М.ЦЭЦЭГ

УИХ дахь бие даагч гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын МАН-ын гишүүнчлэлийг сэргээжээ. Иймд тэд өчигдөр уугуул намынхаа Бага хуралд суусан юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг МАН-ын удирдлагын багт  орж ажиллахыг урьжээ. Түүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгох тухай хэлэлцээд Бага хурлын гишүүдийн 96 хувийн саналааар дэмжсэн байна. Эрхэм гишүүн хуучин намдаа орж ажиллах болсон тухайгаа “Намайг дөрвөн жилийн өмнө намын гишүүнчлэлээс хассан. Өнгөрсөн аравдугаарт сард намын гишүүнчлэлийг сэргээсэн тухай мэдэгдсэн. Тэр үед байсан удирдлагууд одоо өөрчлөгдсөн учраас шинэ бүтэцтэй нь хамтран ажиллахад боломжтой юм гэж үзсэн. Намд орлоо гээд миний өмнө нь баримталдаг байсан байр суурь өөрчлөгдөхгүй. Ялсна намд орж бялуу хувааж байгаа хэрэг огт биш. Хүний хуучин нь дээлийн шинэ нь гэж үзлээ” гэв.

Тэрээр хуучин тойрог болох Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшихээр болжээ. Мөн энэ сонгуулиар МАН-ын мөрийн хөтөлбөрт орон сууцжуулах хөтөлбөрийг хөдөөд хэрэгжүүлэх, “Монгол мал” хөтөлбөрийг эрчимжүүлэх, “Халх гол”-ын чөлөөт бүсийн статусыг хасаж, хөдөө аж ахуйн органик бүс болгон хөгжүүлэх зэрэг бодлогын чанартай томоохон зүйлүүдийг тусгахаар санал нийлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn