С.САРУУЛ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл өгөв. Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авлаа.
-Ээлжит чуулган зарлаж, төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ ээлжит бус чуулган зарлаж байгаа тухай дуулдаж байна. Албан ёсоор надад зар, мессеж ирээгүй. МАН-ынхны дунд яригдаж байгаагаар бол наймдугаар сарын 25 буюу маргааш гэсэн мэдээлэл байна. Бүлэгтэй нам бол бүлгийн даргаар дамжуулж мэддэг, бүлэггүй хүн их хурлын даргаас мэддэг. Их хурлын дарга хүлээж авч уулзахгүй байгаа. Бид хоёр уг нь мессеж ирвэл албан ёсных гэж тохирсон.
Төсвийн тодотголын төсөл орж ирсэн. МАН Монгол Улсыг сайхан болгоно хөгжүүлнэ, цэцэглүүлнэ гэсэн уриатай гарч ирсэн. Ялангуяа хүүхэд залуучуудын асуудалд анхаарч тусад нь хөтөлбөр боловсруулна гэсэн. Гэтэл оруулж ирсэн төсвийн хуулиар бол Эрүүл мэнд, Хүүхэд харах үйлчилгээний хуулийг таван жилээр хойшлуулахаар болж байгаа юм байна. Мөн Хүүхэд хамгааллын тухай хууль ч гэсэн таван жил хэрэгжихгүй. Үндсэндээ МАН байх хугацаандаа дээрх хуулиудыг хэрэгжүүлэхгүй гэдгээ албан ёсоор зарлачихлаа. Өөрөөр хэлбэл, 2021 онд үйлчилдэг болгохоор төсөл орж ирлээ. Тэгэхээр 2021 онд азтай нам нь, чадвал МАХН-ыг гаргавал бид энэ хуулиудыг хэрэгжүүлье.
-Төсвийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монголбанктай холбоотой ноцтой асуудал орж ирсэн гэдгийг та хэллээ. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Сонгуулийн тухай хуулинд нэгдүгээр сарын 1-нээс хойш аливаа сурталчилгааг хориглосон учраас зарим нэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг их хурлын гишүүдийн ихэнх нь Засгийн газарт хяналт тавьж төсөл хөтөлбөрүүдтэй нь холбоотой санал хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй байсан. “Сайн оюутан”, “Сайн хашаа” гээд сайн нэртэй хөтөлбөрүүдийг Монгол Улсын Засгийн газар бонд гаргаад Монголбанк худалдаад авчихсан юм байна. Тэгэхээр Монголбанкны тухай хуулин дээр Засгийн газарт яаж зээл олгох, нөгөө талаас Монголбанкны Өрийн удирдлагын тухай хуулинд Засгийн газар Монголбанкнаас 12.1.2-т заасан зорилгоор төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлж болно. 18.10-т Засгийн газар энэ хуулийн 18.7-д заасныг зөрчиж Монголбанкнаас зээлэхийг хориглоно гэсэн заалт бий. Гэтэл энэ хоёр заалтыг хүчингүй болгуулахаар төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас авсан зээлээ Засгийн газар төлөхгүй гэж шууд ойлгохоор харагдаж байна. Энэ үнэхээр ноцтой. Засгийн газар, Монголбанк хоёр тусдаа УИХ-ын байгууллагууд. Өмнөх Засгийн үед 18.1 гэсэн заалтыг зөрчиж бонд олгосон байна. Бонд гэдэг чинь нэг талаараа Засгийн газрын өрийн бичгийг худалдаж авч байна гэсэн үг. Тухайн жилдээ төлж чадах мөнгөө Монголбанкнаас зээлж болно гэсэн заалтыг зөрчөөд хоёр талдаа тэнцвэр алдагдаад замбараагүй болсон. Мөн 2016, 2017 онд хууль үйлчлэхгүй гэж байна.
-Хуулийн төсөлд оюутнуудтай холбоотой нэлээд хэмнэлт гарч байгаа. Ялангуяа оюутны тэтгэлэгийг зогсоосоныг иргэд таатай хүлээж авахгүй байна?
-Оюутнуудад хуучин Төрийн сангийн тэтгэлэг гэж аятайхан ойлголт байсан. Дэлхийн болон Монголын шилдэг сургуульд хамрагдсан, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэлэг авдаг байсан. Гэтэл Сургалтын төрийн сан гэдэг нэрийг өөрчлөөд Сургалтын зээлийн сан гэдэг нэртэй болж байна. Тэтгэлэг өгнө гэдгээсээ бүр мөсөн татгалзаж байна. Хуулинд бүтэн хараагүй, хэлгүй иргэнд тэтгэлэг өгдөгийг болиулж байна. Өмнө нь эд нар өр, өр гэдэг байсан бол МАН өрөө үргэлжлүүлж, татварыг нэмж байгаа юм байна. Хамгийн утгагүй нь юу гэвэл Виксель гэж нэрлэдэг, хийсэн ажлуудаа комисс нь хүлээж аваад мөнгийг нь буцааж өгнө гэсэн баталгаа бичиг байгаа. Тэр баталгаа бичгээр бол энд 600 гаруй тэрбум төгрөгийг тусгасан байна. Дөнгөж орж ирж байгаа учраас гол ноцтой зүйлүүдийг хэлж байна.
Мөн Монгол Улс Чингис, Самурай бонд гэж зээл авдаг байсан бол өмнөх Засгийн газрын үед компаниудын зээлэнд замбараагүй баталгаа гаргаж өгсөн байна. Баталгааны дагуу өр төлбөрөө төлөх асуудал яригдана. Жишээ нь Худалдаа хөгжлийн банк гэхэд 500 сая ам.доллар, 700 сая юаны бонд гаргасан байгаа. 2017 онд төлөгдөхөд Засгийн газрын баталгаа байгаа. Ингэхээр Засгийн газрын өр төсвөөсөө гурав дахин илүү гарна.
-Хэмнэлт хийж байгаа заалт бүр иргэдийн амьжиргаа руу чиглэсэн гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд байна. Таны хувьд энэ төслийг дэмжихгүй гэсэн байр суурьтай гэсэн үг үү?
-Ний нуугүй хэлэхэд Монгол Улсыг дефольт гэж нэрлэдэг дампууралд орох хэмжээний нөхцөл байдал дээр оруулж ирсэн бодлогын ойлголт нь дундаж давхаргынхныг ядуурал руу хөтөлсөн байна.
Сургуулиудад багшаас бусад бүтцийг сайд тогтоохоор болж байна. Монголд байгаа бүх сургуулийг хэдэн ажилтан, цэвэрлэгчтэй байхыг сайд оролцож батална гэсэн үг. Багш нараас гадна жирийн ажилчид халаа сэлгээнд хамрагдахыг үгүйсгэхгүй.
Мөн 36, 24 сарын тэтгэмжийг 12 болгосон. Өмнөх үед оюутнуудыг дэмжинэ гэдэг байсан бол дэмжиж болно гэсэн байгаа юм. Дэмжиж ч болно, дэмжихгүй ч байж болно гэсэн үг. Хойт эхийн гар шиг ноцтой зүйлүүд орж ирсэн учраас төсвийн тодотголыг миний хувьд МАХН-ын зүгээс дэмжихгүй гэхэд эргэлзэхгүй байна.
МАХН мөрийн хөтөлбөрөө ялангуяа оюутнуудыг өрөнд оруулахыг дэмжихгүй байгаа. Орлогын албан татвар, шүүгчдийн цалин буурч байна. Миний анхны байр суурь ийм байна.
-Оюутны 70 мянга, хүүхдийн мөнгөний асуудал дээр бүр зогсоочихгүй өөр арга байхгүй гэж үү?
-Хүүхдийн асуудал дээр МАН үгүй гээд хариулчихсан. Хүүхэд хамгааллын хуулийг таван жилээр хойшлуулчихсан юм чинь хүүхдийг хайрлахгүй, хамгаалахгүй гэдгээ зарлачихлаа. Оюутнууд үнэндээ 70 мянган төгрөгийг авдаггүй. Сургалтын төлбөр нь 70 мянган төгрөгөөр өсчихсөн байдаг. Энэ мөнгийг өгөхгүй байлаа гэхэд сургуулиудын төлбөрөөс 70 мянган төгрөгийг 10 сараар ч юмуу тооцоод шийдвэрлэж болох асуудал. Гар дээр нь өгөхгүй байж болно. Ялангуяа төрийн сургууль дээр ийм боломж бий. Гэтэл зөв аргачлал хийхийн оронд шууд үгүй гэж хэлж болохгүй. Нэг туйлруу нь шийдэж болохгүй.
Эрүүл мэндийн хуулийг яагаад хойшлуулж байгааг ойлгоогүй. Ядаж үндэслэлтэй байх ёстой. Таван жил бидэнд эрүүл мэнд хэрэггүй юм байна. Салбарын сайд нь байр сууриа илэрхийлж байх ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байна.
-Томоохон албан тушаалтнуудын цалинг хасна гэсэн. Энэ талаар дээр ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн өмчийн компаниудын цалингийн жишгийг хэвлэлээр харсан. Тэр хэмжээний өндөр цалинтай бол хасах нь зөв. Гэхдээ төрийн албан хаагч би гэхэд цалингаа хасуулмааргүй байна. 1.2 сая төгрөгөөс 30 хувийг хасчихаар миний хүүхдүүд юугаар амьдрах юм. Үүний оронд нэг аймагт зургаан соёлын төв барих тодотгол орж ирж болохгүй. Нэг багт сургуулийн заал, соёлын төв гэсэн хөрөнгө оруулалт орж ирж болохгүй. Үүнийг хэмнэх ёстой. 23 тэрбум төгрөгөөр үерийн далан барих тодотгол байж болохгүй. Хүний иддэг зүйл, өмсдөг хувцас руу улайрч болохгүй. Дэд сайдуудаа хасчих хэрэгтэй. Багаар бодоход дөрвөн жилд 60-70 тэрбум төгрөг зарцуулна. Өөрөөр хэлбэл, 100 багшийг ажилгүй болгосноос 13 хүний ямбыг болиулах хэрэгтэй.
Долоон сая төгрөгийн цалин авдаг ШЕЗ 150 хүний орон тоотой байж болохгүй. Гавъяа байгуулсан хүнээ гавъяаны амралтад нь гаргаад залуусаа ажилд авах ёстой. Төсвийн хэмнэлтийг цалин, тэтгэвэр, хүүхдийн хоол хүнсээр хийж байгаа бол буруу.
Эх сурвалж: www.polit.mn