Д.МЯГМАР

 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Ц.Баатархүүтэй ярилцлаа.

 

-Таны намтрыг харахад улс төр судлаач мэргэ­жил­тэй, тэр чиглэлээр түлхүү ажиллажээ. Илт­гэх урлаг, лекц уншиж байсан эрхэм нийслэлийн нийгмийн бод­ло

гыг зангидах боллоо. Төрийн ажил хийхэд иргэ­дийн гомдол, зовлон, бэрх­шээлийг илүүтэй мэдэрч байна уу?

-Миний мэргэжил улс төр судлаач, нийгэм суд­лалын багш. Өмнө нь ир­гэ­ний нийгмийг хөгжүү­лэх чиглэлээр төрийн бус байгууллагыг удирдаж олон төрлийн ажил хийж үзсэн. Залуусыг соён гэ­гээрүүлэх, хүнийг хөгжүү­лэх гэж оролдлоо. Тэднийг өөртөө итгэх, бусдад өө­рийгөө илэрхийлэх чад­варыг суулгаж иргэнийхээ хувьд нийгэмд зохих нөлөө үзүүлсэн болов уу. БШУ-ы сайд энэ концепцоор ажлаа эхлүүлсэн байна лээ. Хүүхэд бүрийн авъяас, чадварыг нээхээс энэ салбарын шинэчлэл эхлэсэн. Хотын хөгжлийн төлөө зөвхөн төрийн алба­ныхан ажиллаад сайхан нийгэм­тэй болохгүй. Энэ салбар иргэн бүрийн орол­цоогоор баяжиж, хөгжих учиртай.

-Сонгуулиар МАН багачуулыг бүгдийг нь цэцэрлэгт хамруулна гэж амалсан. Энэ жил цэцэр­лэгийн хүртээмж ямар хомс болсныг айл бүр  мэдэрсэн болов уу? 

-Төр нуруун дээрээ хэт их ачаа үүрчээ. Иргэд бүх юмыг төр хийх ёстой гээд бодчихсон. Харамсалтай нь сонгуулиар намууд бүх зүйлийг хийж өгнө гэж амлаад түүнийгээ биелүү­лэхгүй байна. Тэгэх бо­ломж ч алга. Хот нь ний­тийн зохион байгуулалтын дээд эрэмбэ юм. Хотод шинээр шилжин суурь­шиж байгаа хүний тоо жил ирэх тутам өссөөр л. Үүн­тэй уялдаад боловсролын салбар ч хямардаг. Хүүх­дээ багтаахгүй сургууль, цэцэрлэгийн асуудал улам л лавширсан. Эндээс төр бүх ажлыг дангаараа ший­дэхээс илүүтэй ху­вийн хэвшил, иргэдийн санаачлагад тулгуурлан ажиллах ёстой нь харагд­лаа. Айл бүр хүүхэдтэй. Тиймээс цэцэрлэг, сур­гууль, айл бүрт хүлээлт үүсгэж байгаа биз. Дэл­хийн ихэнх улсад тухайн албан газар, компани дэр­гэдээ цэцэрлэгтэй байдаг аж. Хүүхдээ хөхөөр хоол­лодог ээж цайны цагаараа хүүхдээ хөхүүлээд амар байдаг гэсэн. Үүнийг хэ­рэг­жүүлье гэхээр амьдра­лаас хол юм шиг санадаг. Манай төр аж ахуйн ажил руу хэт хутгалдчихжээ. Бод­логын шинжтэй ажлаа орхигдуулах магадлалтай байна шүү.

-Аж ахуйн ажил гэж та юуг хэлэв?

-Өвөлжилтийн бэлт­гэл, орон сууцны дээв­рийн засвар, сургууль, цэцэрлэгийн засвар, ца­хилгаан хангамж гэх мэ­тээр ажлаа аргацаах болж. Төр өөрийн үүсгэл, са­наачлагаар иргэний нийг­мийн болон бусад бай­гууллага хийж болох эрх зүйн таатай орчныг бүр­дүүлэх хэрэгтэй. Татва­рын бодлогоор энэ бүх асуудлыг голлон зохи­цуул­даг. Даатгалын тогтолцоо бас чухал байна. Харамсалтай нь манайд даатгалын тогтолцоо таа­руу. Эрүүл мэнд, боловс­ролын салбарыг шинэ­чилс­ний дараа дагахгүй бол болохгүй нь гэсэн бо­дол төрсөн. Нэг жилийн дотор өргөс авсан юм шиг бүх хүүхдийг төр цэцэр­лэгт оруулах боломжгүй. Иргэд цэцэрлэг ажил­луулж болно. Хэрэгцээ нь байхад хэн нэг нь тэр ажлыг хийх л хэрэгтэй. Цэцэрлэг ч гэсэн эдийн засгийн хувьд бас ашигтай ажиллах учиртай. Үүний дараа үйлчилгээний чана­рын талаар ярина. Тэрнээс биш бүх юмыг халамжийн талаас харж болохгүй. Үнэ­гүй үйлчилгээ бол зөв хандлага биш.   

-Сургуулийн засвар, хүүхдийн багтаамж гэж ярихаас биш багш нарын нийгмийн асуудлыг март­сан. Багш нарын амьдрал  хүнд. Цалин, хангамж тааруу. Тиймээс энэ сал­бар дэгэн догонтой явж ирэв үү?     

-Зөвхөн багш гэлтгүй төрийн байгууллагад ажил­лагсдын цалин бага гэхээсээ илүү бүтээмжид суурилсан систем хэрэг­тэй. Ажлыг хамгийн сайн хийсэн хүн цаг нөхцөөдөг, ур чадваргүй, жаахан ажил хийдэг нэгэнтэй ижил цалин авч таарахгүй. Бүтээмжид суурилсан ца­лингийн тогтолцоотой болох талаар бид ярилцаж байгаа.

Салбарын яамнаас гар­гасан шийдвэрийг ма­найх хэрэгжүүлдэг. Бид шинээр орон сууцны хо­роолол барих гэж байгаа газарт заавал сургууль, цэцэрлэгийн барилга тө­лөвлөх зэргээр холболтын чанартай ажлыг хийнэ. Би салбар яамдыг нийслэ­лийн ИТХ, Нийслэлийн Засаг даргатай холбож, харилцан мэдээлэл дам­жуулах, ажлыг уялдуулах холбоос болох ёстой юм байна. БШУЯ-ы яамнаас “Багш” гэсэн том хөтөл­бөр гаргасан. Тэдний үнэ­лэмжийг өөрчлөхийн тулд багш бэлтгэх тогтол­цоо­ноос ажлаа эхлэсэн. Хам­гийн доогуур оноо авсан хүүхэд багшийн сургуульд элсэхгүй. Ингэснээр энэ салбарын үнэлэмж буурч байна. Багш нарынхаа үнэлэмжийг өсгөж байж салбартаа өөрчлөлт, ши­нэчлэл хийнэ. Өмнөх Засаг дарга, сайд нар энэ салбарт өөрчлөлт хийх гэж оролдсон. Сайнтай, муу­тай мэдээ дуулдсан. Нэг нь иргэдийн ухамсрыг өөрчлөе гэнэ. Нөгөө нь хүмүүсийг зөв сэтгэлтэй, өөрийнхөө төлөө хариуц­лага хүлээдэг болгоё гэх юм. Хүмүүсийн сэтгэлгээ, ухамсрыг өөрчилж ний­гэм хөгжинө. Эсвэл хөрөнгө оруулж сургууль, цэцэр­лэг, өрхийн эмнэлэг гээд байгууламжид анхаарч хөгжинө гэх мэтээр өөр өөр санаа бодлыг урал­дуулсаар амжилт олоогүй юм байна, өмнөх дарга нар. Тогтолцоо, ухамсрын өөрчлөлтийг хийгээд ма­най салбар хурдан хөг­жинө.       

-Өмнөх Засаг дарга ажилгүйдэлд анхаарч олон өрхийг цалинд хүргэсэн. Хотын шинэ удирдлагууд ТББ-уудаар төрийн зарим ажлыг хийлгэнэ гэх мэтээр ярьж байна. Ажилгүй­чүүдэд анхаарах уу?

-Гурван бодлого са­лангад байх ёсгүй. Эхлээд ажил олгогч Засгийн га­зар, хувийн хэвшил, аж ахуйн нэгж компаниуд руу чиглэсэн дэмжлэг чухал. Дараа нь ажилгүйчүүд рүү ямар бодлого чиглүүлэх вэ гэж тунгаах. Удаах нь  энэ хоёрыг холбодог, мэдээ­лэл дамжуулдаг, зуучил­даг, хөдөлмөрийн бирж рүү хандсан ямар бодлого барих ёстойг тодорхойлох учиртай. Энэ гурван зохи­цуулалтыг хамт хийхгүй­гээр ажил олгогчийг дэм­жээд үр дүнгүй. Ажил­гүйчүүлийн 50 орчим хувь нь хөдөлмөрийн зах зээлд гологдож байна гэсэн су­далгааны дүн гарчээ. Дээр нь хүмүүст ажил хийх сонирхол алга. Энэ хүмүү­сийг  мэргэшүүлэх хэрэг­тэй. Дараа нь тэднийг ажил хийх нөхцөл, бололцоогоор хангахаас гадна, та ажил­лаж байж сайхан амьдарч  өөрийн хүсэл зорилгодоо хүрнэ гэсэн ойлголтыг хүмүүсийн тархинд суул­гах ёстой болов уу. Өмнөх засаг, төрийн ажил энэ мэтээр болохгүй зүйлийг хэрэгжүүлчихсэн байна. Энэ хөдөлмөр эрхлэлтийн бодлогууд ихэнхдээ түр зуурын шинжтэй арга­цаах, шоу маяг нь дийлсэн байсан. Хотын гудамжийг цэвэрлүүлээд өдрийн 12 мянган төгрөг олгох жи­шээтэй. Энэ ажил тас­ралт­гүй байж чадаагүй. Ажилгүйдлийн эсрэг урт хугацааны бодлого болж чадаагүй. Иргэдээр ногоо тариулаад л нөгөөдүүл нь хэсэг ажил хийгээд яваад өгдөг. Харамсалтай нь борлуулалт байдаггүй. Үр тариа хадгалж нөөцөл­дөггүй.  Тасралтгүй ажил­лах байр алга нь эндээс харагдаж байна. Хөдөл­мөрийн яамныхан ямар мэргэжлийн ажилтан хэ­рэг­тэй вэ гэсэн судалгаа гаргах ёстой.  Боловс­ролын яамныхан үүнд тул­гуурлаж  элсэлтийн шал­галтын бодлого боловс­руулж, сургууль төгсөгч­дийн  хэдэн хувийг их, дээд сургууль руу, хэдийг нь мэргэжлийн сургалтын төвд сургахаа шийдэж квот гаргадаг баймаар юм. Эрэлтдээ нийцүүлсэн бод­лого хэрэгтэй. Өмнө нь Хөдөлмөрийн яам байгаа­гүйгээс болоод эрэлтийн судалгаагүй мэргэжилт­нүүд бэлтгэж нийлүүлээд л байв. Жижиг, дунд үйлд­вэрлэлийг хөгжүүлж бай­на гээд зээл, тоног төхөө­рөмж олгосон. Хангалттай үр дүн гарахгүй байсан. Зах зээлийг нь шийдээгүй байж нийлүүлэлтээ бодо­хоор үр дүн гараагүй юм шиг байна. Хөдөлмөр эрх­лэлтийн бодлого аль ч ул­сын Засгийн газрын шүд­ний өвчин болдог. Амар­хан шийдчих эд биш. Улс орон бүр өөр, өөрийн онц­логтой. Манайхан хямд, бүтээмж сайтай ажиллах хүч гэж хятадуудад найр тавьж байна.     

Удахгүй нийслэлийн ойн баяр  болно. Шинэ удирлагууд баяраа хэрхэн тэмдэглэх вэ?

-373 жилийн ой тэмдэглэх ажлын хэсгийн даргаар би ажиллаж байна. Нийслэлийн иргэн бүр хотод хийж байгаа сайн зүйлийг олж харъя. Саар мэдээ, шүүмжлэлийг хангалттай сонслоо. Улаанбаатар хотын иргэн бүр өөртөө “Би хотын иргэний хувьд юу хийж чадах вэ” гэдэг асуулт тавьж, нэг бодол төрөх ёстой. Ганцхан нийслэлийн  Засаг даргаас ямар ажил хийв, юу гэж бодож байна гэж шалгаах биш. Ийм чиглэлийн уралдаан зохион байгуулах санаатай байна. Японд л гэхэд  “Хамгийн сайн аав хэн бэ?” гэдэг тэмцээн болдог. Сайн аав болох гээд эрчүүд уралдаж өгнө. Хамгийн муу иргэн хэн бэ гэпэг ч юм уу. Нөгөөдүүл нь “Би дахиж хотод хог хаяхгүй” гэдэг ч юм уу янз бүрийн л ажлын санаа байна. Шинэ санааг бүртгэх өдрүүдийг ажиллуулах гэж байна. Хотыг  хөгжүүлэх сайхан санаа иргэдэд төрдөг. Тэр бүрийг бүртгэж аваад, иргэнийх нь нэр дээр хаяглах. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд хотыг хөгжүүлэх сайхан санаа илгээдэг. Тэр бүхнийг л бүхий л хэлбэрээр хүлээн авч ажил хэрэг болгоно. Иргэдийн оролцоо гэж үүнийг хэлж байгаа юм. Сайхан санааг хэн нэг нь аваад ашиглачих гээд байдаг. Тиймээс оюуны өмч гэдэг шиг бүртгэж, архивлана. Үнэхээр шинэ, сайхан санаа бол зохиогчийн эрх авч оюуны өмчид бүтргэж болно. Улаанбаатар хотоо хөгжүүлэх үйлсэд иргэдийн тархинд үйлдвэрлэсэн санааг нэмэрлэнэ.