Д.БОЛОР

УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгтэй ярилцлаа. Тэрээр 2014 оны Төсвийн тухай хуульд ийм дүн өгчээ.

-2014 оныхоо төсвийг баталлаа. Энэ хууль ямар хууль болов. Шүүмжлэл хэлэх хүн олон байна?

-Өнөөгийн нөхцөл байдал, цаг үетэйгээ таарсан төсөв болсон. 2013 онд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан, экспортод гаргадаг бүтээгдэхүүний хэмжээ багасч, гадаад зах зээл дээрх үнэ унасан. Үүнээс болж улсын төсвөөс 1,2 их наяд төгрөгийн орлого тасарч, бид 2013 оны төсөвт тодотгол хийсэн. Тийм ч учраас 2014 оны төсвийн тухай хуульд хэмнэлттэй байх ёстой гэсэн гол зарчим баримталсан. Тухайлбал, урсгал зардлыг 15 орчим хувиар буруулсан, хөрөнгө оруулалтын зардалд шинэ зүйлийг гаргаж тавьсан гэж бодож байна. Хуучин он дамжин төсөвт өртөг нь нэмэгддэг,  үнийн дүнг өсгөж байсан буруу зуршлыг халж чадсан. Тиймээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор Үндэсний аудитын газар 144 барилга, объектод шалгалт хийхээр болсон. Дээрээс нь 96 аж ахуйн нэгжид мөнгөн дүн нь батлагдсан ч газрын маргаантай, техник нөхцөл авагдаагүй, гүйцэтгэгч компани шалгаруулаагүй зэрэг зохисгүй зүйл байсныг царцаасан. Хуучин нөхцөл байдал үүсвэл тухайн оныхоо төсөвт тодотгол хийдэг байсан бол энэ удаад хаврын чуулганы эхэнд төсвийн тодотголоо хийхээр болж байна. Энэ нь энэ жилийн төсвийн нэг онцлог. Үүнээс гадна 2008 оноос эхлэн төсөл хөтөлбөрт суурилан төсөвөө баталж байгаа. Гэхдээ үүнд бас учир дутагдалтай зүйл байна. Тухайлбал, төсвөөр хүрч байгаа үр дүн, чанар, гүйцэтгэлтэй холбоотой асуудлууд нь бүрхэг орхигдож байна. УИХ төсөв батлахдаа онцгой эрхтэйгээр баталдаг. Тэгэхээр төсөв баталж байгаа байгууллага нь төсвийг хэрэгжүүлэх, зохион байгуулж байгаа шат шатны байгууллагын ажлын гүйцэтгэл, чанарт тусгайлан анхаарах ёстой ч сул байна. Үүнийг дараагийн төсөв, төсвийн тодотгол хэлэлцэхдээ төсвийн үр өгөөж тал дээр илүү анхаарал тавих шаардлага байгааг энэ жилийн төсвөөс олж харсан нь бас нэг чухал ач холбогдол юм.

-Царцаасан гэх объект, барилга байгууламжийг үргэлжлүүлэн барих боломжгүй болсон гэх юм?

-Үндэсний аудитын газарт царцаасан байгууламжийг төсөл хөтөлбөрөөс нь нь эхлээд шалга гэсэн шаардлага тавьсан. Аудитын дүнг үндэслээд тухайн барилга, объектоо санхүүжүүлэх үү гэдгээ төсвийн тодотгол хийж байж шийднэ.

-Төрөөс эрдэс бая­лагийн салбарт баримтлах бодлогын төсөлд танай бүлэг саналаа нэгтгэсэн гэсэн?

-Чуулганы нэгдсэн хуралдаанд санал дүг­нэлтээ уншина.  Бид ахмад геологчид, эрдэс баялагийн салбарт ажил­лаж байсан хүмүүсийг татан оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Бодлогын бичиг баримтад хэд,  хэдэн зарчмын санал дэвшүүлээд дэмжигдээд байна. Хуучин бол эрж хайгаад олборлодог, гадаад зах зээлд гаргаж  зарах байдлаар ашигт малтмал, уул уурхайн салбар явж ирсэн. Одоо бол хайж олоод гадагш нь гаргаж зарахдаа биш нөөцөд үлдээх бодлого баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл, хойч үедээ хадгалах ёстой. Нөгөө талаар Монголын эдийн засаг төрөлжсөнгүй. Уул уурхайгаа түшиглэсэн нэг хөлтэй эдийн засаг болчихоод байна. Иймээс Монголын эдийн засаг олон тулгууртай, солонгорсон байхын тулд эрдэс баялагийн салбарт тулгамдсан асуудлыг шийдэх ёстой. Ингэж чадвал эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх бололцоотой.