Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Австрали, Сингапурын Хөнгөвчлөх эмчилгээний төвийн захирлууд болон Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн, доктор Д.Одонтуяа нартай уулзлаа. Уулзалтын дараа Ази номхон далайн хөнгөвчлөх эмчилгээний веб сайтад ярилцлага өгөв.

Хөнгөвчлөх эмчилгээг анх 2000 онд Монголын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх шалтгаан, нөхцөл юу байсан, хөнгөвчлөх эмчилгээний талаар Монгол улсын төрийн бодлого ямар байгаа зэрэг асуудлаар сэтгүүлчид асууж сайдаас хариулт авсан юм.

Эрүүл мэндийн сайд “Хөнгөвчлөх эмчилгээ бол хүмүүнлэг энэрэнгүй тусламж юм. Хүн төрөхөөсөө эхлээд насан эцэслэх хүртлээ хайр, халамж, хүндлэл, анхаарал дунд байх ёстой. 2000 он хүртэл манайд ийм төрлийн тусламж, үйлчилгээ байдаггүй байлаа. Доктор Одонтуяагийн санаачилга, идэвх зүтгэл, манлайллаар энэ тусламж үйлчилгээ Монголд нэвтэрсэн. Анх миний бие Эрүүл мэндийн дэд сайд байх үедээ Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлэх, төрийн бодлогод тусгуулах талаар анхаарч, үйл ажиллагааг нь дэмжиж, арга хэмжээнд нь идэвхтэй оролцдог байлаа. Өнөөдөр үндэсний хэмжээний үйлчилгээ болсныг хараад таатай байна. Хөнгөвчлөх эмчилгээ нь манай улсын эрүүл мэндийн бодлогын нэгээхэн хэсэг болон хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна” хэмээн хариуллаа.