Ч.ОЛДОХ

Одоогоос дөрвөн жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг олон зуун цагдаагийн хүч хэрэглэн баривчилсан нь нийгмийг айдас, хүйдэст автуулж байв. Баривчилгааны үеэр тэнд байсан тухайн үеийн  УИХ-ын гишүүдийн нэг, өдгөө Хамуг Монгол Хөдөлмөрийн намын даргаар ажиллаж буй  Ц.Шинэбаяртай ярилцлаа.

-Дөрвөн жилийн өмнөх энэ өдрүүдэд  МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан нь Монголд хүний эрхийг зөрчсөн, хууль ёсыг уландаа гишгэж хэлмэгдүүлсэн хар өдөр болсон гэж үздэг. Тэгвэл өнөөдөр ч хэлмэгдүүлэлт үргэлжилж байна гэх юм . Та юу гэж үзэж байна?

4-13-6-Ерөнхийдөө улс төрийн захиалгат үйл ажиллагаа явагдаад байгаа шүү дээ. Ганц Н.Энхбаяр дээр ч явагдсангүй, ерөөсөө Монголд үнэн үг хэлдэг, шударга ёсны төлөө дуугардаг хүмүүсийг санаатайгаар, захиалгаар хэлмэгдүүлдэг болчихсон. Хэлмэгдүүлэлт одоо бүр хавтгайрч байна. Миний хувьд л гэхэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд давхар давхар ял авч хэлмэгдлээ.

- Тухайлбал?

Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсны төлөө 2012 оны сонгуулиар  бүх, хэсэг хороон дээр сонгогчдын өгсөн саналыг  хар машиндаа 19 саналаар программчилсан байгаа. Энэ бол хар машинаар арга хэмжээ авдаг сонгодог жишээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар олгогдсон  сонгогдох эрхийг нь шууд хар машинаар барьцаалсан. Хар машины ард программ зохиодог , түүнийг хэрэгжүүлдэг хүмүүсийн хийж буй ажил. Энэ бол нэгдүгээрх хэлмэгдүүлэлт. Хоёрдугаарт, сонгуулийн дараа  2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөртэй холбож шууд эрүүгийн хэрэг үүсгэсэн. 

-Таныг  АТГ-ынханд салаавч өгсөн  гэж  эрүү үүсгэсэн байх аа?

-Тэр бол бас адил, улс төрийн залилан. Улстөржүүлсэн хэрэг. Надад жил зургаан сарын ял өгч, дараа нь тэнсэн болгож, бүтэн жил байцаагаад гадагшаа явж эмчилгээ хийлгэх эрхийг хязгаарласан. Энэ бол хэлмэгдүүлэлт. Захиалгаар хэлмэгдүүлж байгаа асуудал. Дээр нь Шивээхүрэнгийн боомт дээр нууцаар дамжуулах конвер барьж байсныг илчилсэн гэж хариу өгч буй үйлдэл. Монголын улс төр хэсэг, бүлэг этгээдийн гарт байгаа цагт  цаашид энэ байдал өөрчлөгдөхгүй.

-Хууль, хүчнийхэн сүрийг үзүүлэх, сүржигнэх, айлгах, дарамтлах тал руу ажиллаад байгаа нь их ажиглагдах боллоо. Тухайлбал, 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд Н.Энхбаярыг баривчлахдаа цагдаагийнхан балмад авирлаж айлын хаалгыг андуурч эвдсэн. Та тэнд байсан хүний хувьд тэр талаар юу мэдэх вэ?

-Нэг сонин юм харагддаг. Иргэн Б.Пүрэвдагвын хаалгыг эвдсэн гэх хайлшин багажыг утсгасугай гэсэн прокурорын дүгнэлт гарчихсан байдаг юм билээ. Уг нь тэр багаж ч биш түүгээр үйлдэл хийсэн хүмүүст хариуцлага тооцмоор. Тэр багаж чинь  төрийн өмч шүү дээ. Байж байх ёстой зүйл байх, АТГ-т. Дараа нь С.Баярын ч юм уу, С.Баярцогтын хаалгыг эвдэхэд тэр багаж хэрэг болно шүү дээ. Тэр үед яаж эвдэх юм, айлын хаалгыг.

-Айлын хаалга эвдсэн хайлшин багажинд хариуцлага тооцоод эвдэж устгасан юм байна шүү дээ, прокурорын тогтоолоор. Тэгэхээр АТГ одоо хэний ч хаалгыг эвдэхгүй гэж ойлгож болох нь ээ?

-Айлын хаалга эвдсэн гээд багажинд арга хэмжээ авч устгах тогтоол гаргаад устгаж байгаа юм чинь дахиж айлын хаалгыг эвдэхгүй гэсэн үг шүү дээ. Сэтгүүлч та нар  тэр тогтоолыг нь сонирхоод, сурвалжлаад  үзэж болно шүү дээ. Тийм тогтоол гаргасан байдаг юм байна лээ.

-Одоо сэдвээ өөрчилье. Монголын төр буруу замаар будаа тээж байгаа нь үнэн. Үүнээс гарах гарц, төрийг цэвэрлэх замыг та юу гэж харж байна?

-Уг нь үүнийг сонгуулиар өөрчлөх ёстой. Энэ хуулийн дагуу зүйл. Хуульгүй ч гэсэн 1990 онд монголчууд төрийн эсрэг жагсаал, цуглаан хийж тэмцээд болж л байсан. Ийм хоёр л арга бий. Дээр нь нэмж хэлэхэд  төрд байгаа хэсэг бүлэг хүн дийлдэшгүй хүсэл шуналаасаа болж байгаа. Нөгөөтэйгүүр, бүгд гадаадынханд барьцаалагдчихсан. Үнэнээ хэлээд, бид барьцаалагдсан, биднийг авраач гэж хэлбэл гурав дахь арга зам нь энэ юм. Хамгийн зөв арга нь гадаадад барьцаалагдсан хүмүүс үнэнээ хэлэх. Яагаад заавал бүх насаараа гадаадын гар хөл болж байх ёстой юм бэ. Үүнийгээ ойлгох цаг болсон шүү дээ.

-Дөрвөн жилийн өмнөх тэр үйл явдал  одоогийнх шиг мөн л сонгуулийн өмнөх үе байсан. Өнөөдрийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг та юу гэж харж байна?

-Мэдээж улс төрд хариуцлагатай, шударга, ёс зүйтэй хүмүүс гарч ирж байж улс орон зөв явж, хөгжил урагшилна. Хариуцлагагүй худал хуурмаг , хулгайч, авлигач, дээрэмчин байвал улс орон унадаг, хөгжил хойшоо ухардаг. Өнөөдөр манайхны энэ байгаа зөрчил бол улс төрд маш хариуцлагагүй хүмүүс байгаатай холбоотой.

-Сонгууль ч бас л хар машинаар явна...?

-АН, МАН хоёр үндсэндээ хар машинаар машиндчихна. Хар машинд найдаад хэрэггүй. Төрд үлдэхийн тулд тэд тэрийгээ л хэрэглэнэ. Уг нь хар машинаасаа татгалзаад ард түмнийхээ талд ирчихвэл бололцоо байгаа шүү дээ. Энэ бололцоог бид маш тэвчээртэйгээр хүлээж байна. Гэтэл энэ хүмүүс 20 гаруй жил гадаадын уяаны нохой явж ирлээ. Үүнийг ард түмэн  мэдэж л байгаа. Харин тэр хүмүүс  бусад мэдээгүй юм шиг жүжиглэдэгээ болимоор юм. Ингэж байж бид гарц олж гарна. Түүнээс одоо бол яаж ч хар машиндаад олигтой үр дүн гарахгүй.

Эх сурвалж: www.polit.mn