М.ЦЭЦЭГ

Айлчлал хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хэлэлцээгээр эхлэв. Хэлэлцээ нөхөрсөг уур амьсгалд болж талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж, өндөр дээд түвшний яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг тэмдэглээд Монгол-Оросын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон байна.

Түүнчлэн, энэхүү айлчлалыг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж байгааг онцлоод Монголын тал ОХУ-ын өмнө хүлээсэн Монгол Улсын санхүүгийн үүрэг бүрэн шийдэгдсэнд Оросын талд талархал илэрхийлж, хоёр орны хоорондын зээл-санхүүгийн хамтын ажиллагааны боломжууд шинээр нээгдэж байгааг тэмдэглэв.

Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээний дараа стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурав. Оросын талХоёр улсын хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр”-ийг эцэслэн тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, энэхүү хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө Оросын тал хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, хамтын ажиллагааны тодорхой  боломжууд нээгдэнэ гэв. Түүнчлэн, Оросын тал ирэх долдугаар сард Улаанбаатарт болохАзи-Европ”-ын дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулах нэр хүндтэй үүрэг Монгол Улсад ногдоод байгааг онцлоод, энэхүү уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэ онд болох Гурван талт дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг байгуулахаар ажиллаж байгаагаа сайд хар харилцан нотлов.

Дараа нь сайд С.В.Лавровыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ОХУ-ын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээрийг Оросын тал соёрхон баталсан нь санхүү, зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээгдэж байгаа талаар ярилцлаа.

Хоёр орны Төвбанк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп-хэлцэл хийх, хоёр орны худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийллээ.

ОХУ-ын нутаг дэвсгэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлэхТөмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ирэх зургадугаар сард Ташкент хотноо болох Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтын үеэр байгуулахыг Ерөнхий сайд санал болгож, Эгийн голын усан цахилгаан станц төслийн талаар мэдээлэл өглөө.

Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш Буриад улс жижиглэнгийн худалдаагаар ОХУ-д тэргүүлэх байр эзэлсэнийг тэмдэглээд цаашид Эрхүү, Улаан-Үд, Кызыл, Чит, Горно-Алтайск зэрэг хотод Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах яармаг худалдааг зохион байгуулах, энэ төрлийн арга хэмжээг хийхэд дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэхийг Ерөнхий сайд хүслээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монголын бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргахад либералчлах чиглэлээр Оросын талаас арга хэмжээ авч байгаа талаар мэдээллээ. Монголын бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах яармаг худалдаа болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулахад холбогдох дэмжлэг, хөнгөлөлттэй нөхцөл үзүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаны хүмүүстээ даалгахаа мэдэгдэв.

Мөн тэрээр Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой санамж бичиг байгуулан, хамтран ажиллах санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлснээс гадна Бүс нутаг болон хил орчмын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгааг дурдлааУулзалтын үеэр талууд Монгол-Оросын хамтарсан үйлдвэр, компаниудыг үр ашигтай ажиллуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Мөн С.Лавров Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин