С.УЯНГА
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улс өчигдрийн байдлаар 3.103.514 иргэнтэй байна. Үүнээс 51 хувь нь эмэгтэй. Тэгэхээр 1.551.757 эмэгтэйг их хуралд 13 гишүүн төлөөлж, энэ хэмжээнд эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж суугаа гэж ойлгож болно. Гэтэл нийгэмд хамгийн их хүлээлт үүсгээд байсан Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг МАН-ын гишүүд хүч түрэн унагасны дунд тус намын эмэгтэй гишүүд бөөнөөрөө кноп дарсан нь олон нийтийн урмыг хугаллаа. Тэрдундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын итгэлийг хөсөрдүүлэв. Гэсэн ч улстөрийн хүрээнийхэн болон төрийн бус байгууллагууд, ард иргэд нэгдэж Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг шаардаж тэмцсээр байна.
[caption id="attachment_37013" align="aligncenter" width="600"]
Өмнөх парламентын эмэгтэй гишүүд “оранж” арга хэмжээнүүд зохион байгуулж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлуулахын төлөө тууштай тэмцэж байв.[/caption]
Монгол Улс хүйсийн тэгш байдлыг хангах зорилгоор хууль журмандаа өөрчлөлт оруулж эмэгтэйчүүдийг төрд сонгогдохыг дэмжсээр ирсэн. Тэр ч утгаараа энэ удаагийн парламентад түүхэнд анх удаа хамгийн олон буюу 13 эмэгтэй төр түшилцэж байна. Ийнхүү эмэгтэйчүүдийг дэмжиж ирсний цаад учир бол ерөөсөө л Монголын хүн амын тэн хагасыг эзэлж байгаа охид, бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах үүрэг хариуцлагыг тодруулах гэсэн бодлого. Харамсалтай нь хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болсоор байгаа тоо баримт, жигшим хэргүүд жил ирэх тусам өсч байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд 60 хувиар өссөн. Гэмт хэргийн хохирогчдын 90 хувь нь эмэгтэйчүүд, 40 хувь нь хүүхдүүд байгаа юм. Улсын хэмжээнд өнгөрсөн оны эхний арван сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1113 бүртгэгдэж, өмнөх оныхоос 80 хувь өссөн.
Харин энэ оны хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 764 гэмт хэрэг бүртгэгдэж, долоон хүн нас барсан нь өмнөх оныхоос мөн л 30.4 хувиар өссөн байна. Сүүлийн зургаан жилд 90 гаруй хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдаад байгаа гэх тоо баримт гишүүдийн гар дээр тов тодорхой бий.
[caption id="attachment_37012" align="aligncenter" width="600"]
Намын бүлгийн хаалттай хуралдааны үеэр Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нарыг эс тооцвол эрх баригч намын төлөөлөл болсон 12 эмэгтэй гишүүнээс албан ёсны байр сууриа илэрхийлсэн хүн одоогор нэг ч алга.[/caption]
Өмнөх парламентын эмэгтэй гишүүд хүүхэд, охид, бүсгүйчүүд рүү хандсан хуулийн заалт бүр дээр нарийн зохион байгуулалттай ажиллаж, идэвхтэй, хариуцлагатай хандаж байв. Жишээлбэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний хуулийг батлуулахын төлөө Ц.Оюунгэрэл, Д.Сарангэрэл, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, Г.Уянга нарын гишүүд байж болох бүхий л аргыг хэрэглэн, зүтгэлтэй ажилласны дүнд өнгөрсөн хавар батлуулж чадсан юм. Тэд НҮБ-ын гэр бүлийн хүчирхийллийн эсрэг “Дэлхийг улбар шар болгож охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсооё” уриан дор “Улбар шар” арга хэмжээ зохион байгуулж, өөрсдөө ч оранж хувцсаар жигдрэн бусдыгаа уриалж, тэмцэж байсан юм. Түүнчлэн хүчирхийллийн золиос болсон бүсгүйчүүдтэй нүүр тулан уулзаж, төрийн болон төрийн бус байгууллагуудыг тэмцэлдээ татан оролцуулж шаардах бичиг хүртэл хүргүүлж байсан удаатай.
Гэвч энэ удаагийн парламентын бүсгүйчүүдийн үг үйлдэл тэс өөр санааг илэрхийлэв. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хамгаалж УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас өөр хүн байр сууриа илэрхийлсэнгүй. Өөрөөр хэлбэл өмнөх парламентын гал цогтой тэмцэгч “оранж” эмэгтэйчүүдийн энд хүрэх нь битгий хэл олонхийг бүрдүүлсэн намын эмэгтэй гишүүдээс олигтойхон байр сууриа илэрхийлээд ганц үг хэлсэн хүн алга. Бүлгийнхээ хаалттай хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нарыг эс тооцвол бусад нь намынхаа далбаан дор нуугдаж байгаа бололтой. Парламентад орж ажиллахад мэдээж туршлага мэдлэг, сэтгэл шаардлагатай. Түүнээс зарим гишүүний адилаар чуулган дээр санал дүгнэлт унших нь тэдний үүрэг биш.
Өнөөгийн эмэгтэй гишүүд маань хэдийгээр эрх баригч намын төлөөлөл болж байгаа ч ямар асуудал дээр намынхаа талд, ямар зүйлд иргэдийнхээ эрх ашгийн төлөө дуугарах ёстой гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Ялангуяа хүүхэд, охид, бүсгүйчүүдийн асуудалд намын харъяалал байх ёсгүйг анхаарч тэдний эрх ашгийг хамгаалахад тодорч гарч ирэх учиртай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин