М.ЦЭЦЭГ

Улс төр халуун байв. Эрх баригчдыг эсэргүүцсэн сөрөг хүчин чимээгүй суусангүй. Засгийн газрын танхимаас хоёр сайдыг нь буулгахын тулд МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны гадна эсэргүүцлээ илэрхийлж жагслаа. Тэд үнийн хөөрөгдөл, эдийн засгийн уналт, ард түмний амьдрал доройтсоныг баримтжуулсан уриа, лоозон барьжээ. Төрийн ордны баруун, зүүн хаалган дээр зогссон жагсагчид цагаан хоолойгоор хашгирч эрхэм гишүүдэд дохио өгч байлаа.

Харин Төрийн ордны дотор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байв. Хуралдаанаар хоёр сайдыг огцруулах эсэхийг хэлэлцсэн юм.  Эдийн засгийн доройтолд хүргэсэн гол буруутан нь Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэмээн УИХ-дахь МАН-ын бүлэг үзэж, хоёр сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан юм. УИХ-ын чуулганы хуралдааны танхимд МАН-ын бүлгийнхэн мөн л уриа, лоозон бүхий бичиг ширээн дээрээ тавьжээ. Тэд сөрөг хүчний үүргээ тун ч содон илрэхийлсэн нь энэ. Өмнө нь ч буйдантай суулт зарлаж цөөнхийн дүрийг чадварлаг бүтээж байв. 20 жил эрх барьсан ууган намынхан эсэргүүцэл, тэмцэлд гаршсан бололтой.

Чуулганы хуралдаанд  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг товчлон хүргэж байна. 

“Улс орны эдийн засаг хүндэрч байгаа дохиоллыг цөөнхийн бүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн удаа дараа эрх баригчдад сануулж, зөвлөсөн ч бидний үгийг сонсоогүй. Улс орны эдийн засаг өвчин нь хүндэрч буй өвчтөн шиг болоод байна. Монгол Улсын эдийн засаг бүх талаар дордсон талаарх бид бүхний байр суурийг төрийн тэргүүнээсээ эхлээд олонхийн бүлгийн зарим гишүүд ч хүлээн зөвшөөрч эхэлсэн. Бас Дэлхийн банк, Олон улсын банк санхүүгийн байгууллагууд сэрэмжлүүлсэн. Энэ бүхнийг тоо баримт, тодорхой жишээгээр нотолъё. 

Уул уурхайн томоохон бүтээн байгуулалтууд зогслоо. Хөрөнгө оруулагчид Монголыг орхиж явлаа. Олон арван компани үүд хаалгаа барьж, ажилтнуудаа цомхотголоо. Улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасалдлаа. 

Эдийн засаг, бизнесийн халгаатай, тогтворгүй орчноос болж хувийн хэвшлүүд дампуурлаа зарлаж эхэллээ. 2012 онд 86, 2013 онд 301 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож татан буугдлаа.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2013 оны арваннэгдүгээр сарын эцэст 572,5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 274 тэрбум төгрөг буюу хоёр дахин өслөө. Валютын нөөц 21.8 хувиар буурлаа.

Олон улсын төвшинд Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, өрсөлдөх чадварын индекс 14 байраар ухарлаа. Бизнесийн орчноор бас л хойшиллоо. Даяаршсан өрсөлдөөнд бид даруулж хоцорч байна. 

Монгол Улсын өрийн хэмжээ 8.4 их наяд төгрөгт хүрлээ. Төсвөөс гадуур зарцуулсан бонд, Хөгжлийн банкны зээл зэрэг нь ДНБ-ий 63.5 хувьтай тэнцэж үндэсний эдийн засгийн аюулгүй байдал алдагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тооцоолж байгаагаар бол “өнгөрсөн жил монгол хүн бүр 863 мянган төгрөгийн өр төллөө”.

Шинэчлэлийн Засгийн газар үнэ тогтворжуулах нэрээр гурван их наяд төгрөгийг 00-ийн цаас шиг хэвлэж тараалаа. Үр дүнд бараа бүтээгдэхүүний үнэ 23-30 хувиар өсч, иргэдийн худалдан авах чадвар эрс буурлаа. Монгол төгрөгийн ханш унаж, валютын ханш 29-35 хувиар өслөө. Тиймээс олон улсын “Блүүмберг” агентлагаас энэ онд ханш нь хамгийн их унасан мөнгөн дэвсгэртээр Монгол Улсын төгрөгийг нэрлэж дэлхий дахинд зарлалаа. Монголынхоо мөнгөн дэвсгэртийг ингэж анх удаагаа сульдан доройтохыг Та бид бүгдээрээ харлаа.

2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан бол энэ онд 11 хувь болж буурлаа. 2011 онд нэг хүнд ногдох ДНБ 3459 ам.доллар байсан. 2012 онд 3342 ам.доллар, 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2800 орчим ам.доллар болж буурлаа.

Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засаг уруудсан доройтсон, дампуурсан, буурсан, хойшилсон, ухарсан гэдэг хэдхэн үгээр илэрхийлэгдэх боллоо. Гэхдээ өссөн, нэмэгдсэн зүйл бас байна. Тухайлбал, өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд гурилын үнэ 20 хувиар, “Атар” талх 27 хувиар, цагаан будаа 30 хувиар, сүү 27 хувиар, тараг 25 хувиар, өндөг 70 хувиар, орон сууцны нэг метр кв-ийн үнэ 100 хувиар өслөө.

Эдгээр тоо баримт бол эрх баригчдын ард түмэндээ барьж байгаа энэ оны “бэлэг” юм. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч зарим хүмүүс улс орны хөгжил гэхээсээ илүү өөрийн гэр бүлийнхээ, бизнесийн бүлгийнхээ төлөө сайд болсон мэт авирлаж байгааг шүүмжилж сануулсан. Тэд өөрсдийнхөө баяжиж байгааг ард түмэн баяжиж байгаа мэтээр эндүүрэх боллоо. Тийм ч учраас Засгийн газрын гишүүдийн “амьдрал сайхан” байгаа тухай үлгэрийг ард түмэн өдөр бүр сонсох боллоо.

Бид бүгдийн ишилж ярих дуртай Нобелийн шагналт, нэр эдийн засагч Мильтон Фридман нэгэнтээ “Хоосон гоёмсог ярих түвшинд бид амжилтад хүрч чадсан хэдий ч бодит хэрэгжилтийн түвшинд ялагдаж байна” гэж хэлсэн удаатай. Энэ үг бол шинэчлэлийн Засгийн газрын гишүүд Та бүхэнд зориулсан мэт үг. Үнэхээр та бүхэн гоёмсог ярих түвшиндээ амжилтад хүрч байна. Ард түмнийг хуурч байна. Харин бодит хэрэгжилтийн түвшинд ялагдаж байна. Ингэж ард түмнийг хуурч, амьдрал сайхан байгаа тухай үлгэр ярьж суугаа сайд нартай хариуцлага тооцох хуулийн үндэслэл, бодит шалтгаан, баримт нотолгоо хангалттай байна” гэжээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах үндэслэлийн тухайд Монгол Улсын зургаан хууль, 17 зүйл, заалтыг зөрчсөн учир огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн Сангийн сайд Ч.Улааныг Монгол Улсын дөрвөн хууль, 13 зүйл, заалтыг зөрчсөн тул огцруулах нь зүйтэй гэж үзжээ.