Түрүүч нь http://zms.mn/durvun-zhiliin-daraa-ch-helmegduulelt-urgelzhilseer-2/

Хоёрдугаар хэсэг. ХУУРАЙ ӨЛСГӨЛӨН

-Хуурай өлсгөлөн зарлан тэмцэж эхэлсэн Н.Энхбаярын хувьд өдөр хоног өнгөрөх тусам биеийн байдал нь мэдэгдэхүйц муудаж эхлэв. Тэрээр нэгдүгээрт, дээрээс өгсөн захиа даалгаврын дагуу хууль, шүүхийн байгууллагыг хувирган хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтийн машин болгон ажиллаж байгаа Ерөнхий шүүгч Ц.Зориг, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, АТГ-ын дарга Н.Ганболд, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир нарыг огцруулахыг шаардсан. Хоёрт, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд луйвар, булхайгаар гарсан, Оюутолгой, Тавантолгой ордуудтай холбоотой хууль бус шийдвэр гаргахад голлох үүрэгтэй оролцсон Ц.Элбэгдоржийг огцрохыг, гуравт, хууль бусаар байгуулагдсан МАНАН-ыг тарааж, дөрөвт, хууль бусаар хорьсноо залруулж, нэн даруй суллахыг шаардсан байлаа.

-Төв аймгийн Урьдчилан хорих төвийнхөн дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарласныг нь хүчингүй болгох гэж янз бүрээр оролджээ. Эхлээд түүнээс хуурай өлсгөлөн зарласнаа албан ёсоор бичгээр мэдэгдэхийг хүсэв. Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарласаа бичгээр мэдэгдэж, шаардлагаа хүргүүлсний дараа “...Та клизм тавьж, ходоод гэдсээ цэвэрлээгүй учир өлсгөлөнг тооцохгүй” гэжээ. Үнэндээ ингэж  клизм тавих бололцоо олгоогүй байна.

-2012 оны тавдугаар сарын 3-ны өглөөний 08:00 цагийн үед зарласан хуурай өлсгөлөнг маргалдаж тооцохгүй байсаар байгаад өдрийн 13-14 цаг болгосон аж.

-Н.Энхбаярын хуурай өлсгөлөн зарласныг сонссон гэр бүлийнхэн болон хамтран зүтгэгчид нь Төв аймгийн Урьдчилан хорих төвийн гадаа бөөнөөрөө цугларчээ.

-Н.Энхбаярыг урьд нь эмчилж байсан эрүүл мэндийнх нь асуудлыг сайн мэддэг II эмнэлгийн эмч дуудаж, клизм тавихыг зөвшөөрч, хуурай өлсгөлөнг тооцож эхэлсэн байна.

-Н.Энхбаярыг Төв аймгийн хорих газраас өөр газар руу шилжүүлэх тухай яригджээ.

-Хуурай өлсгөлөн зарласан анхны өдөр ийнхүү өнгөрөв. Тунгалаг эмч, Цэнгэлмаа сувилагчийн хамт Төв аймгийн хориход жижүүрлэж хонов. Эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар нар болон МАХН-ын хамтран зүтгэгчид Төв аймгийн хорихын гадаа хонов.

-Хуурай өлсгөлөн зарласнаас хойш хоёр дахь өдөр Н.Энхбаярын биед өөрчлөлт орж эхлэв. Тэрээр хуурай өлсгөлөн зарлахдаа тавьсан шаардлага нь очих ёстой эздэд нь хүргүүлсэн эсэх, шаардлагыг хэрхэн яаж шийдэх гэж байгаа талаар сураг чимээ байгааг асуусан байна. Цаадуул нь шаардлагыг эздэд нь хүргүүлсэн, ямар нэгэн хариу байхгүй байна хэмээн хариулж байжээ.

-Олон түмэн Н.Энхбаярыг хэлмэгдүүлэн шоронд хорьсон МАНАН-гийн хууль бус ажиллагааны гол эзэн Ц.Элбэгдоржийг “алуурчин” хэмээн нэрлэж, түүний эсрэг дуу хоолойгоо өргөж эхлэв.

-Төв аймгийн Урьдчилан хорих төвийнхөн Ц.Нямдорж нартай холбоо барьж, Н.Энхбаярыг үхчихээгүй байгаа дээр нь хурдхан шиг эмнэлгийн яаралтай үйлчилгээ илүү сайн үзүүлж чадах газар руу шилжүүлэхээр ярьж хөөцөлдөж эхлэв.

-Өөр газар руу шилжүүлэх тухай ярихад нь Н.Энхбаяр Төв аймгийн шоронгоос хаашаа ч явахгүй, эхлээд тавьсан шаардлагад хариу өгөх, тодорхой арга хэмжээ авахыг шаардсан байна.

-Төв аймгийн Урьдчилан хорих төвийнхөн түүний шаардлагыг хүлээн авлаа, хариу ирмэгц түүнд нэн даруй мэдэгдэнэ гэж хэлж байв. Энэ нь үнэн хэрэгтээ цаг хожих тактик байсан гэдэг.

-Эмч Тунгалаг болон 461 дүгээр хорих ангийн эмч нар Н.Энхбаярт эрүүл мэндийн шуурхай үйлчилгээ үзүүлэх шаардлага гарвал боломж, бололцооны хувьд арай дээр 461 дүгээр хорих анги руу шилжүүлэх нь зүйтэй гэж байр сууриа илэрхийлж байв.

-Төв аймгийн Урьдчилан хорих төвийнхөн бие бүрэлдэхүүнээ нэмэгдүүлж Н.Энхбаярын камер руу нэвтрэн орж түүнийг өргөж, гар хөлийг нь мушгиж, хоолойг нь боож хүчээр камераас авч гарав. Н.Энхбаяр тэдэнтэй ноцолдож “Миний тавьсан шаардлагад хариу авч өгнө гэсэн яасан бэ. Та нар дахин хүч хэрэглэж байна. Бүх монголчуудыг хүчээр айлгаж, номхотгож чадахгүй шүү!” гэж хашгирч байв.

-Төв аймгийн Урьдчилан хорих төвийнхөн Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж нараас үүрэг авсан байв. Тэд Н.Энхбаярыг заавал гутлыг нь өмсүүлж байж гадагшаа авч гарах гэж үнэхээр хичээж байв. Тэд Төв аймгийн шоронгийн камераас шоронгийн гадагшаа гарах хаалга хүртэл оймстой нь өргөж, чирч явж байснаа хаалгаар гадагшаа гаргахынхаа өмнө хүчээр хоёр гутлыг нь өмсүүлсэн байна.

-Төв аймгийн Урьдчилан хорих төвийнхөн Н.Энхбаярыг эмнэлгийн машинд ачив. Түүнтэй хамт машинд харгалзагчид болон Тунгалаг эмч суусан байв. Тунгалаг эмч Урьдчилан хорих төвийнхөн Н.Энхбаяртай туйлын зэрлэг харьцаж байгааг хараад уйлж байсан гэдэг.

-Н.Энхбаярыг ачсан эмнэлгийн машины араас Н.Энхбаярын гэр бүлийнхэн болон хамтран зүтгэгчдийнх нь суусан олон машины цуваа дагав. Замын цагдаагийнхан Төв аймгаас Улаанбаатар хот руу орох болон 461 дүгээр хорих ангид очих замд тааралдсан машинуудыг Н.Энхбаярыг ачсан цуваа өнгөртөл зогсоож байв.

-Н.Энхбаярыг 461 дүгээр хорих ангид аваачив. Шүүхийн шийдвэрийнхэн Н.Энхбаярыг гэр бүлийнхэнтэй нь богинохон хугацаанд уулзуулав. Н.Энхбаяр гэр бүлийнхэндээ “Миний амь нас, нэг хүний амь нас яахав. Миний болон та нарын хувьд энэ нь үнэ цэнэтэй юм шиг санагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ МАН-АН-ын дарангуйллыг нураан унагаахын тулд амь насандаа харамсах юм алга. Тийм учир би хуурай өлсгөлөнгөө зогсоохгүй. Та нар минь намайг ойлгоорой” гэж хэлжээ.

-Эмч нарын баг түүний биеийн байдлыг үзэж дүгнэлт гаргав. Эмч нар Н.Энхбаярын биеийн байдлыг үзчихээд “Хуурай өлсгөлөнгөөс болоод таны биеийн байдал огцом муудаж байна. Та өлсгөлөнгөө зогсоох хэрэгтэй” гэв.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Н.Энхбаяртай уулзав. Энэ үеэр Н.Энхбаяр түүнд хандан “Та нар ардчилал гэж ярьдаг мөртлөө хүний эрхийг ингэж бүдүүлгээр зөрчиж болдог юм уу. Ц.Элбэгдоржид энэ хууль бус ажиллагаагаа зогсоо гэж хэлээрэй” гэв. Д.Баттулга “Хэлснийг чинь дамжуулъя. Биеэ бодоорой. Би 1994 онд Сүхбаатарын талбай дээр нойтон өлсгөлөн зарласан ч сүүлд нь зүрх өвддөг болсон. Хуучтай болсон гэсэн үг. Хор нь сүүлд заавал гардаг юм байна лээ шүү. Та хуурай өлсгөлөн зарласан учир бүр ч хүнд байж таарна” гэжээ.

-ШШГЕГ-ынханд харгис журам, дүрэм олонтой байдгийн нэг нь өлсгөлөн зарласан хүнд өглөө, өдөр, оройн хоол авчирч өгч, камерт нь нэг хэсэг байлгаж, харуулж, үнэртүүлж зовоодог. Энэ нь хуучин ЗХУ-ын И.Сталины яргаллын үед өргөн хэрэглэж байсан журам ажээ. Н.Энхбаярт энэ аргаа байнга хэрэглэдэг байжээ.

-Н.Энхбаярын биеийн байдал өдөр хоног өнгөрөх тутам мэдэгдэхүйц доройтож байлаа.  МАХН-ынхан Н.Энхбаярыг сэтгэл санаагаар дэмжихийн тулд 461 дүгээр хорих ангийн хашааны гадна талд өсгөгч зоож: “Хүн ардаа сэрээрэй...” гэсэн дууг тавьж байв.

-Эмч нар шүүхийн шийдвэрийнхэнтэй зөвлөлдөж, Н.Энхбаярын биеийн байдал огцом муудаж байгаа учир түүнийг II эмнэлэгт шилжүүлэх тухай ярилцжээ.

-461 дүгээр хорих ангийнхан түүнийг машинаар II эмнэлэгт авчирсан байна. Тэд түүнийг машинаар авч явж байхдаа бичлэг хийж байв. Ер нь Н.Энхбаярыг хууль бусаар баривчилж Төв аймгийн хориход хорьсноос хойш түүний хөдөлгөөн бүрийг өдөр бүр 24 цагийн турш тасралтгүй бичлэг хийж хянаж байсан гэдэг.

-Н.Энхбаяр II эмнэлэгт хүргэгдэж ирсний дараа хууль хүчнийхэн хамтарч өлсгөлөнг хамгийн бүдүүлэг, амь насанд нь хортой аргаар таслан зогсоох гэж оролдов. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дарга н.Ядамсүрэн очиж, Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийг уншив. Тэр захирамжид хуурай өлсгөлөн зарласан Н.Энхбаярын өлсгөлөнг хүчээр таслан зогсоохын тулд түүнд яаралтай “эмчилгээ” хийх тухай дурдсан байжээ.

-Тэнд байсан албан тушаалтнууд ямар эмчилгээ хийх талаар нуугаад хэлэхгүй байжээ. Харин II эмнэлгийн эмч нар тэр “эмчилгээ”-г хийхээс татгалзсан байна. Эмч нар Н.Энхбаярт хийх гээд байгаа “эмчилгээ”-ний тухай товч тайлбарлажээ. Шүүхийн шийдвэрийнхний төлөвлөгөөгөөр Н.Энхбаярыг орон дээр нь хүчээр хэвтүүлэн бие, дөрвөн мөчийг нь ортой хүлж, хөдлөх боломжгүй болгоод хүчээр үзүүрт нь тостой сав уясан урт хуванцар иш хошногоор нь оруулж, гэдэс ходоодных нь тэр хавьцаа савтай тосыг үлдээхээр төлөвлөж байсан байна. Ингэснээр Н.Энхбаярын хуурай өлсгөлөнг зогсоосон хэмээн зарлахаар бэлдэж байсан гэнэ.

-МАНАН-ынхан ийм бүдүүлэг аргаар амь насанд нь шууд заналхийлэн халдаж байгааг ойлгосон Н.Энхбаяр эсэргүүцлээ илэрхийлж, хууль хүчнийхэнд салаавч үзүүлжээ. Тухайн үед олон хоног хуурай өлсгөлөн зарласан учир ам, хэл нь хатаж ярихад төвөгтэй, зарим үед бараг боломжгүй болж байсан учир эсэргүүцлээ тийнхүү илэрхийлсэн байна.

-Хууль хүчнийхэн түүний эсэргүүцлийг бичлэг хийж аваад сүүлд нь Ц.Нямдорж нарын даалгавраар хууль дагаж мөрддөггүй хүн болгож хэвлэл мэдээллээр гаргав. Гэвч хууль хүчнийхний дунд Н.Энхбаярт хандан “Таны явуулж байгаа тэмцлийг дэмжиж байгаа шүү. Дарга нарын дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж таныг зовоож байгаа боловч таны талд байгаа шүү. Та битгий бууж өгөөрэй” гэж хэлэх хүмүүс байсан гэдэг.

-Тийнхүү амь насныхаа төлөө тэмцэж, МАНАН-ынхны төлөвлөгөөг таслан зогсоосон Н.Энхбаяртай уулзахаар О.Баасанхүү өмгөөлөгч очжээ. Н.Энхбаяр уурлаж бухимдсан, ам хоолой нь хатсан байсан ч ард түмэндээ хандан үгээ хэлэхээр шийдэж, О.Баасанхүү өмгөөлөгчийн авч явсан дуу хураагуурт олон түмэнд хандсан үгээ хэлж бичүүлэв. Ам хоолой нь хатсан, ярихад хүнд хэцүү байсан учир хэлэх үгээ хэлж бичүүлэхдээ хэд дахин амарч байж дуусгасан аж.

-Эхчүүд түүний эрүүл мэнд, амь насны төлөө сүү өргөж, хүмүүс II эмнэлгийн байшинг гороолон тойрч, арц хүж асааж, сүү өргөж, санаа сэтгэлээрээ дэмжин залбирч байв.

-Эмч нарын хэлж байснаар Н.Энхбаярын биед билурибин хуримтлагдаж, биеийг нь дотроос нь хордуулах, тархинд нь нөлөөлөх нь нэмэгджээ. Нойр нь их хүрэх болсон тухай эмч нарт хэлэхэд цаадуул нь “..Унтвал билурибин тархинд улам хүчтэй нөлөөлнө, биеийнх нь хордлого нэмэгдэнэ, амь насанд аюултай” гэж тайлбарласан байна. Тийм учир Н.Энхбаяр аль болохоор унтахгүй байхыг хичээж, дотроо бясалгал хийж сэтгэл санаагаа удирдах, сэргэлэн цовоо байхыг хичээж байв.

-Эмч нар үе үе үзлэг зохион байгуулж байв. Эмч нарын комисс Н.Энхбаярын биеийн байдалтай танилцаад “...Хордлого улам нэмэгдэж байна, өлсгөлөнгөө зогсоох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж байв. Н.Энхбаяр хуурай өлсгөлөнгөө таслан зогсоохгүй гэдгээ мэдэгдсээр байлаа.

-Хүмүүс Н.Энхбаярын амь насанд санаа зовж, Ц.Элбэгдорж болон МАНАН-ынхныг эсэргүүцэж, нийгэм тэр аяараа тэднийг жигшин зэвүүцэх, зарим хүн бүр үзэн ядах байдалтай болж ирэв.

-Улмаар олон түмний дургүйцэл нийгмийн тэсрэлт болж хувирах төлөвтэй болсон тул шүүхийнхэнд тушаал өгч, Н.Энхбаярыг суллах шийдвэр гаргуулав. Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарласнаас хойш амандаа нэг дусал ус балгалгүй, хэлэн дээрээ хэрчим талх тавилгүй бүтэн 12 хоног болжээ.

-Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарласан хугацаандаа 95 кг жинтэй байснаа 65 орчим кг жинтэй болсон байв. 12 хоногт даруй 30 орчим кг хасагдсан байв. Өдөрт хоёр кг гаруй кг жин хасагдаж байсан гэсэн үг.

-Ямар ч байсан тэрээр эр зориг, гэр бүл, хамтран зүтгэгчдийн дэмжлэг, хамгийн гол нь нийт ард түмний дэмжлэгийн ачаар МАНАН-ын дарангуйллын системийг энэ асуудал дээр буулгаж авч чадсаныг ажиглагчид хэлдэг. Гэхдээ цаашид туулах зам нь, тодруулбал тархи толгой, гэдэс дотор, зүрх судас, шөрмөс мэдрэл нь яаж өөрчлөгдсөн бол,  бас 2012 оны сонгууль хийгээд МАНАН-ынхан түүнээс өшөө хонзонгоо үргэлжлүүлэн яаж авах бол гэдэг асуулт хэвээр үлдсэн юм.

Үргэлжлэл бий...