Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Амарсанаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Шимизү Такенориг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Дэд сайд Ж.Амарсанаа хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаанд сүүлийн жилүүдэд гарсан ололт амжилт, хийгдсэн ажлууд, хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлэл хийж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж шинэ шатанд гаргахад хэрхэн ажиллах талаар харилцан ярилцаж, санал солилцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр Япон улсад 8 жил суралцаж, анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, Японы түүх, соёл ёс заншилыг мэддэгийн хувьд Япон улс үргэлж ойрхон санагддаг бөгөөд байгалийн аливаа гамшиг осол тохиолдсон үед байнга чих тавин сонсч, сэтгэл зүрхээрээ холбоотой байдгаа илэрхийлэхийн зэрэгцээ манай улсыг шилжилтийн хүнд хэцүү цагийг даван туулахад Япон улс тусламжийн гараа сунгаж, туслаж ирсэнд талархаж байдгаа хэллээ.

Цаашид хоёр улсын эрүүл мэндийн салбар дах хамтын амжиллагааг шинэ түвшинд гаргах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх тодорхой саналуудыг дэвшүүлэв. Үүнд: манай уламжлалт анагаах ухааны ололт амжилт, мэдлэг туршлагыг Япон улсад нэвтрүүлэх, Монголд ургадаг Японд байдаггүй эмийн ургамлыг хамтран судлах, хамтарч эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр Монголын талаас санал болгох олон боломжууд байгаа тухай тэмдэглэн хэллээ.

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ялангуяа яаралтай тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Япон улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шимизү эдгээр саналуудыг нэн талархалтайгаар хүлээн авч, эрүүл мэндийн салбар дах идэвхтэй хамтын ажиллагаа нь аймаг, сумдын болон нийслэлийн эмнэлгүүдэд барилгын засвар үйлчилгээ, тохижилт хийх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээнд тулгуурласан уян хатан, жижиг, дунд төсөл хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөр, болон ЖАЙКА-ийн сайн дурын мэргэжилтний хөтөлбөр зэргээр биеллээ олж байгаа гэдэгтэй санал нэг байна гэв.

Уулзалтын төгсгөлд Дэд сайд Ж.Амарсанаа Япон улсаас хэрэгжүүлж байгаа аливаа төсөл, хөтөлбөр тусламж манай ард түмний дунд өндөр нэр хүндтэй байдгаас гадна үр өгөөж сайтай байдгийг онцлон тэмдэглээд, хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.