх талаас ч боломжууд нээлттэй. Үүнийг зөв ойлгосон залуус  гар ирэх хэрэгтэй. Түүнээс хэн нэгэн эзэнтэй, хүний амаар дуугардаг байж болохгүй. Ажиглаж байхад өнөөдөр шинэчлэл хийж байгаа залуусын ард хэн нэг эзэн харагдаад байдаг. Би мэдэж байна шүү дээ. Тэр залуусын зарим нь АН доторх хэд хэдэн фракцийг сольчихсон ийм хүмүүс байгаа. Зарим  үнэхээр шинэчлэл хийе, өөрчилье гэсэн залуус ч байна. Харамсалтай нь тэд нь цөөнх. Миний хувьд хар залуугаараа энэ намыг сонгосон шалтгаан нь хувийн амьдралтай салшгүй холбоотой. Ардчилал, шинэчлэл, эрх чөлөөг хүсч энэ намд орсон. Тиймээс тэр  үзэл бодлоор цэнэглэгдсэн.  Тийм зүйлийг л шаарддаг. Тэгэхдээ шинэчлэлийг бас шаардана, ардчиллын үнэт зүйлсийг гээж байгааг шүүмжилдэг.

-Ардчиллын үнэт зүйлс хэзээнээс гээгдэж эхэлсэн бэ. Ямар зам туулав?         

-1998 оноос ардчиллын үнэт зүйл гээгдэж эхэлсэн. Үр дүнд нь 2000  оны сонгуульд  хэмх ялагдсан. Тиймээс ардчилсан хөдөлгөөний намуудыг нэгтгэе гэсэн байр суурьт нэгдэж байлаа. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн АН шинэчлэл хийе гэвэл ардчилсан хүчнүүдийг нэгтгэх ёстой. Тэгж байж нийгэмд шинэчлэл хийнэ. Хоёрдугаарт, фракцаасаа салах ёстой. Бодлогын шинэчлэл хийх хэрэгтэй. Жишээлбэл, АН-д судалгааны байгууллага  байх ёстой. Шинжлэх ухааны талаас судалдаг, анализ хийдэг, юун дээр алдаж онож байгааг алхам тутамд нь дүгнэж  байдаг байгууллага нам дотор байх ёстой. Судалгааг хийдэг ч байнгын биш алданг ононг хийдэг. Гадны байгууллага уриад тухай тухайн үедээ судалгаа хийлгэж явснаас биш өөрийн гэсэн байгууллагагүй явсан нь нэг талаас алдаа. Тийм байгууллагыг дэргэдээ байлгахын  тулд шинэчлэл хийх учиртай.

АН ДОТОР “НЯЛХ СЭНГҮМ” –ИЙН  ӨВЧИН ГААРСАН

-Ардчиллын үнэт зүйлийг цуллаг болгож байсан нь таван нам нэгдсэн үе гэж хэлэх хүн цөөнгүй. Намууд нэгдэж байхдаа ямар дүрэм баримталж байв? 

-Ардчилсан хүчний таван нам нэгдэж байхад мундаг дүрэмтэй байлаа. Тэр дүрэм Монголын улс төрийн намуудад шинэчлэл авчирсан. Жишээлбэл, ҮЗХ-ны гишүүн болох хүн  жирийн гишүүдээсээ санал авч байж сонгогддог байлаа. Бүх сумд, дүүрэг, хороодоор явж байж жирийн гишүүдийнхээ төлөө, ардчиллын төлөө үнэт зүйлсээ хамгаалах  хүн   байна гэдгээ тогтоолгож  байгаа юм. Сүүлийн үед хэн нэг эзэнтэй, сонгогдох талаас мөнгийг нь төлчихдөг, утсан хүүхэлдэйнүүд  бий болсон. Хүүхэлдэйнүүдийн ҮЗХ бий болсон. Эрх зүйн чадамж ч байхгүй. Хэрэв зориг гаргавал, аливаа шинэчлэл, өөрчлөлтийг агуулгаар нь хийвэл заавал золиос гарна. Тиймээс биднээс эхлэн өөрийгөө золиослож сурах хэрэгтэй. Жишээ нь, Цогтбаатар гэдэг хүн 2008 онд төрийн албанаас татгалзаж өөрийгөө золиослосон. Тэнд  байгаад ажлаа хийгээд орон сууцтай болоод явах асар олон боломж байсан. Түүнээс татгалзаж ер нь Монголын нийгэмд, улс төрийн  шинэ өнгийг  оруулж ирэх нь зүйтэй гэж  үзсэн. Тэр жишгээс үүдэж Төрийн албаны  болон Сонгуулийн тухай тухай хуульд сонгуульд өрсөлдөх бол төрийн албанаас татгалзана гэсэн албан ёсны заалт орсон. 2015 онд би фракцаас албан ёсоор гарсан. Үүнд дарга нарыг дагасан хүмүүс надад өс хонзон санах байх. Өөрсдийнх нь амьдарч буй орчноос салгах гээд байхад надад дургүй байхаас яахав. Тэгэхээр одоо бид ҮЗХ-гоо тараах ёстой. Жирийн гишүүдээсээ сонгогдож, өөрчлөлт хийх хэрэгтэй. Бид зөвхөн нам дагасан хүмүүс биш дэргэдээсээ сонгогдсон хүмүүсээс ҮЗХ-гоо бүрдүүлье. Аймаг, сумын хурлаас гарсан хүмүүсээ оруулах нь зүйтэй. Дээр нь ардчиллын төлөө туршлагатай, түүндээ үнэнч тууштай хүмүүсийн тодорхой хувь ҮЗХ дотор байх ёстой. Тэднээс заавал мөнгө татах  албагүй, ардчиллын дуу хоолой болоод байж байх нь чухал. Хамгийн гол нь хуйвалдаж  нам дотор, ч нам хооронд ч худалдаа наймаа хийдэггүй байх ёстой. Мөн гишүүд байнга солигдож, эргэлттэй байх нь байнгын  амьд байх гол чанар.

 

-АН-ын ҮЗХ  өмнө нь жил тутам  25 гишүүн нь  солигдож, цус сэлбэж байдаг ротацитай байсан шүү дээ. Тэрийгээ яагаад алга болгочихсон юм бэ?

-Н.Алтанхуяг гэдэг хүн намын дарга болоод устгачихсан шүү дээ. Тэр хүн АН-ыг завхруулахад хамгийн их нөлөө үзүүлсэн. АН нээлттэй нам учраас шүүмжлэл их өрнөдөг. Намын дарга нар  жил эсвэл хоёр жил болоод өөрчлөгддөг байдал алга болчихоор Н.Алтанхуяг хэмжээгүй эрхт хаан шиг байхыг хүссэн. Ийм тогтолцоог Монголын нийгэм юу гэж хэлж байна гэхээр “Нялх Сэнгүм” нарын өвчин газар авлаа гэх болсон. Сүүлдээ нам дотор хамаатан, садангийн бүлэглэл үүссэн. Сонгинохайрхан дүүргийн 12 ҮЗХ-ны 11 нь Н.Алтанхуягийн ах дүү садан, найз нөхөд байгаа.

ОЛОН НИЙТЭЭС СОНГОГДСОНОО ДАРГА ГЭХГҮЙ БОЛ УТГАГҮЙ

-Ингэхэд АН-ын ҮЗХ-ны хурал яагаад  байнга хойшлогдоод байна вэ?

-Миний харж байгаагаар нам дотроо хор найруулагдаж, шинэчлэгдэх нь улам багасаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тохироо хийх гээд байна гэсэн үг. Энд нөгөө л фракцууд нь байгаа.

-Тохироо хийлээ гэж бодъё. Ямар хэмжээний өөрчлөлт гарах уу, эсвэл?

-Нүүрээ угаах хэмжээнд өөрчлөлт гарна. Энэ тохиолдолд аль нэг фракцаас дарга болно. Нөгөө фракцаас нь ерөнхий  нарийн бичгийн дарга болно. бусад фракциудаас нарийн бичгийн дарга нар гарч ирнэ. Ийм л зүйл рүү очно. Үүнийг шинэчлэл гэх үү. Тиймээс ийм зүйл болгохгүйн тулд бүх нийтээрээ хэлэлцэе, яръя гэж байгаа юм. Сум, орон нутаг, монгол даяараа хэлэлцэж байж намын даргаа сонгох чухал. Бид ингэж сонгож ч байсан. Мэдээж тэр хүртэл талцаж маргаад өчнөөн юм болно. Амьдрал тийм л байдаг. Олон нийтээс гарч ирснээ дарга гэхгүй юм бол фракцаас дарга тавьдаг юм руу орох юм бол шинэчлэл байхгүй.

-Тэгсэн ч гэсэн фракциуд хуваагдаад царцааны нүүдэл шиг тараад явах юм биш үү?

-Тийм зүйл болно, мэдээж. Сул тал нь тэр. Гэхдээ би өөдрөг бодолтой хүн. Бүх зүйл дүрэм журмаараа явж, олон нийтээс сонгогдсон хүн гарч ирээсэй. Тийм хүнийг дэмжье гэж бодож байгаа.

-Тийм хүн байгаа юу?

-Байгаа. Гарна гэж найдаж байна.

Эх сурвалж: www.polit.mn