С.УЯНГА

Өрх толгойлсон ганц бие ээжүүдийн амьжиргааг дэмжиж,  эх хүүхдийн эрхийг  хамгаалах зорилгоор Өрх толгойлсон ганц бие эцэг эхийн нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Оюунхорол, С.Бямбацогт, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа юм.  Хуулийн төслийн хүрээнд өчигдөр олон талын байр суурийг сонсож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын гишүүд өргөн хүрээнд оролцож санал бодлоо илэрхийллээ. Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон 80 мянган эх, найман мянган эрэгтэй байна. Тиймээс эдгээр хүмүүсийг дэмжих зайлшгүй шаардлагатайг иргэдийн төлөөлөл хэлж байлаа. Хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгийг ажилгүй, орлогогүй байгаа өрх толгойлсон эцэг, эхчүүдэд олгох. Мөн  хүүхэд нь сургуульд хамрагдсан орлого багатай ээж, аавуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний урамшуулал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамрагдахад нь төрөөс туслалцаа дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Түүнээс гадна өрх толгойлсон эцэг эхчүүдийг  өвчтэй байх үед нь эмийн тусламж дэмжлэгийг төрөөс үзүүлдэг байхыг тусгах шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дэмжиж байлаа. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд орон сууцны халаалт, цахилгаан, ус, түлшний үнийн хөнгөлөлтөд зориулан амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх  буюу ойролцоогоор 96 000 төгрөгийн мөнгөн тусламжийг оршин суугаа газрын байршил, сууцны төрөл харгалзахгүйгээр улирал бүр олгохоор тусгаад байна. 

ОЛОН ОРОНД ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЭЖ, ААВУУДЫГ ДЭМЖСЭН ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Хуулийг боловсруулахдаа бид иргэд юу хүсч, ямар хууль зүйн зохицуулалт бий болгохыг хүсч байгаа талаарх судалгааг олон талаас нь хийсэн. Уг хуулийн төслийг боловсруулах гэж гурван жил судалсан. Мөн энэ хуулийг хэлэлцүүлэхийн өмнө Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өмчийн эзэн байх, өмчийг хамгаалах хуулийг хамтад нь өргөн барьсан байсан. Энэ хуулийн төсөл байнгын хорооны шатанд хэлэлцүүлэгт явж байгаа. Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн ихэнх нь хөдөлмөрийн насны ажилгүй, орлогогүй байгаа юм. Нийгмийн халамжаас ямар нэг дэмжлэг туслалцаа авдаггүй. Зарим нь ээж аавынхаа тэтгэврийн мөнгөөр үр хүүхдээ, гэр бүлээ тэжээж амьдарч байна. Монгол Улсын төрөөс хүнээ дэмжсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх Үндсэн хуулийн заалттай. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлж, гаргах шаардлагатай байна. Дэлхийн олон улс оронд өрх толгойлсон ээж, аавуудыг дэмжсэн нийгмийн халамжийн хууль хэрэгжиж байна. Дэлхий нийтээр өнөөдөр хүний хөгжлийг дэмжсэн бодлого явуулж эхэлсэн. Тиймээс бид өнөөдөр энэ хуулийг УИХ-аас хэлэлцээсэй гэж хүсч байна. Энэ бол ямар нэг улс төр биш. Хэн нэгний захиалга бус нийгмийн захиалга юм. Монгол Улсын нийт өрхийн 10 хувийн асуудлыг шийдвэрлэх цаг болсон. Эдийн засаг хүнд байна гээд халамжийн бодлогыг бүхэлд нь орхигдуулж байгаа.Тиймээс цөөхөн хүн амтай бидний хувьд хүнээ дээдэлсэн төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна.

ЖИЛД 2000-3000 ГЭР БҮЛ ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛЖ БАЙНА

ШШГЕГ-ын албаны дарга Б.Батболд:

-Улсын хэмжээнд жилд 2000-3000 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна. Өнгөрсөн онд энэ тоо 3082 болж, сүүлийн жилүүдэд өсч байна. Гэр бүлийн тухай хуулиар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд олгох хэмжээг 0-11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний  50 хувиар, 11-16 нас  амьжиргааны доод түвшний хэмжээгээр олгож байхаар заасан.Хэдийгээр хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж өгөх шүүхийн шийдвэр гардаг ч тогтмол орлогогүйн улмаас хүүхдийн тэтгэмж төлөгдөхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалт амьдралд бодитой хэрэгжихгүй байгааг энэ тоо харуулж байна. Энэ нь ганц, бие эцэг, эхчүүдийн олонхийг эзэлж буй ээжүүдийн хувьд үр хүүхдээ өсгөх хүнд ачааг ганцаараа үүрдгийг харуулж байгаа юм.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ГАНЦ БИЕ ЭЦЭГ, ЭХЭД ЗОРИУЛСАН ЗААЛТ НЭМЖ ӨГӨӨЧ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Б.Даваасүрэн:

-Халамжийн тухай хуульд өрх толгойлсон эцэг, эхчүүдэд зориулсан ганцхан заалт байдаг. Тэр заалт нь гурав ба түүнээс дээш хүүхэдтэй эцэг, эхэд жилд нэг удаа 120 мянган төгрөг өгөх заалт. Гэхдээ том  хүүхэд нь 14 нас хүрчихвэл тэр заалт үйлчлэхгүй. Өөрөөр хөгжлийн бэрхшээлтэй бидэнд зориулсан ямар нэг заалт байхгүй. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй ганц бие эцэг,эхэд зориулсан заалт нэмж өгөөч гэж хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин