Д.БОЛД

Хөдөлмөрийн яамныхан өнгөрсөн онд мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр эхлүүлж 5000 гаруй хүнийг ажилтай болгожээ. Энэ хөтөлбөр одоо ч үргэлжилж байна. Энэ тухай тус яамны төрийн нарийн бичгийн дар­га П.Гантулгатай ярилцлаа.

 

-Хөдөлмөрийн яам 2013 онд “Үндэсний мэргэ­жил­тэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг маш ам­жилт­тай хэрэгжүүлсэн. Хөтөл­бөрийн хүрээнд өнгөр­сөн онд хичнээн хүнийг бэлтгэж, ажлын байраар хангав?

-Бид өнгөрсөн онд Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлыг шинэ арга барилаар зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн зах зээлийн бодит эрэлт, ажил олгогчийн бодит захиалга дээр тулгуурлан ажилгүй иргэдийг бүртгэн, улмаар сурган шууд ажлын байртай болгосон.

2013 онд улсын хэмжээнд нийт 6417 хүн суралцан төгссөнөөс 5087 хүн буюу 79 хувь нь ажлын байртай болж, одоо ажил хөдөлмөрөө эрхлээд явж байна.

-Ажил олгогчийн захиалга дээр үндэслэн явуулж байгаад энэ хөтөлбөрийн онцлог оршиж байгаа гэлээ. Энэ талаар тодруулаач?

-Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засагт ахиц дэвшил гарч, эдийн засгийн өсөлттэй байгааг та бид бүхэн сайн мэдэж байгаа.Энэ өсөлттэй уялдан бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж байна. Энэ бүтээн байгуулалтанд оролцогч аж ахуйн нэгж, ажил олгогч нарт хамгийн хэрэгцээтэй зүйл бол мэргэжилтэй, ур чадвартай ажиллах хүчний асуудал юм. Тэгвэл энэ ажиллах хүчнийг Монгол Улсын Шинэчлэлийн засгийн газар Хөдөлмөрийн яам ажил олгогч, баялаг бүтээгч нарт бэлтгэн өгч байгаа хэрэг. Өмнө нь бид эрэлтгүй мэргэжлээр олон тооны мэргэжилтэн бэлтгэж, ажлын байраар хангаж чадахгүйд хүрч байлаа. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, өнгөрсөн оноос эхлэн мэргэжилтэй ажилтан бэлтгэхдээ ажил олгогчийн захиалгыг авсаны үндсэн дээр бэлтгэхээр болсон нь дэвшилттэй зүйл болсон. Ажил олгогчидтой хамтран мэргэжилтэй ажилтан бэлтгэх, суралцах хугацаандаа тухайн аж ахуй нэгж дээр дадлага хийх гэх мэтээр ажил олгогчийн оролцоог бий болгосон гэж хэлж болно.

-Энэ онд тус хөтөлбөр үргэлжилж, эхний ээлжийн бүртгэл явагдаж байгаа юм байна. Энэ онд хэчнээн мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилт тавиад байна вэ?

-Өмнөх жилүүдэд 3300 ажилтныг зөвхөн сургаад орхидог байсан бол 2013 онд бид энэ тоог 6600-д хүргэн ажлын байранд шууд зуучлах зорилтыг тавин ажилласан үүндээ ч хүрсэн. Энэ онд бид бүхэн ажил олгогчийн бодит захиалга дээр үндэслэн 7000 мэргэжилтэй ажилтныг бэлтгэн ажлын байртай болгох зорилтыг тавин ажиллаж байна. Үүнээс гадна бид сургалтын модулийг өөрчилсөн.Өөрөөр хэлбэл,дадлагын хугацааг уртасган, онолын буюу танхимын сургалтын хугацааг багасгаж өгсөн байгаа.

-Хөтөлбөрт иргэд хэрхэн хамрагдах вэ. Хөтөлбөрт хамрагдсаны давуу тал?

-Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэн, ажил олгогч нар орон нутагт харьяа аймгийн Хөдөлмөрийн хэлтэст болон Улаанбаатар хотод Хөдөлмөрийн төв бирж дээр бүртгүүлэн хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хөтөлбөрт хамтрагдсанаар нэгдүгээрт, Ажил олгогч хүссэн ажилтнаа бэлтгүүлж авах, нөгөө талаас ажил хайгч иргэн мэргэжил чадвар эзэмшин улмаар ажлын байранд зуучлагдахболомжтой юм. Хоёрдугаарт, суралцагч сар тутам 190 мянган төгрөгийн тэтгэлэг (үүнд: унаа, хоолны 50000 төгрөг орсон байгаа) авах, мөн ажил олгогч болон сургалтын байгууллага сар бүр суралцагчын тоогоор саtрын 65000 төгрөгийн урамшуулал авах зэрэг давуу талтай юм. Үүнээс гадна бид хувьсах зардлуудыг мөн тооцон дэмжлэг үзүүлж байгаа.

-Ийм олон мэргэжилтэй ажилтныг тэтгэлэгтэй бэлтгэхэд санхүүжилт яригдах ёстой, санхүүжилтын тухайд?

-Өмнөх жилүүдэд “Монгол улсын засгийн газар-Оюу толгой төсөл” хооронд байгуулагдсан гэрээний хүрээнд санхүүжилт нь шийдэгдэж байсан бол энэ жил Монгол улсын Шинэчлэлийн засгийн газраас хөтөлбөрийн санхүүжилтийг бүрэн шийдэж байгаа. 

-Одоогийн байдлаар хэчнээн иргэн бүртгүүлж, хэчнээн байгууллага ажлын байрны захиалга өгөөд байна вэ?

-Бүртгэл нэгдүгээр сарын 17 хүртэл явагдана. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 585 ажил олгогчоос 5288 ажлын байрны захиалга, мөн түүнчлэн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 5398 иргэн бүртгүүлээд байна. Бүртгэгдсэн ажлын байранд хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг ярилцлаганд оруулан, гэрээ байгуулах ажлыг эхлүүлсэн байгаа.

-Мэдээж өнгөрсөн онд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд алдаа, оноотой зүйлс олон байсан байх. Тухайлбал, ажил олгогчийн сонгосон иргэн суралцах явцдаа хичээлээ орхисон, ажил олгогч ажлын байраар хангаагүй гэх мэт?

-Би ярилцлагын эхэндээ дурдаж байсан. Өнгөрсөн онд хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 79 хувь нь ажлын байраар хангагдсан. Мэдээж шинэлэг зүйлийг эхлүүлэн хэрэгжүүлэхэд сайшаалтай дутагдалтай олон зүйл гардаг. Өнгөрсөн онд хөтөлбөрт хамрагдсан хэдий ч ажил эрхлэлтийн боломжоо алдсан тэдгээр хүмүүсд бид судалгаа явуулан яагаад ажил эрхлэлтийн боломжоо алдсаныг нь судалсан. Ихэнх нь ажил олгогч нөөцөнд аваад холбоо бариагүй, мөн ажил хайгчийн идэвхигүй байдлаас үүссэн шалтгаанууд давамгайлсан байсан. Энэ жил бид эдгээр дутагдлыг багасгах зорилгоор дөрвөн талт гэрээнд нэлээд нэмэлт өөрчлөлтийг оруулж өгч байгаа.

-Мөн үүний эсрэг ажил олгогч, суралцагчдаас авууштай олон зүйл байсан байх. Миний сонссоноор зарим байгууллагууд суралцах хугацаанд нь дадлагажигчдаа тохирсон цалин өгч байсан гэсэн?

-Шинэчилсэн сургал­тын модулийн дагуу хөтөлбөрд хамрагдсан иргэд эхний хоёр сар танхимын сургалтанд үлдсэн гурван сарыг ажил олгогч дээрээ дадлага хийх байдлаар мэргэжил ур чадвар эзэмшдэг. Тухайн дадлагын хугацаанд ажил олгогч нар сайн суралцагч нарт нэмэлт урамшуулал цалин өгч байсан энэ байдлыг Хөдөлмөрийн яамнаас хориглоогүй. Харин ч энэ нь ажил олгогч суралцагч хоорондын ирээдүйн хамтын ажиллагааг баталгаажуулж, тухайн байгууллагаас гарах бүтээмжийг нэмэгдүүлэх, итгэлцэл бий болгох давуу талтай гэж харж байгаа.  

-Өнгөрсөн онд төв талбай дээр зохион байгуулсан “Монгол ур чадвар 2013”-аас МСҮТ-д суралцагчдын ур чадварыг төрийн түшээд ч тэр, ард иргэд ч тэр бэлхэнээ харсан гэхэд болно. Энэ талаар?

-Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн төлөв байдлаас харахад дунд төвшний мэргэжилтэй ур чадвартай ажилтны хэрэгцээ хамгийн их байдаг. Гэтэл тэдгээр ур чадвартай хүмүүсийн үнэлэмжийн асуудал нийгэмд тийм ч сайн байж чаддаггүй. Иймээс тэдгээр мэргэжилтнүүдийг бэлтгэдэг мэргэжлийн боловсрол сургалтын програм болон стандартыг дээшлүүлэх Монгол ур чадварыг олон нийтэд таниулах зорилгоор тус уралдааныг жил болгон зохион байгууллахаар ажиллаж байгаа. Та харсан бол хөтөлбөрийн маань суралцагч охин эксковаторын шанаганаас сүү аягалж, шүдэнзний модыг хайрцганд нь түлхэж оруулж байсныг. Энэ бол бидний мэддэг ТМС-ийнхний имижийг өөрчилж чадсан арга хэмжээ байсан. Тэр ч утгаараа энэ арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, ард иргэдийг их, дээд сургууль гэж туйлшралгүйгээр харин ч богино хугацаанд мэргэжил эзэмшиж, эх орондоо баялаг бүтээгч болох боломж хүн бүхэнд бий гэдгийг ойлгуулах ач холбогдолтой гэж харж байгаа.Энэ жилийн ур чадварын уралдааныг бид дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж, ажилдаа ороод байна.

-Одоо явагдаж байгаа бүртгэлээс харахад ямар төрлийн мэргэжилтэй ажил­тан эрэлттэй байна вэ?

-Улаанбаатар хотын тухайд Бетон арматурч, Барилгын туслах ажилтан, Барилгын засал чимэглэл, Гагнуурчин, Жуулчны баазын үйлчилэгч, Борлуулалтын ажилтан зэрэг мэргэжил хамгийн захиалага ихтэй мэргэжлээр бүртгэгдсэн байгаа. Хөдөө орон нутагт тухайн аймгийн үйлдвэрлэл, нийгэм эдийн засгийн онцлогоос хамаараад харилцан адилгүй байгаа. 

-Сүүлийн үед мэргэж­лийн байгууллагуудаас гаргасан судалгаагаар ямар салбарын ажилтнууд илүү хэрэгцээтэй байгаа вэ?

-Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн судалгааны институт ньтөгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, ажилд зуучлагдсан иргэний ажлын байрны тогтвортой байдлын судалгаа, дунд ба урт хугацааны хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн судалгаа гэх мэт нилээдгүй судалгааг явуулж байгаа. Түүнчлэн 2009 оноос хойш жил болгон Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгааг явуулж ирсэн. Тус судалгаагаар ирэх зургаан сард барилга, ХАА, боловсруулах үйлдвэрийн салбаруудын ажил мэргэжил хамгийн эрэлттэй байхаар харагдаж байгаа.

-Эрэлттэй мэргэжлийн энэ мэт судалгааг их дээд сургуульд элсэн орогчдод ч гэсэн түгээх нь зүйтэй болов уу. Монголоор дүүрэн дипломтой ажилгүйчүүд байна гэсэн шүүмжлэл их байдаг?

-Тэгэлгүй яахав, Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа аль ч төвшний мэргэжил ур чадварыг эзэмших нь тухайн суралцагч төгсөөд хөдөлмөр эрхлэх боломж хамгийн өндөр байх магадлалтай юм. Иймээс бид Хөдөлмөрийн зах зээлийн бодит эрэлт дээр тулгуурласан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэргийн албан хаагч, ажил хайж буй иргэдэд түлхүү хүргэж байгаа. Ер нь манай улсын боловсролын тогтолцоо тоо бус чанарлуу чиглэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ажил мэргэжлийн тоо бус ажил мэргэжлийн заавал эзэмших мэдлэг, ажил мэргэжлийн заавал эзэмших ур чадвар, тухайн мэргэжлийн стан­дартыг хангасан ажиллах хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Ингэснээр ажил эрхлэлтийн боломжоо алдах байдал багасна. Ийм тогтолцоо буюу чадамжинд суурилсан тогтолцоог бид мэргэжлийн боловсролын салбартаа нэвтрүүлж эхлээд байна.