Түрүүч нь Дөрвөн жилийн дараа ч хэлмэгдүүлэлт үргэлжилсээр… 2
Гуравдугаар хэсэг: ШУДАРГА БУС СОНГУУЛЬ
èБүтэн 12 хоногийн турш хуурай өлсгөлөн зарласан Н.Энхбаярын биеийн байдал хүндэрсэн учир эмч нар түүнийг II эмнэлгийн сэхээнд хэвтүүлжээ. Тэд Н.Энхбаярыг буцаад хоолонд оруулахын тулд эхлээд дусал дуслаар ширгээсэн ус уулгаж, дараа нь тэжээлийн дусал залгаж алдагдсан тамир тэнхээг нь нөхөх эмчилгээ хийж эхлэв.
èУИХ-ын 2012 оны сонгуулийн ажиллагаа эхэлчихсэн байсан тул энэ талаар Н.Энхбаяртай уулзаж, ярилцаж зөвлөлдөхөөр МАХН болон МҮАН-ын удирдлагууд II эмнэлэгт очжээ.
Н.Энхбаяр Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд хоригдож байхдаа МАХН-ынхандаа хандан “МҮАН, МНН, БНН зэрэг намуудтай нэг эвсэл болж сонгуульд оролцвол зүгээр байх” гэсэн саналаа Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалаар дамжуулан хүргүүлж байжээ. МАХН-ынхан Бага чуулганаа хуралдуулж МҮАН-тай хамтран “Шударга ёс” эвсэл байгуулж сонгуульд оролцохоор шийдсэн байв. МҮАН-ынхан МАХН-ын дээрх Бага чуулган болохын өмнө эвсэл болж орох шийдвэр гаргаасай хэмээн ихэд хүсч, МАХН-ынханд таалагдахын тулд юу ч хийх, амлахаас буцахгүй байдалтай болсон байсан гэдэг.
èУИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар сонгуулийн өмнө МАН-аас гарч, МАХН-д гишүүнчлэлээ сэргээхээр шийдэв. Уг нь Н.Энхбаярыг хууль бусаар шоронд хийхээс өмнөхөн энэ гурваас гадна УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир нар МАХН-ын гишүүнчлэлээ сэргээнэ гэж тохироод байжээ. Түүнчлэн Н.Энхбаяр иймэрхүү тохироог УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Р.Раш, Ж.Сүхбаатар, Су.Батболд, Ц.Батбаяр нарын хүмүүстэй хийж байсан аж. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг хууль бусаар шоронд хориогүй бол тэр үеийн УИХ-д МАХН-ын бүлэг байгуулагдах хэмжээний гишүүд гишүүнчлэлээ сэргээхээр байсан гэдэг.
èД.Тэрбишдагва, Н.Удвал нар МАХН-ыг, М.Энхсайхан, Н.Батцэрэг нар МҮАН-ыг төлөөлж Н.Энхбаярыг сэхээнд хэвтэж байхад нь сонгуулийн талаар зөвлөлдөхөөр очжээ. Тэд МАХН, МҮАН хоёр “Шударга ёс” эвсэл болон сонгуульд оролцохоор шийдвэр гаргаснаа танилцуулаад, хоёр нам ямар харилцаагаар нэр дэвшигчдийн квотыг тохирох зэргийг ярилцаж ойлголцох ёстой байв.
èМАХН ба МҮАН-ын нэр дэвшигчдийн квотыг 70:30 харьцаатай байхаар тохирчээ. Энэ тохиролцооны дагуу мажоритар тойрогт МАХН-аас 34, МҮАН-аас 14 хүн нэр дэвшүүлэх, намын нэрсийн жагсаалтад МАХН-аас 19, МҮАН-аас есөн хүний нэрийг тус тус бичих болсон байна. Ингэхдээ МАХН, МҮАН дангаараа нэр дэвшигчдээ тодруулах, нэг нэгнийхээ боловсон хүчний бодлогод хүндэтгэлтэй хандахаар тохирчээ.
èД.Тэрбишдагва “Н.Удвалыг Архангай аймагт нэр дэвшүүлэхийг санал болгоё. Би өөрөө Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших бодолтой байгаа” гэжээ. Н.Удвал Д.Тэрбишдагвын саналыг эсэргүүцэж, “Би өмнө нь Архангайд нэр дэвшээд луйвардуулсан. Дахин луйвардуулмааргүй байна, намын нэрсийн жагсаалтад ормоор байна” гэсэн байна. Н.Энхбаяр Д.Тэрбишдагвын саналыг дэмжиж, Н.Удвал Архангайд нэр дэвшихээр болжээ.
èД.Тэрбишдагва мөн “...О.Чулуунбат Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон. Харин Ч.Улааныг намын нэрсийн жагсаалтад оруулмаар байна” гэсэн санал хэлжээ. Н.Энхбаяр саналыг дэмжив.
èД.Тэрбишдагва, М.Энхсайхан нар “Боролдой Мягмар “Шударга ёс” эвслийн PR буюу сурталчилгааны асуудлыг голлон хариуцахаар тохирч, гэрээ байгуулсан. “Морин туухайгаар Монголоо тамгалая” гэсэн санааг гол мессэжээ болгож, ил хуудсандаа морины туухайн дүрсийг хэвлэж тараахаар ажиллаж байна” гэв. Харин Н.Энхбаярын хувьд “Шударга ёс” гэсэн эвслийн гол мессэж “Шударга ёсыг сэргээн тогтооё” гэсэн утгатай байвал яасан юм бэ гэсэн ч цаадуул нь “Боролдой Мягмар зэрэг мэргэжлийн хүмүүстэй ярьж байгаад сонгосон учир одоо өөрчлөхөд хэцүү” гэж тайлбарласан учир саналыг нь зөвшөөрчээ.
èН.Энхбаярын бие аажмаар тэнхэрч эхэлсэн учир өөрөө хүсэлт гаргаж, сэхээнээс жирийн өрөө рүү шилжив. Эвслийн сонгуулийн кампанит ажлыг эхлүүлэх, нэр дэвшигчдээ олон түмэнд танилцуулах зорилгоор “Шударга ёс” эвсэл Их хуралдайг зохион байгуулав. Н.Энхбаяр биеийн байдлаасаа болоод Их хуралдайд өөрөө оролцож чадаагүй ч видео бичлэг хийлгэж, Их хуралдайд оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлжээ.
è“Шударга ёс” эвслийн тэргүүнээр Н.Энхбаярыг, дэд тэргүүнээр М.Энхсайханыг сонгожээ. Н.Энхбаяр эвслийн нэрийн жагсаалтыг тэргүүлэв. Н.Энхбаяр М.Энхсайханаас сонгуульд яаж оролцохоор төлөвлөж байгааг нь асуухад “МҮАН дотроо Дарханд нэр дэвшихээр тохирсон” гэжээ. Н.Энхбаяр түүнд “Дарханд сонгуулийн кампанит ажлын цөөхөн хэдэн хоногт сонгогчдын олонхийнх нь саналыг авах хэмжээнд ажиллаж амжихгүй байх талтай учир хоёр намын дарга УИХ-д хоёулаа орж суух нь цаашид эвслийн ажил цэгцтэй явах, бодлогоо хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой тул өөрөө эвслийн жагсаалтад дээгүүр бичигдэх нь зөв” гэжээ. Харин М.Энхсайхан “Бид МҮАН дотроо ингэж тохирсон тул би Дарханд нэр дэвшинэ. Харин миний оронд жагсаалтад Сономпил бичигдэнэ” гэж хэлсэн аж.
èШударга ёс” эвслээс Увсад нэр дэвшихээр болсон С.Жавхлан, Архангайд нэр дэвшихээр болсон Б.Цогтгэрэл нарын олон нэр дэвшигч эмнэлэгт хэвтэж байсан Н.Энхбаяр дээр ирж, өөрсдийг нь дэмжсэн үг хэлүүлэн сонгуульдаа гарч байлаа.
èН.Энхбаяр ч сонгуульд эвслээ тэргүүлж орж байгаа учир эмнэлгээс хурдан гарч, сонгуулийн кампанит ажлаа удирдахаар яарч байв. Гэсэн ч Сүхбаатар дүүргийн шүүхийнхэн Н.Энхбаярыг дуудаж, олон хавтас бүхий хэргийн асуудалтайгаа танилцах хэрэгтэй. Өдөр болгон шүүхэд ирж бүртгүүлэх шаардлагатай гэх зэрэг журам уншиж танилцуулав.
èН.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхийнхэнд “Сонгуулийн ажлаа удирдаж хөдөө гадаа явах ёстой. Тийм учир наад зохиомол хэргээ надад уншуулах гэсэн нэрийдлээр намайг сонгуульд идэвхтэй оролцуулахгүй байх арга саам хайгаад байх хэрэггүй. Тийм их шаардлагатай юм бол би хөдөө гадаа явахдаа авч яваад уншъя л даа ” гэв. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхийнхэн хөдөө гадаа явахад чинь өгч явуулах боломжгүй, Сүхбаатар дүүргийн шүүх дээр ирж бүртгүүлж байгаад унших хэрэгтэй гэж байв.
èМАХН-ын орон нутгийн байгууллагууд болон нэр дэвшигчид Н.Энхбаярыг хөдөө ирж тойрог дээр нь ажиллаж, сонгогчидтой уулзаач гэж хүсч байв. Н.Энхбаяр тэрний хүсэлтийн дагуу эхлээд Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан явав. Тэндхийн сонгогчид Н.Энхбаярыг халуун дотно хүлээн авч, ахмадууд нүдэндээ нулимстай тэврэн үнсэж, залуучууд гарыг нь чанга атгаж, бүгдээрээ түүнийг, эвслийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байв. Ийнхүү Н.Энхбаяр эдгээр хот, аймгуудад ажилсны үр дүнд тэнд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэр хүнд огцом өсч, тухайлбал Эрдэнэт, Дархан “Шударга ёс” эвсэл нам, эвслийн хувьд хамгийн олон санал авч, энэ нь тус эвслээс нэр дэвшигчдэд тодорхой амжилт үзүүлэхэд нь сайн суурь дэвсгэр болж өгөв.
èН.Энхбаяр Дорнод, Хэнтий, Сүрхбаатар, Архангай, Өвөрхангай, Булган аймагт ажиллав. Очсон газар болгонд ард түмэн Н.Энхбаярыг халуун дотно угтан авч байлаа. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагын нэвтрүүлгээр гарах тусам МАН, АН-ын эрх баригчдын сандрах нь нэмэгдэж байв.
èСонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаярыг нэрсийн жагсаалтаас хууль бус үндэслэлээр хасав. Ингэхдээ “Мэдлэг боловсрол нь хангалттай биш” гэсэн үндэслэл гаргажээ. Ер нь “Шударга ёс” эвслийг хавчин гадуурхах ажил эрчимжив. Тус эвслийн нэрсийн жагсаалтаас Э.Батшугар, хуульч, академич С.Нарангэрэл, доктор н.Авирмэд, Хөдөлмөрийн аварга, алдарт бөх З.Ойдов нарын зэрэг хүмүүсийг хууль бус үндэслэлээр хасав.
èСүхбаатар дүүргийн шүүх, Ерөнхий прокурорын газар зэрэг хууль шүүхийн байгууллагаас СЕХ-нд “Н.Энхбаяр удахгүй шийтгэгдэх гэж байгаа тул түүнийг нэр дэвшигчдийн жагсаалтад оруулж болохгүй, хас” гэсэн бичиг илгээв.
èДараа нь Н.Энхбаярыг хөдөө орон нутагт явж ажиллахыг нь хорив. Хожим нь хойно МАН, АН-ын хүмүүс Н.Энхбаяртай уулзахдаа, тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Таныг МАН, АН-ыхан хоорондоо ярьж байгаад хөдөө орон нутагт явуулахгүй байх арга хэмжээ авсан юм. Та хөдөөгийнхнийг араасаа хуйлруулан дагуулаад аймаар байсан шүү дээ” гэж байжээ.
èН.Энхбаяр хөдөө орон нутагт явах бололцоогүй болсон учир Улаанбаатар хотын дүүргүүдэд ажиллав. Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Налайх, Багануур гээд хотын бүх дүүрэгт очиж ажиллав.
èУлаанбаатар хот болон аймгуудад “Шударга ёс” эвсэл сурталчилгааны самбар авъя гэхэд “олдохгүй” байх жишээтэй байлаа. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ийм хагас дайны гэж хэлж болох хүнд байдалд сонгуулийн кампанит ажлаа хийв.
è“Шударга ёс” эвслийн сонгуулийн кампанит ажлын гол ачааг МАХН-ын орон нутгийн байгууллагууд, жирийн гишүүд, дэмжигчид нуруун дээрээ үүрч авч гарсан гэдэг.
èМАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөө 250 гаруй мянган хүн саналаа өгөв. Хэдийгээр МАН, АН-ынхан элдвийн хууль бус аргаар “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр болон түүний хамтран зүтгэгчдийг бүдүүлгээр хавчин шахаж байсан ч тэд ард түмний дэмжлэгээр УИХ-д бүлэг байгуулах хэмжээтэй буюу нийт 11 суудалтай болсон юм.
èН.Энхбаяр болон хууль бус үндэслэлээр нэрсийн жагсаалтаас хасагдсан нэр дэвшигчид Үндсэн хуулийн Цэцэд хандав. Цэцийн гишүүн н.Лхагва энэ асуудлыг авч хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж буцаав.
è2012 оны УИХ-ын сонгууль луйврын сонгууль болов.
èӨдгөө 2016 оны сонгуульд Н.Энхбаярыг дахин оруулахгүй байхын тулд түүний эсрэг дахин зохиомол хэрэг үүсгэн 2012 оны луйврын сонгуулийг давтаж, дахин МАН, АН-ыг байгуулахын төлөө улайран зүтгэж байна. УИХ-ын 2016 оны сонгуульд Н.Энхбаяр болон МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байх нь Монголд ардчилал бүрмөсөн алга болсны баталгаа болно гэдгийг улстөр судлаачид хийгээд ажиглагчид үзэж байна.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин