Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө МАХН-ындарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 500 цагдаагийн хүчээр хууль бусаарбаривчилсан билээ. Тэр үйл явдлаас хойш дараалсан хэлмэгдүүлэлтийг бий болгож, нийгмийг айдас,хүйдэст автуулж байгааг судлаач, ажиглагч, улс төрийн хүрээнийхэн хэлдэг. Хэлмэгдүүлэлтийн үрдагавар, нийгэмд үзүүлж буй нөлөө, улс төрийн орчинд үүссэн нөхцөл байдлын талаар улстөрч, судлаач,хуульчид ингэж ярьж байна.
Н.ЭНХБАЯРЫГ БАРИВЧИЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА БАЛМАД, ТҮРЭМГИЙ, ХЭРЦГИЙ ХЭЛБЭРТЭЙ БАЙСАН
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн:
-Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг баривчилсан үйл ажиллагаа нь балмад, түрэмгий, хэрцгий хэлбэртэй байлаа. 2008 оны долдугаар сарын 1-нд Монголын цагдаа өөрийгөө их арчаагүй гэдгээ харуулсан. Дараа нь нэг хүнийг баривчлахын төлөө хэдэн зуун хүнийг хөдөлгөж, Ерөнхийлөгч байсан хүнийхээ ч хаалга үүдийг эвдэлж, хажуугийн айлын ч хаалга үүдийг эвдсэн. Тэр нь юуг харуулж байна гэхээр сонгууль будлиантай болох нь тодорхой байсан. Тэгэхээр сонгуулийн дараа олон түмэн дургүйцлээ илэрхийлбэл иймэрхүү маягаар харгис хандана шүү гэдгээ харуулж олон түмнийхээ зүрхийг үхүүлж айлгаж сүрдүүлсэн арга хэмжээ болсон. Тэр асуудлын талаар ерөнхийдөө хоёр бодол надад төрдөг. Эхнийх нь хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал. Төр иргэнээ буруутгаж эрх чөлөөнд нь халдахдаа туйлын шударга байх ёстой. Гэтэл Н.Энхбаярын тухайд анхнаасаа үүсгэж ялласан таван хэргийн гурав нь одоо хүчингүй болчихсон. Таваас гурав гэдэг чинь төр яллаж байгаа тэр хэргийнхээ 60-70 хувьд нь худал хэлсэн болж таарч байгаа юм. Ийм хэргээр хүнийг яллана гэдэг ардчилсан нийгэмд байж болохгүй. Ер нь Н.Энхбаяр гэдэг хүнд хэрэг тулгаж тасалсан шүүх хурал Монголын шүүх, засаглал яаж ажилладаг юм бэ гэдэг “анатоми”-ийг зөвхөн монголчуудад төдийгүй дэлхий нийтэд харуулчихсан. Тэр шүүх хурал үнэхээр энэ хүн гэм буруутай гэж хэнд ч итгэл үнэмшил төрүүлж чадаагүй. Чадах ч үгүй байсан байх. Ийм байдлаар тэр хүнийг яллаад ял эдлүүлж байна. Үүний талаар би удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Н.Энхбаяр гэдэг хүнийг үхрийн бөөр шиг эрээвэр хураавар янз бүрийн асуудлыг цуглуулж дутуу дулимаг шалгасан, нотолсон асуудлаар ялласан явдал нь авлигын эсрэг тэмцэх хэргийн нэр төрийг гутааж, эрчийг нь сааруулж, хориг тавих гэсэн авлигачдын өөрсдийнх нь хийсэн хэрэг байх гэж боддог.
/Хэвлэлд өгсөн ярилцлагаас нь/
МОНГОЛЫН ТӨР ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЦАГААТГАХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн, Шадар сайд, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар:
- Н.Энхбаяр даргыг 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны үүрээр 400-500 цагдаагийн хүчээр дайчлан баривчлах үйл явц УИХ-ын сонгуулийг зарлахаас арав, сонгууль болохоос нэг сарын өмнө болсон. Үйл явдлын давхцал, зохион байгуулалт, зохицуулалтаас авч үзэхэд тэр үйл явдал улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа байсан. Тэр хүн хэлмэгдсэн. Хэлмэгдэх, хэлмэгдэхдээ ноцтой хэлмэгдсэн. Тиймээс цагаатгах ёстой. Эрт, орой хэзээ нэгэн цагт цагаатгах байх. Анх таван асуудлаар Н.Энхбаярыг буруутгаж, хир халдааж, шоронд хорьж мөрдсөн үйл ажиллагаа эхнээсээ авахуулаад мэргэжлийн хуульч хүний хувьд дүгнэж хэлэхэд гэмт хэргийн шинж чанартай асуудлууд үндсэндээ байгаагүй. Голдуу хов живийн чанартай, сэжиг таамаг, хардлагын үндсэнд хийгдсэн үйл ажиллагаанууд байсан. Үүнийг ч 2012 оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүх дээр болсон шүүх хурлын үйл явцыг нээлттэй дамжуулсан телевизийн нэвтрүүлэг, шууд сурвалжлага хийсэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд тодорхой харуулсан.
Н.ЭНХБАЯР ДАРГЫГ УИХ-Д НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ ГЭСЭНДЭЭ ХИЙСЭН БАШИР АРГА
МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян:
-Монгол Улсын Шадар сайдыг УИХ томилдог. Гэтэл Н.Энхбаяр даргыг сонгох болохоор АТГ руу бичиг явуулчихаж байгаа юм. Гэтэл АТГ хувийн ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлгийг Засгийн газарт гаргаж өгөх ёстой байсан. Гэвч тэд цагдаагийн байгууллагын хийх ёстой ажлыг хийж, Н.Энхбаяр даргын ялын асуудлыг сөхсөн. Энэ нь үндэслэлгүй хэрэг. Н.Энхбаяр даргыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэндээ хийсэн башир арга. Н.Энхбаяр даргын холбогдсон хилс хэрэг 2009, 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдаж, ялгүйд тооцогдсон. АТГ-ын гаргаж ирсэн Эрүүгийн хуулийн 263.2-т заасан хилс хэргийг 2009 онд мөрдөн байцаалтын шатандаа хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байсан. Гэтэл тухайн үед хэрэгсэхгүй болгоогүй, шалгаж байсан. Харин 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдаж ялгүйд тооцсон.
ТӨРИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ХЭРЭГЛЭЖ, 600 ЦАГДААГААР ГОЛОМТЫГ НЬ САМРУУЛСАН
УИХ-ын гишүүн, хуульч О.Баасанхүү:
-Манай намынхан Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн гэж үздэг. Учир нь энэ хүнийг анх баривчлахдаа төрийн хүчирхийлэл хэрэглэж, 600 цагдаагаар голомтыг нь самруулсан шүү дээ. Шоронд байхад нь нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Дээрээс нэг ч өмгөөлөгч ажиллуулаагүй. Зарим хүмүүс О.Баасанхүү өмгөөлөгч нь байсан гэж ойлгосон. Би өмгөөлөгч нь байгаагүй. Өмгөөлөгчөөр ажиллая гэхэд АТГ-аас “Ажиллуулахгүй” гэсэн бичиг өгч байлаа. Дараа нь АТГ-аас мэдээлэхдээ долоон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон талаар хэлж сүрдүүлэг маягийн юм хийсэн. Шүүхээр шийдэхдээ хоёр хэргээр буруутгасан. Нэг нь газар үнэгүйдүүлсэн гэх хэрэг. Аливаа газрын гэрчилгээ хэний нэр дээр байна вэ гэдгээс эхэлдэг. Гэтэл тэр үнэгүйдүүлсэн гээд байгаа газар нь Н.Энхбаяр даргын нэр дээр байгаагүй. Харин хотын захиргааны нэр дээр байсан. “Өргөө” зочид буудлын хэрэг ч мөн адил. Тус зочид буудал дээр 75 хувьд нь хөрөнгө оруулалт хийе. 25 хувь нь улсынх байя гэхэд өмчлөл нь хотын захиргааны нэр дээр байсан.Ийм байхад “Н.Энхбаяр өөрийн нэр дээр авсан” гээд улс төрийн хошин жүжиг гэж хэлж болохоор үйлдэл хийсэн. Би хуульч хүний хувьд нотолж чадаагүй хэргийг Ц.Элбэгдорж, С.Баяр, Н.Энхбаярын хэн нь ч хийсэн байсан “Хэлмэгдүүллээ л” гэж хэлнэ.
АРДЧИЛСАН БУС ДЭГЛЭМ ТОГТЖЭЭ
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар:
-Одоо бол ардчилсан бус дэглэм тогтоод байна. Үүнийг одоогийн засаг төрийн үйл ажиллагаа цагдан хяналтыг явуулдаг төр улсын шинжийг агуулж байна. Улс төр, эдийн засгийн бүлэглэл, эрх мэдэлтэй хүмүүсийн таалалд нийцээгүй бол түүнийг сонгуульд оруулж болно, болохгүй, эсвэл тэр тийм зүйл хийж болно, болохгүй гэж өөрсдийн заавраар хянаж цагдаж асуудлыг шийдэж байна. Үүний тод жишээ бол дөрвөн жилийн өмнө МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлахад хууль зүйн бус, хүнлэг бус, ёс зүйн бус балмад ажлыг явуулсан. Өнөөдөр ч гэсэн тэр балмад ажлаа үргэлжлүүлж, Өршөөлийн хууль, Ерөнхийлөгчийн уучлал гараад байхад Н.Энхбаяр даргыг ялтай гэж тооцож, улс төрийн эрх чөлөөг нь таслан боогдуулж байгаа. МАХН-ыг сонгуульд оруулахгүй гэсэн элдэв арга саамыг улс төр, хуулийнхны бүлэглэлийнхэн арга заль хэрэглэж байгаа нь илтэд мэдрэгдэж байгаа.
ЯЛТАЙ, ЯЛГҮЙ ГЭХ АСУУДАЛ АЛЬ ХЭДИЙНЭДУУСЧИХСАН
МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга:
-Шадар сайд гэлтгүй, төрийн албанд ажиллаж байгаа бүх хүн дээр ашиг сонирхлын мэдүүлэг гэдэг зүйлийг АТГ-аас авдаг. Тэр нь ямар агуулгатай бичиг байх вэ гэхээр энэ хүн уг албан тушаалд ажиллахад ашиг сонирхлын хамааралтай ах дүү, аж ахуйн нэгж байна уу гэдгийг л тодорхойлдог. Түүнээс биш төрийн албанд тэнцэх, тэнцэхгүй гэдгийг бол Төрийн албаны зөвлөлөөс тодорхойлдог. Ялтай холбоотой асуудал АТГ-т ямар ч хамаагүй, үүнийг цагдаагийн байгууллагаас гаргаж өгдөг учиртай.
Н.Энхбаяр даргын хувьд ялтай, ялгүй гэх асуудал аль хэдийнэ дуусчихсан. Сая шинээр баталсан Эрүүгийн хуулийг хэн нэгэнд зориулсан юм уу, аль эсвэл өөр зорилгоор хийгдсэн үү мэдэхгүй, ямартай ч 2016 оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ гэж заасан. Тэртээ тэргүй есдүгээр сараас ялтай, ялгүй гэхээ болих гэж байхад уг асуудлыг Н.Энхбаяр даргад тулгах гэж оролдоод байна. Ар талд нь ганцхан зорилго байгаа. МАХН өнөөдрийн байдлаар хамгийн өндөр рейтингтэй байгаа болохоор идэвхитэй үйл ажиллагааг нь саармагжуулах, ирэх сонгуульд оролцуулахгүй байх гэсэн улс төрийн хүчнүүдийн тодорхой бүлэглэлийн оролдлого. Тэр нь хүчний байгууллагаар дамжин илэрч байгаа нь харамсалтай.
ҮНЭН ҮГ ХЭЛДЭГ ХҮМҮҮСИЙГ САНААТАЙ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙНА
Хамуг Монгол хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр:
-Ер нь бол улс төрийн захиалгат үйл ажиллагаа явагдаад байгаа шүү дээ. Ерөөсөө Монголд үнэн үг хэлдэг, шударга ёсыг эрхэмлэдэг, ёс зүйтэй хүмүүсийг санаатайгаар, захиалгаар хэлмэгдүүлдэг ийм үйл явц хавтгайдаа явж байгаагийн жишээ энэ л дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин