М.ГАН

Н.Ганболд Авлигын эсрэг хуулийн 22.1.1-т заасны дагуу өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа­саа чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 11-нд Ерөнхийлөгчид өгсөн тухай түүний Хуу­лийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр байнгын хорооны хуралд танил­цуулаад хэлэлцэн шийдэж өгөхийг хүсэв. Гишүүдийн асуултад зөвлөх Ч.Өнөрбаяр болон АТГ-ын дарга Н.Ганболд нар хариулав.

Ц.Нямдорж:

-Дараагийн дарга болох хүнийг хэзээ оруулж ирэхээр ярьж байгаа вэ. Хурдан уу, удаан уу. Чин үнэнийг хэлэхэд удмааргүй байх юм. Болдогсон бол ажил авах хүнийг нь хамт оруулж ирээд зөрүүлээд томилмоор байна. Хууль хүчний байгууллагын томилгоог хоног алдаж болдоггүй юм шүү дээ. Бөөн хэрүүлтэй, хэрэг төвөг шалгасан байгууллагыг эзэнгүйдүүлээд хаячихаар хэцүү байдаг юм даа. 2008 онд ЦЕГ-ын даргыг чөлөөлөөд даргагүй шахам сонгуульд ороод дараа нь юу боллоо?

Ч.Өнөрбаяр:

-Би энэ талаар хариулт өгөх бололцоо одооогоор алга. Таны саналыг Ерөнхийлөгчид уламжилъя.

О.Баасанхүү:

-Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын чиг үүрэг гэж хуулиараа арай өвөрмөц байгаа. Дарга нь дэд даргадаа чиг үүрэг өгч гүйцэтгэх ажиллагаа явдаг. Одоо даргагүй болчихоор энэ чиг үүрэг нь яаж явах юм бэ. Дэд дарга нь өөрөө өөртөө чиглэл өгнө гэсэн үг үү. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Уг нь орны хүнийг нь оруулж ирээд Н.Ганболд даргыг чөлөөлөх юм биш үү. Даргыг нь чөлөөлөхөөр дэд дарга нь ямар ч хяналтгүй гүйцэтгэх ажил явуулахаар байна. Нэг бол орны хүнийг нь оруулж ирэх, эсвэл хуулиа өөрчлөх хоёр л зам байна шүү дээ. Даргын орон зай гарсан үед яах вэ?

Ч.Өнөрбаяр:

-АТГ-ын даргыг зургаан жилийн хуга­цаатай томилдог. Хуга­цаа дууссан бол таны хэлсэнчлэн явах байх. Харин Н.Ганболд дарга хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байгаа. Даргын эзгүйд дэд дарга нь гүйцэтгэх ажиллагаа явуулж, хуулийн дээгүүр алхаад байна гэж би огтхон ч бодохгүй байна. Энэ ажил прокурорын хяналт дор, бусад байгууллагын удирдлага дор явдаг учир хяналтгүй явна гэж байхгүй.

З.Баянсэлэнгэ:

-Н.Ганболд дарга хугацаа дуусахаас нэг жилийн өмнө хүсэлт гаргаж чөлөөлөгдөж  байгаа нь ямар үндэслэлтэй вэ. Албан тушаалаа эрхлэх байдалд чинь хөндлөнгөөс нөлөөлсөн үү. Эсвэл албан тушаалын наймаа хийж өөр газар дэвшин ажиллах наймаа хийсэн юм биш биз. Өнгөрсөн таван жилийн хугацаанд ардчиллын үнэт зүйл болсон хүний эрхийг хангах чиглэлээр ажиллаж чадсан гэж та өөрийгөө дүгнэж үзэж байна уу. Танай байгууллагатай холбоотой маргаан, улстөржсөн байдал хэрээс хэтэрсэн гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Эрүүдэн шүүх асуудлыг танай байгууллага хэрхэн хангаж, үүний эсрэг ажиллаж чадсан уу?

Н.Ганболд:

-Хугацаа дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн тодорхой зүйл заалтыг үндэслэн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Ажлын нөхцөлөө өөрчлөөд, эрүүл мэндийнхээ асуудалд анхаарах шаардлага гарсан. Энд тодорхой өвчин ярихгүй. Энэ асуудлаа өөрөө цэгцлэх шаардлагатай болсон нь чөлөөлөгдөх гол үндэслэл. Энд албан тушаалын наймаа байхгүй. Тэтгэв­рийн насанд хүрсэн учраас цаашид хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгох бодолтой байгаа. Хүний эрхийн асуудлыг хуулийн хүрээнд явуулахыг хичээсэн. Эрүүгийн хэргүүд дээр хууль тогтоомжоор бүх үйл ажиллагаа прокурорын хяналт дор явдаг. Таслан шийдэх арга хэмжээ шүүхийн шийдвэрээр явдаг. 461 дүгээр ангийн нөхцөл ямар байдаг вэ, тэр хэмжээнд шалгах үйл явцыг явуулдаг. Хүний эрхийг 100 хувь хангасан гэдэг асуудал байхгүй. Би үүнийг хүлээн зөвшөөрнө. Хүний эрхийг зөрчиж болохгүй гэсэн асуудал байнга анхаарлын төвд байх ёстой юм. Гэрчээр дуудаад цаашаагаа явах шаардлага саяхан гарсан. Гэрчийн мэдүүлэг авах явцад хэргийн холбогдогч маягийн асуудлууд үүссэн байгаа. Гэрчийн бусад мэдүүлгийн зөрүү гэдэг зүйл үүссэн. Үүн дээр мөн л прокурорын хяналт, шүүгчийн шийдвэрийг үндэслэсэн. Эрүүдэн шүүх бол бас л эмзэг асуудал. Анхаарлын төвд байдаг. Аль болох хууль дүрэм зөрчихгүй, хүний эрхийг зөрчихгүй талаас  нь үздэг. Анхаарал тавьдаг. Хүний эрхийг 100 хувь хангаж байна уу гэдэг тухайн асуудлаас болоод төвэгтэй байдаг. Хэрэгт шалгуулж байгаа хүн гэртээ байхыг хүсдэг ч хэргийн улмаас зайлшгүй тусгаарлах, цагдан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай болдог. Үүнээс болж хэрэг болгон дээр, хүн болгон дээр гомдол гардаг.

З.Баянсэлэнгэ:

-Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танайхаас  гаргадаг чиг үүрэгтэй. Албан бичиг авах гэхээр тухайн хүн энэ албан тушаалд тэнцэхгүй гэсэн хариу өгдөг. Яагаад ингэдэг юм бэ. Танайх хувийн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг л  гаргаж өгөх ёстой биз дээ. Энгийн жишээ хэлэхэд, Н.Энхбаяр дарга дээр ялтай эсэх байдал яригддаг?

Н.Ганболд:

-Төрийн албан тушаалд нэр дэвшиж, томилогдоход Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авдаг. Яг одоо ярьж буйгаар ах дүү, хамаатан садантайгаа хамт ажиллах уу гэдгээс гадна олон лавлагаа авдаг. Цагдаа, бүртгэл гэх мэт газраас авдаг. Таны ярьж буй асуудал дээр прокурорын байгууллагаас лавлагаа авсан. Ерөнхий сайдад явуулсан бичигт маш тодорхой дурдсан.

Ц.Оюунбаатар:

-Санал хэлье. Н.Ганболд дарга таван жил тэсч, хүнд нөхцөлд байж өргөдлөө өгч байгааг ойлгож байна. Эрүүл мэндээ сайн бодоорой. Маш их түүх таны нэр дээр байж байгаа учраас эрүүл мэнд чухал. Хүнд хэцүү нөхцөлд шударга, хуульч хүн ажиллахад хэцүү гэдгийг ойлгож байна. Их дарамтад байсан байх. Эцсийн дүнд өргөдлөө өгөхөөс өөр аргагүйд хүрсэн байх. Хуулийн байгууллагуудаар бохир юм их хийлгэдэг боллоо. АТГ-т улс төрийн шууд нөлөөлөл байна.

Д.Ганбат:

-АТГ-ыг удирдахад хүндрэлтэй зүйл байв уу. Дараагийн хүндээ хэлэх сургамжтай санаа оноо байна уу?

Н.Ганболд:

-Цаашид анхаарах хүндрэлтэй асуудал, өөрт тохиолдсон зүйлээсээ шинэ даргад нэлээд нухацтай, дэлгэрэнгүй хэлнэ. Түүнийхээ цаасан хувийг байнгын хороонд явуулъя. Одоо энд ярихад бага хугацаа байна. Хуулиудаа бүрэн хэрэгжүүлэх боломж байсан ч эдийн засгийн нөхцөлтэй холбоотойгоор хоёр удаа манай байгуул­лагын цалинг бууруулсан. Үүнийг цаашид УИХ анхаарна биз дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин