УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга албан тушаалаасаа сайн дураараа татгалзах шаардлагыгөнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболдод гардуулж өглөө. Энэ талаарх МАН-ын бүлгийншаардлага болон үүнд хариу өгсөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчЛ.Эрхэмбаярын байр суурийг хүргэе.
МАН: УИХ-ЫН ДАРГЫН ШУНАЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ
МАН-ын бүлэг шаардлагадаа:
-... Та Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг болон гишүүдийг олонх, цөөнхөөр нь ялгаварлан гадуурхах, бүлэг байгуулах, бүлгийн завсарлага авах, гишүүдийн үг хэлэх эрхийг хаах, санаачилсан хууль, төслүүдийг нь хэлэлцүүлэгт оруулахгүй байх, гаргасан санал, хэлсэн үгтэй нь холбогдуулан гишүүдийг дайрч доромжлох, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулж, олон нийтэд гүтгэлэг тараах зэргээр туйлын бүдүүлэг, болчимгүй, зохисгүй арга хэлбэрээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж ирлээ.
Таны хууль бус балмад үйлдлүүд Засгийн газрыг ч бие даан асуудлаа шийдвэрлэх боломжгүй болголоо. Та Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах ажлыг нам дотроо ил далдуур зохион байгуулж, улмаар намын даргын суудлыг “булаан авсан” төдийгүй дараачийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг чуулганы хуралдааны индэр дээрээс “огцруулна” гэж, сайд М.Энхсайханыг “хөөж явуул” хэмээн сүрдүүлж, Тавантолгойн талаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг нь байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэлгүй өдийг хүрлээ.
Улсын Их Хурал зөвхөн өргөн баригдсан хууль, шийдвэрийн төсөл хэлэлцдэг байтал Та 2015 онд ээлжит бус чуулган зарлаж, Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулна хэмээн дарамтлан байж Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг шийдвэрлүүлж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан.
Олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн цөмийн хог хаягдлыг үүссэн оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг чуулганы завсарлагаар, тодорхойгүй шалтгаанаар яаравчлан батлах гэсэн явуургүй оролдлого хийж, бүтэхээ баймагц бусад улс төрийн намуудад буруугаа тохсон, худал хуурмаг мэдээллийг чуулганы индрээс олон нийтэд цацлаа.
Бүхнийг захирах гэсэн таны шунал хэрээс хэтэрч, барилгын үнэ, зээлийн хүүг өрөөндөө тогтоож, Сонгуулийн ерөнхий хороог твиттерээр, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг утсаар удирдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хууль бусаар хөөж явуулах хүртлээ даамжирлаа.
Монгол орныг дарангуйллын тогтолцоонд оруулах гэсэн таны эдгээр бусармаг ажиллагааг цаашид тэвчих аргагүй болж байгаа тул Улсын Их Хурлын даргын албан тушаалаас сайн дураараа татгалзахыг Улсын Их Хурлын гишүүд бид албан ёсоор шаардаж байна” гэжээ.
АН: ХУВЬ ХҮН РҮҮ ДАЙРЧ БАЙНА
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр:
-МАН-ын бүлэг хувь хүн рүү дайрсан, З.Энхболд даргыг харлуулан, гутаан доромжлохын тулд шаардах бичиг илгээсэн нь шууд харагдаж байна. Жишээ нь, Монгол Улсын хилээр цөмийн хаягдал, цацраг идэвхит бодис нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглох тухай хууль батлах гэж байхад МАН-ынхан БНХАУ-ын Коммунист намынхантай уулзалт хийж, ээлжит бус чуулганыг санаатайгаар тасалдуулснаа цайруулах гэж оролдож байна. АН-ын даргыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж гүтгэж, хооронд нь хагалан бутаргахыг оролдсон санаа агуулсан байна.
МАН-ын бүлгээс АН-ын даргыг улсаа өрийн дарамтад оруулсан гэсэн байна. Яг үнэндээ МАН-ын үед харин ч авсан зээлээ үр ашиггүй тараасан, халамжийг тэтгэсэн бодлого явуулж байсан. АН-ын үед авсан зээл бүтээн байгуулалт болсныг ард түмэн харж байгаа. Барилгын үнэ, зээлийн үнийг өрөөндөө тогтоосон гэж шаардлагадаа хэлжээ. Үнэн хэрэгтээ ард түмэндээ хямд, бага хүүтэй зээлээр орон сууц олгох нь МАН-ынхны хэлж буйгаар нүгэл юм байна. Үүний төлөө УИХ-ын даргад хариуцлага тооцдог бол хэчнээн удаа тооцуулахад ч бэлэн байна. Иргэдээ тав тухтай амьдруулахын төлөөх үйл хэргээс АН ухрахгүй. Чуулганы хуралдаанд хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл ярилцсан тохиолдолд хурлын дэг бариулсан, сахилга хариуцлагатай байлгасных нь төлөө өөрийг нь эргээд ажлаасаа татгалз гэж байна. УИХ-ын гишүүн дэгээ барьдаг, зөвхөн хэлэлцэж буй асуудлаар ярьж сурах ёстой. Микрофон харахаараа улстөрждөг, замбараагүй байдлаа МАН-ын эрхэм гишүүд хазаарлах хэрэгтэй.
Ер нь Ардын намын тавьсан шаардлагын далд агуулга нь УИХ-ын дарга ард түмнийхээ Тавантолгойг авч үлдсэнийг буруушаасан мэт агуулгатай байна. Ард түмний Тавантолгойг ард түмэндээ л үлдээх ёстой. Сонгууль дөхсөн энэ үед улс төрийн оноо цуглуулах гэж, төрийн тогтворгүй байдал руу турхирсан явуургүй үйлдлээ зогсоохыг МАН-ын бүлгээс шаардаж байна” хэмээн мэдэгдсэн. Ямар ч баримтгүйгээр УИХ-ын даргыг огцруулах бичиг өргөн барьсан нь зүгээр л улстөр хийж байна гэдэг нь харагдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин