М.ГАН

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та энэ парламентад орсон шинэ хүмүүсийн нэг нь. Ямар ажил төрөл эрхэлж байгаад УИХ-ын гишүүн болчихсон юм бэ. Олон улстөрчийн хувьд энд хүрэхэд хэцүү шүү дээ?

-Би УИХ-ын сонгуульд нэр дэвших шийдвэрээ сонгуулиас 40 хоногийн өмнө гаргаж байлаа. Өмнө нь эрхэлж байсан ажлын тухайд гэвэл сум, нэгдлийн ерөнхий агрономичоор ажиллаж  байгаад 1992 онд нэгдэл задрахад хувийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, агрономич мэргэжлийнхээ дагуу аж ахуйгаа үүсгэн байгуулсанаас хойш 20 гаруй жил өссөн төрсөн нутагтаа бизнес эрхэлжээ. Компани маань ч аймагтаа төдийгүй улсын топ шилдэг компаниудын нэг болж байлаа. Хэдийгээр би энэ компанийг үүсгэн байгуулагч боловч амин хувиа хичээх сэтгэлээр ажиллаж, амьдарч байсангүй. Олсон орлого, бүтээсэн амжилтаа олонтойгоо хувааж ирсэн. Тиймдээ ч дорнодчууд надад итгэл хүлээлгэж сонгосон байх гэж боддог. Ер нь бол миний УИХ-ын гишүүн болох зам тийм ч бартаатай байгаагүй шүү.

-Гэхдээ та шинэ улстөрч биш. Гишүүн болохоосоо өмнө аймгийнхаа ИТХ-д хэд хэдэн удаа сонгогдсон туршлагатай улстөрч гэж сонссон юм байна?

-Би Дорнод аймгийн ИТХ-д 2000-2012 он хүртэл гурван удаа сонгогдсон. Гэхдээ аль нэг намаас бус бие дааж нэр дэвшээд сонгогдож байсан. Бодоод байхад надад аль ч сонгуульд бие дааж өрсөлдөх тавилан оногдсон шиг байгаа юм. Нам бус байлаа гээд би намын “фон”-той хүмүүсээс өндөр санал авч байсан. Мориор бол том наадмаас өмнө гурван удаагийн сунгаанд өнгөлчихсөн гэсэн үг л дээ. Энэ нь ч УИХ-д бие даан өрсөлдөх  итгэл, мэдрэмжийг бий болгосон.

-Гэхдээ та МАН-ын гишүүн байсан биз дээ. Энэ намын хэр идэвхтэй гишүүн байсан бэ. Яагаад намаасаа гарах болов?

-Би МАН-ын гишүүнээр жил хүрэхгүй хугацаанд л байсан. Намын батлах авсан, өгсөн хугацаа нь ердөө 10 сар л юм байна. Энэ хугацаанд намын элдэв хурал цуглаанд оролцож, идэвхтэн сонгуультны албыг хашиж байсангүй. Өөрөөр хэлбэл, намшиж өөриймсөж чадаагүй байхдаа л батлахаа буцааж өгсөн дөө. Нутгийн Ардын намын жирийн гишүүд бол намайг дэмжиж байсан. Тэр бүү хэл УИХ-д дэвшихийг ятгаж, хүсч байсан. Гэвч босоо удирдлагатай хатуу намд гадны хүн шиг жийгдэж байгаагаа мэдэрсэн. Тиймээс УИХ-д намаас дэвших хоёр хүний нэр тодрохоос өмнө батлахыг нь өгч, намын хаалгыг хаасан. Түүнээс биш миний хувьд намын удирдлагуудаас “намайг УИХ-д дэвшүүлээч” гэж гуйж, гүйж яваагүй юм шүү.

-Ирэх ням гаригт МАН-ын XXVII Их хурал эхэлнэ. Хэн нь дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болоосой гэж бодож байна. Өрсөлдөгчид ч олон байна. Ардын нам ши­нэчлэгдэж чадах болов уу?

-Их хурлуудын түүх, МАН-ын түүх бол Монгол орны, ялангуяа XX зууны түүх яах аргагүй мөн. Хамгийн олон гишүүнчлэлтэй энэ ахмад нам алдаа оноогоо зөв ухаарч сэхээрч, шинэчлэгдэж хөгжих нь Монгол Улсад хэрэгтэй л зүйл. Намын дарга удирдлага нь хэн гуай болох нь миний хувьд сонин зүйл биш,  болох нэг нь болно л биз. Харин шинэчилж чадах, намаа жинхэнэ Ардын нам болгож чадах эсэх намын гишүүдийнх нь сэтгэлийн чин зориг мэдэх байх.

-Өмнөх парламентад бие даагч ганц л гишүүн байсан. Харин энэ пар­ламентад гур­вуулаа боллоо. Та бүхэн аль нэгэн намд орох уу?

-Бие даагч гишүүн парламентад гурвуулаа байгаа ч бидний ард бүх намын гишүүдийг  нэмсэнээс илүү олон нам бусчууд байдаг.

Тиймээс ч тэр олон сонгогч түмнийг төлөөлж байгаагийн хувьд намд орохыг урьтал болгодоггүй юм. Өнөөгийн Монголын улс төр, хууль эрхзүйн нөхцөл нам давамгайлсан парламентын шүтэлцээтэй. Иймээс улс орны хөгжил цэцэглэлт ирээдүйн төлөө улс төр хийхдээ намд орохыг үгүйсгэж боломгүй. Гэхдээ бид гурав намд орох зайлшгүй цаг хугацаа нөхцөл ирвээс салаалж гороолж явалгүйгээр нэгэн намыг хамтдаа л түшнэ, дэмжинэ гэсэн яриа андгайтай байдаг.

-Ц.Нямдорж гишүүн “Бие даагчид биеэ худалдлаа” гэж хэлж байсан. Ингэж хэлэх шалтгаан юу байсан юм бол?

-Ц.Нямдорж гишүүн өөрөө л биеэ худалдаж ирсэн байх. Ашигт малтмалын хууль, Авлигын хуулийг их хурлаар баталсны дараа албан тушаалаа урвуулан дур мэдэн засаж өөрчилсөн байсныг Ж.Бямбаа, Ч.Хурц, С.Авирмэд, П.Болд нарын эх орон, газар шороогоо гэсэн сэтгэлтэй хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандаж гомдол гаргасан нь саяхны явдал. Цэцээс Ц.Нямдоржийг дээрх хуулиудын агуулга, бодлого дэс дараалал, бүтцийг алдагдуулсан олон өөрчлөлт хийсэн буруутайг  нь нотолсон шүү дээ. Тэр үед УИХ-ын даргаас огцрох төдийгөөр хариуцлага хүлээгээд өнгөрсөн. Ашигт малтмалын хуульд засвар өөрчлөлт оруулсанаар монголчууд үндсэн хуульд заасан өмчлөх эрхээ эдэлж чадахгүй өөрийнхөө баялгийг гадныхнаас худалдан авч өрөнд орж байгаад би харамсдаг. Энэ муухай нөхцлийг бүрдүүлсэн хүмүүсийг бодохоос дургүй хүрдэг юм. УИХ-ын гишүүн байсан Л.Гүндалай ч Ц.Нямдоржийг гадаадын тагнуул, гар хөл болсон хүн гэж баримтаар нотлон шуугиулж байсан нь үнэний ортой л болов уу. Ер нь гадны агент этгээд л улс орныхоо эрх ашгаас урвадаг. Би парламентад орж ирснээс хойш Ц.Нямдорж гэдэг хүн өөдрөг сайхан үг хэлж байхыг сонсоогүй. Зөвхөн шударга царайлсан шүүмжлэл, хүн рүү дайрсан дайралт, шантаажилсан үг хэлж цаг барж байхыг нь харсан.

-Сүүлийн үед янз бүрийн томилгоотой холбоотойгоор бие даагч гурван гишүүн рүү  дайраад байх шиг. Танай дүү “Монросцветмет”-ийн  захирал байх аа?

-Миний хувьд доороо арван дүүтэй, айлын ууган хүүхэд. Дүү нар бүгд өрх гэр тусгаарлаж улс орондоо янз бүрийн ажил хөдөлмөр эрхэлж сайхан л амьдарцгааж байна. Олон дүүгийн маань нэг нь “Монросцветмет”-ийн захирлын албыг хашиж байгаа нь үнэн. Үүнийг хүссэн ч эс хүссэн ч надтай холбох байх. Үнэндээ бол өөрийнхөө сонгосон нам болоод журмын найз нөхдийнхөө нөлөө, бодлого дэмжлэгээр л тэр албанд очсон юм. “Монросцветмет”-ийг МАН-ынхан дэндүү улс төрийн гар хөлийн гишгэдэл газар болгосноос олон арван тэрбумын өртэй, санхүүгийн хүндрэлтэй байгууллага болгосон юм байна гэж ойлгосон. Дүү маань захиргааны ажилчдынхаа 40 хувийг цомхотгож, сэлбэг материалын шахаа, шатахуун бөөнөөр авахдаа жижиглэнгийн үнээс өндөр авдаг байсан зэрэг бусармаг зүйлүүдийг таслан зогсоосноо дүүгийн хувиар надад ярьж байсан. Тэр бүхэн уг байгууллагатай холбоотой ажилладаг байсан, шударга царайлж суйлаа хийдэг хүмүүсийн аазгай дургүйг хүргэж байгаа бололтой.