Б.ГАРЬД
Сонгуулиас хойш их зүйл өөрчлөгдлөө. Үндсэндээ төрийн эргэлт гарав. Үүнийг дагасан албан тушаалын томилгоо, халаа сэлгээ одоо ч үргэлжилж байна.

Товчилбол, удтал төр барьсан МАН бууж, оронд нь 20 жил дагуул тоглолтоор улс төр хийж ирсэн АН буюу ардчиллынхан гарч ирэв. Ард түмний сонголт энэ. Хоёр намын аль альд нь 2012 оны сонгууль “түүхэн” хэмээн дүгнэгдэнэ.
Ардчиллынхан МАХН-тай хамтран Ардын намын бий болгосон элдэв хана хэрэм, дадал хэвшлүүдийг эвдэж, өөрсдийн хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр завгүй ажиллаж буй.
Харин МАН долдугаар сарын эхээр нийтэд ил болсон сонгуулийн дүнтэй өнөө ч эвлэрч чадахгүй л суух ажээ. Сонгуулийн дүнгийн шокноос гарч амжаагүй байтал дахин дахин нокаутад хийсэн үйл явдлууд ар араасаа цуврав.
УИХ-д бүлэгтэй болох байсан тэр агшинд намынхаа хурлыг хийж байгаад алдсан. Бидэнгүйгээр тэд юу ч хийж чадахгүй гэж гэдийсэн. Араас нь одоог хүртэл нэхэл дагал болсон ч АН-ынхан өмнөөс нь өөрсдийнх нь батласан хууль яриад амыг нь таглах.
Тэд хэдэн удаа чуулганы хуралдааныг л хаяж гарав. Ингэлээ гээд байдал сайжирсангүй.
Ингэж ядаж байтал гишүүд нь байсгээд л хэдэн зуугаараа МАХН руу гишүүнчлэлээ сэргээн элсэх болов. Энэ бараг энгийн үзэгдэл болж хувираад байгаа.
Өнөөдрийг хүртэл намынх нь гишүүд ч, жирийн олон ч МАН-ыг маш том нам гэж ойлгодог байж. Гэтэл үгүй ажээ. Ганцхан удаагийн ялагдлын дараа үнэн царайгаа ийнхүү харуулж эхэллээ.
Бүлгээ байгуулж чадаагүйгээ одоогийн эрх баригчдын буруу гэж үзэн, гомдож туньж, бүр дарамтлах гэж оролдов. Эцэстээ энэ намыг чуулганы танхимын цөөнхийн суудалд суулгасан У.Хүрэлсүх АН-ын Г.Баярсайханыг УИХ-ын чуулганы үеэр цохиж унаган, шоу үзүүлэв. Шоу ч гэж ялагдалдаа бачимдсан, нэг үгээр хэлбэл тэсрэлт болсон хэрэг. Тусгаар тогтнолын ордондоо журмын нөхдөө шанаадан, цохиж унаган, юу хүссэнээ гүйцэлдүүлсэн шиг төр барьж байсны л үргэлжлэл. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг.
Харин хэдэн зуугаараа энэ намыг орхигсдын араас У.Хүрэлсүхийн залгамж Г.Занданшатар төрөл бүрийн арга хэмжээ авч буй. Тэрээр учраа мэдэхгүй хэдэн хүүхэд суулган, “МАХН-аас МАН руу...” гэдэг нэртэй хэвлэлийн бага хурал зохион байгуулав. “За” даргын төлөвлөснөөр бол олон нийт тэр хурлыг нь телевизээр үзчихээд “Пөөх, МАХН-ын бүх гишүүн Ардын нам руу урвачихлаа” гэх ёстой байж. Даанч бүтэлгүйтэв.
Эцэст нь Улаанбаатар орчмын их дээд сургуулийн оюутнуудыг өдрийн 15 мянган төгрөгөөр хөлслөн хотын төвийн гудамжаар жагсаал хийлгэж үзэв. Бас л сайн дүн өгсөнгүй.
МАН сүүлийн хэдэн сард ингэж л ажиллаж байна. Энэ нам яг үнэндээ бол маш жижигхэн юм. С.Батболд, У.Хүрэлсүх нарын “босгосон” Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга нар нь дээрх мэтийг л сэтгэсэн шиг өдөр хоногийг өнгөрөөж буй.
Уг нь тэд УИХ-д 25 гишүүнтэй. Энэ бага тоо биш. Бүлэгтэй, бүлэггүй цөөнхийн байр суурийг хадгалаад, улс орны төлөө том дуугарч болох тоо.
Гэвч тэгсэнгүй. У.Хүрэлсүх нарын дохио зангаагаар сууж босч, орж гарсан шиг анхдугаар чуулганыг хаалгаж, намрын чуулганыг эхлүүллээ.
МАН-ынхан МАХН-ыг ганц хүний, эсвэл хэдэн урваачдын нам гэж нийгэмд ойлгуулахыг зорьж байв. Эрх барьж байхдаа тээр дээрээс хуруугаараа чичлэн зандарч байлаа. Хууль хүчний байгууллагаар далайлгалцаж, баривчлалцаж явсан нь саяхан.
Гэвч тэд өчүүхэн хэмээж байсан МАХН нь хэр зэрэг том нам болохыг сонгуулиар, түүний дараах хэдэн сард хангалттай ойлгожээ.
Яг одоо МАН нокауттай байна. МАН-ын генсек Г.Занданшатар МАХН-ыг сонгосон хэдэн зуун гишүүнийхээ тухайд “Гишүүд ирж л байдаг, явж л байдаг. Манай нам бол нээлттэй нам” хэмээн мэдэгдээд сууж байна. Чухамдаа энэ намын ямар ч удирдлагаас ийм үг зүгээр нэг унахгүй. Аргагүйдсэн Ардын намын генсекийн үг.
Ийн өчүүхэн болтлоо дордсон Ардын нам цаашид хэрхэх вэ гэдэг олны анхаарлыг татаж байгаа юм. Намын дарга, генсек, Удирдах зөвлөлийн гишүүдээс үүнээс өөрөөр ажиллах арга барил, шинэчлэл олж харна гэвэл худал. Нэрэн дээрээ Ө.Энхтүвшин, Г.Занданшатар гэцгээж байгаа ч У.Хүрэлсүх л энэ намыг урьдын адил базсан хэвээр байгаа тухай ил далд яриа их бий.
Уг нь МАН-ыг боловсон хүчний хувьд хангалттай нөөцтэй гэгддэг байв. Гэсэн ч арай туршлагатай, тулхтай, боловсролтой боловсон хүчнүүдээ С.Батболд, У.Хүрэлсүх нарын үед “тэтгэвэр”-т нь суулгачихсан гэх юм билээ. Тэдний оронд мөнгөтэй, эсвэл лекц уншдаг хүүхэд залуус энэ намын жолоог атгалцаж эхэлсээр багагүй хугацаа өнгөрч буй. Тиймээс Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарыг солих гэвэл боловсон хүчний бодлого нь энэ хүүхдүүд рүү чиглэх болж байгаа аж.
Яг одоо улс төрд эзгүй байгаа Н.Багабанди, С.Баяр нартаа МАН “хадаг барих” магадлал тун өндөр байгаа тухай бас л ярьж байна. Өнгөрсөн жилээс хойш эмчлүүлээд, сураг чимээгээр холын Америкт суурьшсан С.Баярыг эргэж ирсэн тухай мэдээлэл бий. Намаа бодсон уу, Оюутолгойн гэрээний асуудлаас болоод ирэв үү гэдэг нь тодорхойгүй байгаа гэнэ лээ.
МАН-ын өнөөгийн удирдлагуудын өмнө орон нутгийн сонгууль гэдэг том шалгуур бий. Сар гаруйхны дараа болох энэ сонгуульд МАН ялна гэдэг юу л бол. Олон хүчин зүйл бий.
Сонгуулиас хойш явуулж буй жижигхэн бодлого, үйл ажиллагаа нь МАН-ын төв аппаратыг лав нам дарна. Одоо орон нутгийн засаг барьж буй хүмүүстээ найдаж болох ч ихэнх нь олон жилийн турш аймаг, сум, баг удирдахдаа газар нутаг, алт жонш, байшин барилга сэлтийг өөрөө, эсвэл хуйвалдах замаар өөрийнхөө хүнд өгчихсөн гэх нэр хочтой. Тэдний дийлэнх нь юун сонгууль манатай АТГ руу ачигдалгүй өнгөрвөл барав гэцгээж суугаа нь нууц биш.
Орон нутгийн сонгуулийн өнгө МАН-ын хувьд иймэрхүү харагдаж байгааг олон судлаач, улстөрчид хэлж байгаа. Дээрээс нь засгийн эрхийг барьж буй АН болон МАХН-ын эвслийн нэр хүнд сонгуулиас хойш ч өссөөр байгаа гэх.
Бодит байдал энэ. Харин МАН-ынхан оюутнуудыг төлбөртэй жагсаан, болох бүтэхгүй хэвлэлийн бага хурал зарлуулж улс төр хийсээр. Ерөөс МАН ийм л нам ажээ.