АН-ын өчигдөр /04.18 / болсон ҮЗХ-ны хуралтай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ “АН-ын ҮЗХ-ны ээлжит хуралдаан болж хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, АН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн шийдвэрээ гаргалаа. Хоёрдугаарт, АН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталлаа. Энэ хоёр асуудлыг хэлэлцэж, хамтарсан шийдвэр гаргалаа. АН энэ удаагийн сонгуульд "Монгол хүн 2020" гэсэн мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн оролцоно. Хийсэн зүйлүүдээ бид дүгнэж цэгнэлээ. Цаашид ямар зүйлээр баяжуулах уу гэдгээ хэлэлцэж баталлаа. АН УИХ-ын сонгуульд оролцохдоо аль нэг улс төрийн нам, хүчинтэй хамтарсан эвсэл байгуулж оролцохгүй дангаараа оролцоно гэдгээ илэрхийллээ. Сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 29-ний дотор СЕХ-нд албан ёсоор бүртгүүлэх ёстой. Бид аливаа улс төрийн намтай эвсэж орохгүй нь тодорхой болсон. Харин манай намд өөр нам нийлэх нэгдэх асуудалд тодорхой хугацаа байна гэж болно. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын ирц 63 хувьтай байсан. Ирц 63 хувьтай байсан нь орон нутаг, нийслэлийн АН-ынхан өчигдөр бас хурлаа хийсэнтэй холбоотой. ҮЗХ-ны хурал хаагаагүй. Сонгууль болох гэж байгаатай холбогдуулан ойр ойрхон хуралдах байх. Манай нам барууны чиглэлтэй нам. Эдийн засгаа тэлнэ гэдэг ард түмний амьдралыг сайжруулах талын бодлого тусгасан. Мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт хүргүүлнэ. Тэр хүртэл мөрийн хөтөлбөрт туссан асуудлыг ярих боломжгүй” гэв.
Эх сурвалж:www.zms.mn
