Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр эмнэлгийн зориулалттай, сэхээн амьдруулах хүчилтөрөгч үйлдвэрлэдэг “Альфа мэда” үйлдвэрийн ажил байдалтай танилцлаа. Тус үйлдвэр 2009 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2012 онд техникийн бүрэн шинэчлэл хийж Монгол улсын бүх эмнэлэгт сэхээн амьдруулах хүчилтөрөгчийг нийлүүлэх хүчин чадалтай болсон байна.
“Альфа мэда” үйлдвэр 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд зөвлөгөө, зөвлөмжөө Энэтхэгийн туршлагатай мэргэжилтнүүдээс интернэтээр авдаг байна. Түүнчлэн Монголын чадварлаг багш нараар хичээл заалган сургалт явуулах, сургалтын баазыг цогцоор нь шийдэхээр төлөвлөөд байгаа аж. Тус сургалтыг анх ажиллагсадад заавал, харин ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд 3 сар тутамд нэг удаа явуулж байхаар болжээ. Энэ нь ажлын байр баталгаажих, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтайг тэд ярьж байлаа.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус үйлдвэр сэхээн амьдруулах хүчилтөрөгчийг хэрхэн, яаж гаргаж авдаг дарааллыг зарим эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд график гарган танилцуулж байгааг сайшаасан юм.
Хүчилтөрөгчийг хадгалах сав буюу баллон нь 1980 оноос хойш үйлдвэрлэгдсэн байх шаардлагатай байдаг ч манай улсад 1960 онд үйлдвэрлэсэн баллон эргэлтэнд ороод явж байгаад тус үйлдвэрийн удирдлагууд шүүмжлэлтэй ханддагаа хэллээ.
Ийнхүү тус үйлдвэрийн хамт олон хүчилтөрөгч үйлдвэрлэлтийн салбарт жишиг үйлдвэр болохоор зорин ажиллаж байна.