Ө.СОНОР
Шинэ тогтолцоо, шинэлэг журмаар болж өнгөрөх сюрприз ихтэй ээлжит сонгууль ирэх сарын 21-нд болно.

Хэдийгээр хугацаа нь хоолой дээр тулаагүй ч намууд иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд барьж орох төлөвлөгөөгөө бүдүүн бааргаар нь гаргачихсан явна. Ялангуяа УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон МАН “Орон нутагт ямар ч байсан ялна” гэсэн хатуу болзолтойгоор тулаанд бэлдэж байгааг гишүүдийнх нь ярианаас ойлгож болохоор байна. Энэ намын дарга “Луйвардуулчихгүй л бол бид ялна” хэмээсэн яриаг ч хэвлэлд өгчээ. Харин Засагт хамтарсан АН, МАХН, МҮАН дотроо жаахан бужигнаантай, одоохондоо “Би орно, чи гарна “ гэсээр учир начраа тунгаагаагүй яваа бололтой юм.
Нөгөөтэйгүүр Засгийн ажил гээд МАН-ынхан шиг ганцхан сонгуульд хамаг анхаарлаа төвлөрүүлэх завгүй байгаа биз. Намуудын орон нутгийн сонгуулийн өмнөх дүр товчхондоо иймэрхүү байна. Гэхдээ тэд сонгуульд хэрхэн бэлдэж байгаа гэхээс илүү сонгууль явуулах хууль нь юу болчихов гэдэг тухай дорвитой дуугарч, зүрхтэй хэлж байгаа улстөрч цөөн байна.
Шинэ тогтолцоо гэхээсээ орон нутгийн сонгуульд заавал ялах ёстой гэж үзэх нэгэн шалтгаан нь орон нутагт эрх мэдэл, төсвийг нь шилжүүлэхээр болсон явдал гэдгийг хэвлэлүүд онцолж байгаа. Гэтэл намууд ялах нь чухал гэж үзэж буйгаас биш ямар аргаар гэдэгт онцын ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. Үүний энгийн жишээ нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль нь тоо бодож, томьёо хэрэглэхээс наана ойлгохын аргагүй, энгийн иргэд байтугай хуулиа батласан Их хурлын гишүүний IQ хүрэхээргүй баримт, бичиг болсон гэдэг шүүмжлэл юм. Өмнө нь нэг удаа, одоо хоёр дахь удаа “гар хүрэх”-ээр болоод буй дээрх хуулийн хоёр заалтыг харъя. / Энэ заалтуудад сүүлд нэмэлт, өөрчлөлт оруулсан/. Хуулийн 4.11.1-д “энэ хуульд өөрөөр заагаагүй бол хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдох төлөөлөгчдийн тоог Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.3-т заасан сумын Хурлын төлөөлөгчдийн тоог гуравт хувааж тогтоох бөгөөд хэрэв ийнхүү хуваахад бутархай тоо гарвал ердийн ойролцоо бүхэл тоогоор тогтоох, 4.11.2- т “баг бүрд ногдох олон мандаттай олонх(мажоритар)-ын хэлбэрээр сонгогдох мандатын тоог энэ хуулийн 4.11.1-д зааснаас бусад төлөөлөгчдийн тоог тухайн сумын багийн нийт тоонд хуваан бүхэл хэсгээр нь тогтоох бөгөөд ийнхүү хуваахад үлдэгдэл үлдвэл түүнийг хамгийн олон хүн амтай багаас эхлүүлэн дараалуулан тэдгээрт нэг нэгээр нэмж хуваарилах замаар дуустал тогтоох. Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал баг бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт багийн тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно” гэх мэтээр заасан юм. Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай адил холимог тогтолцоогоор буюу 30 хувь пропорциональ, 70 хувь мажоритараар зохион байгуулахаар хуульчилсан. Намуудад өгсөн саналаар нийт төлөөлөгчдийн гучин хувийг сонгох, үлдсэн нь нэр дэвшиж өөрийн нэрээр сонгогдох УИХ-ынхтай адил, бидний нэг удаа хэрэглэж үзсэн хувилбар л даа. Гэтэл үүн дотроо бутархайг ойролцоогоор нь бүхэлдэнэ гэх мэт заалтууд яг яана гэсэн үг болохыг энгийн сонгогч байтугай эгэл судлаач ч ойлгохгүй будилж суугаагаа хэлсээр байна.
Уг нь манай байшингийн хажуугаар өнгөрөх замыг хэрхэн засах вэ, амьдрах орчин нөхцлийг маань яаж сайжруулах вэ гэх мэтээр иргэн хүнд шууд хамааралтай төлөөлөгчдийг сонгодгоороо Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль УИХ-ынхаас ч илүү чухал юм. Парламентын сонгууль бол ерөнхий, хууль тогтоох төвшний төлөөллийнх шүү дээ. Гэтэл иргэд өөрт хамгийн ойр ажиллах хүнээ сонгохын тулд ойлгомжгүй хууль, түүнийг дагасан ээдрээтэй зохион байгуулалттай учрах нөхцөл бүрдсэнийг онцлох хүн олон байна. Бидэнд 9,2 тэрбум хэрэгтэй байна гээд 5,2 тэрбумаар төсвөө батлуулсан Сонгуулийн ерөнхий хорооныхон ч мөнгөө хэрхэн хуваах вэ гэхээс иргэдэд сонгуулийг хэрхэн ойлгомжтой явуулахав гэдэгт ганц үг ганхийхгүй юм. Бодвол заншлынхаа дагуу цагийг нь тулгаж байгаад телевизээр хэдэн шторк цацуулах л байх. Олон жил төрийн толгой дээр суусан МАН дэмий гэдийж байгаад бүлэггүй хоцорсон. Тэднийг бүлэггүй байх хойгуур Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг батласан гэж өнөөг хүртэл гомдол нэхэж байгаа тус намынхан энэ хуулийн талаах шүүмжлэлийг илүүтэй өрнүүлж байгаа юм. Орон нутаг, цөөн хүн амтай сум сууринд улстөржилт хамгийн бага байх ёстой, тиймээс мажоритарын дагуу шууд сонгох тогтолцоог хэрэгжүүлэх гэх мэт тэдний хууль батлагдахаас өмнөх саналуудаас авах юм байсан юм. Харин одоо бол нэгэнт өнгөрсөн учраас АН-ынхан өөрсдөдөө ашигтай бүх зүйлийг хийж, орон нутгийн сонгуулийн хуулийг батлалаа гэхээс өөр тайлбаргүй сууж байна. Хамгийн сүүлд гэхэд хэвлэлүүд хэд хэд шүүмжилсний дараа л парламентын бүсгүйчүүд эмэгтэйчүүдийнхээ квотыг мартсанаа гэнэт санаж “Хуулиа өөрчилье” гээд УИХ-ын дарга руу төсөл бариад гүйж явах жишээтэй. Хууль батласан хүмүүс нь өөрсдөө ийм орон гаран байхад орон нутгийн сонгуулиар нэг сайн “бантан” хутгах нь ойлгомжтой болсон бололтой. Намууд “бантан”-г хэрхэн хутгах төлөвлөгөөгөө зохиож, СЕХ түүнийг нь яажшуухан найруулахаа бодож сууна. Товлогдсон учраас ирэх сарын 21-нд ээлжит сонгууль болох нь ч болох л байх.