М.ГАН
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болж 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргажээ. Бусад намд тавьсан нэгдэх санал болон бусдаас ирүүлсэн саналыг ч хүлээн авахгүй, хэнтэй ч эвсэхгүй гэнэ.
Мөн ҮЗХ-ны хурлаар мөрийн хөтөлбөрөө боловсруулж баталсан байна. Тус нам өмнө нь 2012 оны сонгуулиар “Монгол хүн-2020” гэсэн хөтөлбөр дэвшүүлсэн бөгөөд түүнийгээ илүү баяжуулж энэ жилийн сонгуулиар үргэлжлүүлэхээр болсон байна.
ҮЗХ дахин хуралдаж тойрогт нэр дэвшүүлэх журам, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг батламжлах зэрэг асуудлыг хэлэлцэх аж. УИХ-ын гишүүн Х.Баттулга ҮЗХ-ны хуралд оролцоогүй. Тэрээр намаасаа гарах гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан ч энэ тухай албан ёсоор мэдэгдээгүй гэж тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийхдээ онцоллоо. Мөн тэрээр МАН, МАХН-ын эвслийн талаар хувийн байр сууриа илэрхийлэв. Тус хоёр намыг эвсэх биш цаашид нэгдээсэй хэмээн хүсэж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.polit.mn