Ч.ҮЛ-ОЛДОХ
МАХН-ын мөрийн хөтөлбөр шинжлэх ухаандхэр ойр, судалгаа, шинжилгээнд хэрхэнтулгуурласан болон хэрэгжих боломжийнталаар эрдэмтэн судлаачид хэлэлцсэн юм.Энэ үеэр ШУА-ийн Хими, химийн хүрээлэнгийндоктор Ж.Оюунцэцэгтэй ярилцсанаа хүргэв.
-МАХН-аас дэвшүүлсэн 10:30:60=100 буюу“Хөгжлийн” гэсэн тодотголтой мөрийнхөтөлбөрийг эрдэмтэн судлаачид хэлэлцэж,дүгнэлт хийж байна. Хэрэгжих боломжийг ньта юу гэж үзэж байна?
-Хэд хэдэн зүйл дээр зөв бодлого боловсруулжээ. Ирээдүй рүүгээ харсан байна. Хөгжлийн тулгуур асуудлуудыг бодитой тооцоолсон байна. Улсын ирээдүй бол үр хүүхэд, залуучууд маань шүү дээ. Залуучуудаа сурч боловсрохоос эхлээд аливаа ажлын дадлага, чадвартай болох, цаашлаад амьдралд хөлөө олох, нийгэмд байр сууриа олоход нь маш чухал бодлогуудыг оруулжээ гэж харж байгаа. Тухайлбал, “Жаргалын найман хот” нэртэй улсын чанартай найман томоохон хотыг байгуулна. Үүнийг дагаад 600 мянган ажлын байр бий болгоно гэсэн байна. Сүүлийн 15 жил хөдөөгөөс хот руу нүүсэн суурьшил их байгаа. Гурван сая хүнтэй байж 70-80 хувь нь Улаанбаатартаа төвлөрсөн улс байж болохгүй. Энэ бөөгнөрлийг тарааж, хүн амаа жигд суурьшуулъя гэсэн зорилготой улсын чанартай найман хот байгуулах нь зөв юм. Хэрэв үүнийг шийдчихвэл хүмүүс заавал хотод бөөгнөрөөд байх шаардлагагүй болно. Залуучууд сургууль төгслөө гэдэг, 2-3 диплом өвөртөлчихөөд хотод ажилгүй байгаад байдаг. Тэгвэл энэ залуучууд шинээр байгуулагдах хотод ажиллаж, амьдрах боломжтой болох юм. Үүнийг дагаад ард түмний аж амьдрал дээшилнэ.
- Залууст ээлтэй өөр ямар бодлогууд байна?
-Сургалтын төлбөрийг төрөөс шийднэ гэсэн бодлого байна. Үүнийг үнэхээр төрөөс шийдчихвэл залуу хүний ч, ар гэр, аав ээжийнх нь нуруун дээрээс ч маш том ачааг авч хаяж байгаатай адил. Өнөөдөр иргэд арилжааны банкуудад маш их зээлтэй байна. Өндөр хүүтэй зээлийн ихэнх нь хүүхдүүдээ сургуульд сургах гэж авсан байдаг. Малчид хүүхдийнхээ сургалтын төлбөрт хамаг малаа барьцаалаад зээл аваад өгчихсөн байх жишээтэй. Хэрэв оюутны сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь шийдээд өгчихвөл заавал өндөр хүүтэй зээлд баригдаж, өрөнд ороод байх шаардлагагүй. Зээлийг гинжин урвал гэж үзвэл сургалтын төлбөрийг төрөөс зохицуулчихвал өр хийхгүй, малаа банкны барьцаанд тавихгүй, ээж аав нь зовохгүй болох нь байна шүү дээ. Хөгжлийн ирээдүй бол үр хүүхэд, залуучууд. Тэдэндээ боловсролыг нь үнэ төлбөргүй олгочихвол улс хөгжих боломжтой. Тэгэхээр энэ ирээдүйгээ харсан хөгжлийн бодлого. Залуус яаж ийж байгаад сургуулиа төгсдөг, ихэнх нь ажилгүй болчихоод байгаа. Орон байртай болмоор байдаг. Гэтэл ажилгүй учраас зээл лизинд хамрагдаж чадахгүй, иймээс боломжгүй болчихоод байгаа. Шинэ хотууд байгуулагдвал тэнд ажиллах хүчин хэрэгтэй. Тэнд ажиллах хүчээ хуваарилаад ирвэл залуусын амьдрал ч гэсэн дээшилнэ. Ажлын талбарт очиж байгаа залууст социализмын үеийнх шиг байрыг нь үнэгүй олгох, зөвхөн ашиглалтын зардал ус, дулаан, цахилгааны мөнгөө төлөөд орон сууцанд амьдрах нөхцлийг бүрдүүлэх 450 айлыг тэг түрээсийн зарчмаар орон сууцжуулах бодлого бол маш зүйтэй. Энэ мэтээр энгийн юм шиг хэрнээ зөв бодлогуудыг хийсэн байна гэж харж байна.
-Шинэлэг зүйлүүдийн талаар та юу хэлэх вэ?
-Дэд бүтцээ дагаж аливаа хөгжил явагддаг. Авто зам гэхэд л өмнө нь “Мянгуужингийн зам” гэж яригдаж байсан. Бүх аймгийг хоттой холбох нь худал юм шиг санагдаж байлаа. Гэтэл өнөөдөр бодит биеллээ олж хөгжил урагшилж байна. Түүн шиг өнөөдөр “Мянганы төмөр зам” барих тухай ярьж байгаа нь шинэлэг асуудал юм. Манай улс хоёр том гүрний хооронд оршдог. Энэ бол хуурай замын гол цэг. Төмөр замаа хөгжүүлчихвэл агаарын тээврээс ашиг олдог шиг манай улс транзит тээврээр ашиг олох давуу боломж харагдаж байна.
-Эрдэмтэд найман том хотыг байгуулахад эрчим хүчний асуудлыг яаж шийдэхийг тал бүрээс нь ярилаа.Зарим эрдэмтэн судлаач төмөр зам дагуух сууринг нарны энергиэр цахилгаанжуулах тухай хэлж байна.Энэ боломжтой юу?
-Нарийн тооцоо, судалгаа, эдийн засгийн үзүүлэлтүүдийг эдийн засагчид хэлэх байх. Миний хувьд “Хөгжлийн мөрийн хөтөлбөр”-т 3500 мегаваттын хүчин чадал бүхий эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулна гэж тусгаснаас улс хөгжих гурван тулгуурын нэг болсон эрчим хүчний асуудлыг зөв тооцоолж оруулжээ гэж дүгнэж байна. Дээр нь шинэ хотуудад төмөрлөгийн болон химийн үйлдвэр байгуулах ёстой. Хүмүүст аж амьдралыг нь дээшлүүлэх гэж 20 мянган төгрөг өгснөөс дорвитойхон хөрөнгө босгож үйлдвэрүүдээ барьж яагаад болдоггүй юм. Ганцхан жишээ хэлэхэд, манайх шиг нэг ширхэг зүүгээ ч хийдэггүй улс байхгүй. Гадныхан зах зээлээ хаавал манайх зүүгүй болно. Төмөрлөг, металлургийн үйлдвэр байхгүй. Тэгэхээр үүнийг уялдаа холбоотой хийх ёстой. Цаашилбал, бид бензин шатахууныг яагаад заавал гаднаас авч байх ёстой гэж. Хэрэв Хятад юм уу, ОХУ манайд бензин, шатахуун нийлүүлэхээ зогслоо гэхэд манай улс тэр чигээрээ зогсоно шүү дээ.Тэгвэл хэдэн тэрбум төгрөг гаргаж үйлдвэр байгуулаад нүүрснээсээ, газрын тосноосоо яагаад бензин гаргаж болдоггүй юм бэ. Ингэж дотооддоо асуудлаа шийдмээр байна.
-Найман хотод байгуулах үйлдвэрийн бодлогод нанотехнологийг хөгжүүлэх нь зүйтэй гэж эрдэмтэдсаналаа хэлж байсан?
-Шинээр барих найман хотдоо үйлдвэр байгуулна гэж байна. Түүн дотроо дэвшилтэт технологийг хөгжүүлэх нь маш чухал юм. Манай уул уурхайн үйлдвэрүүд гэхэд л маш их хөрөнгө зарцуулдаг. Нэг хүрз шороо аваад хийхэд ямар байдаг билээ. Гэтэл бүхэл бүтэн уулыг ухаж ухаж хэдхэн грамм алт авч байгаа. Тэгж байгалиа устгаж байна. Түүний оронд өчүүхэн багаас ихийг олдог байх, түүнийгээ үнэтэй гаргадаг байх хэрэгтэй. Хөгжил гэдэг тэр. Энэ чиглэлд нанотехнологийг хөгжүүлэх хэрэгтэй байгааг доктор Г.Дэлгэр хэлэлцүүлэг дээр онцолж хэлсэн. Үүнийг ямар ч нам гарсан хөгжүүлэх хэрэгтэй.130 сая хүн амтай Япон улс жижигхэн газарт өндөр хөгжлийг бий болгож болж байна. Тэгэхэд гуравхан сая хүн амтай өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол иргэдээ яагаад ядуу амьдруулах ёстой юм бэ. Яагаад иргэдээ талх таллаж авах хэмжээнд байлгах ёстой юм бэ. Үүнийг төрөөс зөв бодлого явуулбал ард түмнээ зовоохгүйгээр хөгжих боломжтой. Энэ төрд гарсан хүмүүсийн хүчин зүйл, удирдлагын чадвартай л холбоотой. Монголчууд Чингис хаанаас эхлээд нэг хүний, сайн удирдагчийн дор явж ирсэн. Энэ онцлогоо харгалзах ёстой. Өрхийн тэргүүн нь айлыг удирдаж авч явдаг байсан нүүдэлчин аж ахуйн, овог аймгийн уламжлалт тогтолцоо байна. Энэ системийг төрд оруулж зөв бодлого барьж явах ёстой. Олон толгойтой болчихоод толгой бүр нь нэг юм яриад, би ингэдэг, тэр тэгдэг гээд байвал дөрвөн жил дороо дуусна. Зөв гэсэн бодлого, төлөвлөлтөө нэг хүн базаад зүтгэвэл болохгүй юм үгүй. Өнөөдөр хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгөөд ойр зуурын юм болоод л өнгөрнө. Нэгтгэж том болгоод үйлдвэр хөгжүүлье гэвэл бүтэхгүй юм үгүй.
-Хөгжлийн гарцыг та юу гэж төсөөлж байна?
-МАХН эрдэмтэн судлаачдаа сонсч байгаа нь, шинжлэх ухааныг бодлогоор дэмжинэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь зөв зүйтэй юм. Би түрүүнд хэлсэн, болохгүй бүтэхгүй байгаа бүхэн хүний хүчин зүйлээс хамаатай. Удирдлагад байгаа хэдхэн хүнээс хамаарч байна. Хүний амьдрал богино. Суудлын төлөө биш улс орон, ядарч байгаа ард түмнийхээ амьдралыг сайхан болгоё гэж хүн яагаад хүсч болдоггүй юм бэ. Эрдэмтэд харахад жирийн хүн байгаа боловч бүх зүйлийг тал бүрээс нь судалж байдаг. Эрдэмтэд хоёр чиглэлд судалгаа, шинжилгээ хийдэг. Материаллаг талд судалгаа, шинжилгээ түлхүү хийдэг хүмүүсээ түлхүү дэмжмээр санагддаг. Бодлогыг зөв төлөвлөж, хөгжүүлэх материаллаг талд техник, технологийг хөгжүүлдэг хүн, инженерүүд дутагдаж байна. Хаана ч аль ч хөгжилтэй оронд очиход эрдэмтэдээ дэмждэг. Хятад маш олон эрдэмтэдтэй. Тэр хүмүүс судалгаа, шинжилгээгээ хийгээд ирэхэд лабораторийг нь юм уу үйлдвэрийг нь байгуулаад өгчихдөг. Ингэхээр шинжлэх ухаан нь доороосоо биш АНУ, Японд байгаа хөгжлөөс цаашаа явж байна. Гэтэл манайд маш олон залуус гадаадын улс орнуудад магистр, доктор хамгаалаад эх орондоо ирдэг. Ирэнгүүт нь багаж нь байхгүй. Лаборатори нь байхгүй. Тэгэхээр тэр хүн юу хийх юм бэ. Ингээд бүх зүйл зогсчихдог. Шинжлэх ухаандаа дорвитойхон хөрөнгө оруулалт хийж, төсөл шалгаруулах зарчмаар ажиллавал бололцоо бий. Гэвч ийм замаар бус олдсон жаахан төсвөө хуваах замаар яваад байдаг учраас амжилт олдоггүй. Хөгжлийн түлхүүр нь шинжлэх ухаан шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин