С.САРУУЛ
Өглөө 11:00 цагийн үед эхэлсэн /2016.04.19/ МАХН-ын Бага чуулган намын төв байрандаа хаалттай үргэлжилж байна. Бага чуулган эхлэхэд хуралдааны ирц 73.1 хувьтай байсан учраас МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр чуулганыг нээснээр тус намын удирдах зөвлөлийн гишүүн С.Удвал болон Сонгинохайрхан дүүргийн мянгатын дарга Лхагвасүрэн нар хурлыг удирдан явуулахаар болов. МАХН Бага чуулганаараа 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон бусад намуудтай хамтран ажиллахаар талаар ажлын хэсгийнхний мэдээллийг сонсч байгаа юм. Мөн намын дарга Н.Энхбаяр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Бага чуулганд намын бага хурлын гишүүдээс гадна намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Л.Тэрбишдагва, Нарийн бичгийн дарга Б.Тулга болон ахмад гишүүд оролцож байна.
Хуралдаан хаалттай үргэлжилж байгаа учраас чуулган эхлэхээс өмнө МАН-тай эвсэх асуудлаар ямар байр суурьтай байгаа талаар намын зарим гишүүдийн байр суурийг сонссон юм.
- МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян: Эвсэх тухайд Ажлын хэсгийн хүрээнд тохирсон асуудлуудаар 2-3 удаа гарын үсэг зурсан.

- Улс орны хөгжлийг дөрвөн жилээр төлөвлөж явахад хүндрэлтэй байгааг харж байна. Тиймээс бид 10 жилээр төлөвлөж байгаа. Манай улсын хүн ам болон үйлчилгээ нь нийслэлдээ төвлөрсөн. Үүнтэй холбоотойгоор намын зүгээс бүс нутагт жигд хөгжлийг түгээх бодлого баримталж байна. Тухайлбал, найман хотод 450 айлын орон сууц барих хөтөлбөр боловсруулна. Айлууд энэ орон сууцанд “0” түрээсийн зарчмаар оршин суух боломж бүрдэнэ. Ер нь бүс нутагт хөгжлийг жигд тараах хөтөлбөр боловсруулсан гэж ойлгож болно. Хоёр нам эвсэх тухайд Ажлын хэсгийн хүрээнд тохирсон асуудлуудад хоёр, гурван удаа гарын үсэг зурсан. Хамгийн сүүлийн байдлаар хоёр хоногийн өмнө МАН-аас 51, МАХН-аас 25 хүн нэр дэвшүүлнэ гэх тохиролцоог хоёр намын ажлын хэсэг хийсэн. Энэ тохиролцоог хоёр нам бага чуулганаараа хэлэлцээд эцэслэн шийднэ. Хоёр намын дарга ижил эрхтэй. Хоёр намын даргын гарын үсгээр аливаа шийдвэр, үйл ажиллагаа явна. Бие биентэйгээ зөвшилцөж, бүрэн ойлголцсоны дараа эцсийн шийдвэр гарах юм. Гэхдээ нэршлийн хувьд ялгаатай. Эсвлийн тэргүүнийг МАН-ын дарга, харин манай намаас эвслийн удирдах зөвлөлийн даргыг хийнэ
-МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт: МАХН ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө ажиллахыг зорьж байгаа

-Сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд аудитын байгууллагад хүргүүлнэ. МАХН бусад намуудтай эвсэх асуудлаар ажлын хэсгүүд гарч ажиллаж байгаа. Тэдний мэдээллийг сонсоно. Аль нэг намтай эвсэл болно гэдэг асуудлыг эцэслээгүй байна. МАХН ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө ажиллахыг зорьж байгаа. Сонгуульд дангаараа оролцох боломж бол бидэнд байна. Мөн бусад намтай эвсч хамтарч ажиллах, заримтай стратегийн түншлэл хийх боломж байна. Жижиг намуудаас манай хамтарч эвсэл байгуулъя гэсэн саналууд байгаа. Тиймээс энэ бүгдийг судалж, ажиллаж байна. Эцэслэн гаргах цаг хугацаа ч хангалттай бий. Өнөөдөр энэ асуудлыг шийднэ гэж үзэж байгаа.
-МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Доёд: Ямар ч тохиолдолд эвтэй байх нь чухал

-Ямар ч тохиолдолд эвтэй байх нь чухал. Тиймээс эвсч орох нь зүйтэй. Гэхдээ тоо тогтоогоод байгаа асуудал дээр эргэлзэж байгаа. Энэ нь сонгох, сонгогдоход хязгаар тавиад байгаа юм шиг санагдаж байна. Эвтэй байвал хүчтэй учраас нэг зорилгын төлөө хамтарч ажиллахад буруудах зүйл байхгүй.
- Гавьяат эмч, анагаах ухааны доктор Л.Жамбалжав: Улс орны хөгжлийн төлөө хамтын хүчээр тэмцэх нь зүйтэй

-Улс орны өнөөгийн тэрдундаа улстөрийн амьдрал маш чухал үе дээрээ явж байна. 2016 оны сонгууль болох гэж байгаатай холбогдуулан намуудын удирдах байгууллагууд хурлаа хийж байна. Өнөөдөр бол мэдээж МАХН сонгуульд хэрхэн оролцох, хэнтэй эвсэх зэрэг чухал асуудлыг бага хурлын гишүүдээр хэлэлцүүлж хамтын шийдвэр гаргах байх. Миний хувьд монголчуудад эв нэгдэл их чухал гэж үзэж байгаа. Нэг нэгнээ ойлгож эвсч, нийтийн эрх ашиг, улс орны хөгжлийн төлөө хамтын хүчээр тэмцэх нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс ямар ч байсан эвсч, хамтын хүчээр улс орныхоо төлөө зүтгэх хэрэгтэй.
- Шадар сайдын ахлах зөвлөх Х.Оюунцэцэг: Угшил нэгтэй МАН-тай эвсэхийг дэмжиж байна

-МАХН-д 1988 онд элссэн. Манай нам улс орны тусгаар тогтнол, хөгжил, ард түмний тэрдундаа ядарч зүдэрсэн нэгнийхээ дуу хоолой болсоор ирсэн улстөрийн хүчин. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүн амын 25 хувь нь ядуу байна. Тиймээс МАХН ард түмнийхээ төлөө нэг үзэл бодолтой, угшил нэгтэй МАН-тай эвсэхийг дэмжиж байна. Улстөрийн намууд зүгээр нэг талцаж хуваагдаад явж байгаа биш олон түмний эрх ашгийн төлөө хүчин зүтгэх үүргээ гүйцэтгэх учиртай. Ард түмний өмнө хариуцлага хүлээх улс төрийн хүчний хувьд эвсэх үүрэгтэй гэж ойлгож байна.
- МАХН-ын ахмад гишүүн Л.Бадамханд: Нэгдэж нийлэх биш хамтарч ажиллах ёстой

-Нэг угшилтай хоёр нам учраас эвсэх учиртай. Гэхдээ нэгдэж нийлэх биш хамтарч ажиллах ёстой. Хамтраад сонгуульд орвол ялна гэдэгт ч итгэлтэй байгаа. Би анхнаасаа МАХН-ын гишүүн байсан болохоос өөр аль ч намын гишүүн байгаагүй. Энэ нам үүссэн цагаасаа эхлээд биднийг бүгдийг хоолтой залгуулсэн түүхэн нам. Тиймээс МАХН-даа хайртай. Хувьсгал гэдэг үгнээс айдаггүй. Бүх зүйлд хувьсгал хийсэн нам. Хоёр нам хамтраасай гэж хүсч байна.
Эх сурвалж: www.polit.mn