УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллах мөрийн хөтөлбөрөө УИХ-д танилцуулахад нэлээдгүй шүүмжлэл дагуулж эхэлсэн юм. Тухайлбал, Засгийн газар мөрийн хөтөлбөртөө МАН-ын мөрийн хөтөлбөрөө бүрэн тусгаагүй, өмнөх Засгийн газрын үед хэрэгжиж байсан ажлуудыг зогсоосон гэх зэргээр анхны хэлэлцүүлгээсээ эхлэн сөрөг хүчнийхний аманд оров. Уг нь МАН хоёрхон сарын өмнө ард иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмж, цалинтай ээж зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгаснаа сурталчилж байсан. Харин Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дийлэнх зүйл нь багтаагүйг гишүүд шүүмжилсэн. Энэ сэдэвтэй холбоотой асуултыг зарим гишүүн Ерөнхий сайд болон ажлын хэсгийнхнээс асуусныг товчлон хүргэж байна.
Л.Болд:
-2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, МАН-ын мөрийн хөтөлбөрийг харьцуулахад сонирхолтой заалтууд үлдсэн байна. Тухайлбал, цалинтай ээж, тэтгэвэр тэтгэмж нэмэх, орлого багатай иргэдийг тэтгэх зэрэг мөрийн хөтөлбөрүүд нь ороогүй байна. Малчны зээлийн хүүг бууруулах бодлого алга. Мөн агаарын бохирдол, утаа зэргийг арилгах гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх олон заалт байсан тэр бүх асуудал байхгүй болжээ. Мөн түрээсийн орон сууцны бодлогыг үргэлжлүүлнэ гэж байсан ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтаагүй байна. Энэ талаар асуухад ямар нэг хэлбэрээр орсон гэсэн тайлбар хийгээд байна.
Д.Хаянхярваа:
-Таны хэлсэн саналуудыг холбогдох Байнгын хороогоор хэлэлцээд бүгд тусгагдсан байгаа. Зүйл заалт, үг өгүүлбэрээрээ бий. Энд та МАН-ын хэдэн гишүүний нэрийг хэлээд мөрийн хөтөлбөрөөсөө татгалзлаа гэж байна. Мөрийн хөтөлбөртэй холбогдсон асуудлаар өнөөдөр сүрхий зүйл яриад байгааг чинь гайхаж байна. Та бүхэн 2012 онд “Монгол хүн-2020” хөтөлбөр дэвшүүлээд хамгийн чухал гэсэн 45 заалтаа хасч, Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө батлаад явсан шүү.
Б.Пүрэвдорж:
-Сонгуулиар МАН-ын мөрийн хөтөлбөр их сайн боловсруулагдсан байсан. Гэтэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгахдаа бөөрөнхий заалт оруулж байгаад харамсаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг харвал бүсээ чангалах бодлого олон жилээр үргэлжлэх нь гэж харагдаж байна. Эдийн засгийн бодлого мөрийн хөтөлбөрт багтаагүй байна. Ерөнхий сайд, Сангийн сайд нь ОУВС-гийн төлөөлөгчтэй уулзаад “Стэнд бай” хөтөлбөрөөр явна гэж ярьсан гэсэн. Дээрээс нь татвар нэмэх хуулийг оруулж ирсэн. Дахиад өрийн таазыг нэмж, 7.2 их наяд буюу дөрвөн тэрбум ам.долларын зээл авах боломжийг өөрсдөө гаргаж байна. Энэ мэт асуудалд Ерөнхий сайд тайлбар хийнэ үү.
Ж.Эрдэнэбат:
-Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хийнэ, хэрэгжүүлнэ, тусгана гэсэн үг өгүүлбэр байдаг. Харин бидний оруулж ирсэн мөрийн хөтөлбөрт тодорхой заалтыг шууд хэрэгжүүлнэ гэж заасан. Зарим зүйлийг та тааж яриад байна. “Стэнд бай” хөтөлбөрийн талаар яриа хэлцэл болоогүй. ОУВС-гийнхныг Монголд ирээч гэсэн хүсэлт тавьсан. Татвар нэмэхгүйгээр явъя гэж намын бүлэг шийдсэн. Нөхцөл байдал хүнд байгаа учраас халамж, нийгмийн хамгааллын чиглэлийн асуудлыг бууруулахаар байгаа. Төсөв гэдэг орлогоо нэмэгдүүлэх, зарлагаа бууруулж зохицуулдаг. Томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байж иргэдээ ажилтай болгоно.
Ө.Энхтүвшин:
-Засгийн газрын байдал хэцүү байна. Би ойлгож байгаа. Засгийн эрх авлаа гээд авдраа нээгээд үзсэн чинь баахан өрийн цаас байж байдаг. Энэ хүндрэлийг даван туулахаар төсвийн тодотгол хийх гэсэнд бид ярьсаар байгаад татварыг буцаахаар болчихлоо. Уг нь бол “Эрүүл Монгол хүн” мөрийн хөтөлбөрт орсон заалтууд агуулгаараа орсон юм байна. Намын мөрийн хөтөлбөрт тусгасан бүх заалтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах нь зүйтэй гэж бодож байна. Ялангуяа, засаглалтай холбоотой заалтуудыг оруулах хэрэгтэй. Үүнийг оруулахад мөнгө шаардагдахгүй. Мөн тог цахилгааны шөнийн тарифаа тэглэх хэрэгтэй. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.
Ж.Мөнхбат:
-Засаглалын бодлоготой холбоотой зарим заалт орох ёстой гэдэг дээр санал нэгдэж байна. Сая зарим гишүүн зөвхөн агуулгаараа орсон байна гээд шүүмжлээд байсан. Заалт бүр орсон байгаа.
С.Эрдэнэ:
-МАН-ын намын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хууль ёсных мөн үү. Үндэсний аудитын байгууллагаар шалгуулж, хянуулсан юм бол яагаад мөрийн хөтөлбөрөөс зөрсөн Засгийн газрын мөрийн хөтөлбөр орж ирж байна. Тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмнэ гэж байсан бол өнөөдөр 360 гаруй мянган ахмадын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн өөрчлөлтийг оруулж ирлээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болголоо. Нэгэнт хүчин төгөлдөр болсон хуулийг хүчингүй болгож оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ?
Ж.Эрдэнэбат:
-Хамтын тэтгэврийн тухай хууль сонсоход их аятайхан нэртэй хууль. Хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гэж байгаа юм. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодоод байгаа байхгүй юу. Тийм учраас “Насны хишиг” гэдэг тэтгэвэр олгоё гэж байгаа юм. Би урт наслах тусмаа төр засгаас тэтгэврээ авах юм шүү гэж бодох ёстой гэв.
Засгийн газрын тэргүүн болон ажлын хэсгийнхэн дээрх хариултыг өгснөөр үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс хойшх нэгдсэн хуралдаан дээрх сэдвээр дахин үргэлжилсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин