Эрхэм хүндэт журмын нөхөд өө,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Энэ саруул танхимд орж ирэхэд надад нэгэн сонин сайхан мэдрэмж төрснийг та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо. Та бүхэн сайн мэдэж байгаа. Би удаан хугацаагаар гадаадад эмчлүүлж байгаад эх орондоо эргэж ирээд удаагүй байгаа. Энд эх орондоо эргэж ирснийхээ дараа би заримдаа эх орноо танихгүй байгаа, харин заримдаа таньж байгаа тухай мэдрэмжийн талаар ярих гэсэн юм.
Заримдаа миний өмнө нь сайн таньдаг байсан хүмүүс өнөөдөр өндөр албан тушаалд оччихоод ааш араншин нь хувиран өөрчлөгдөж, би тэднийг ч, тэд нараар дамжин Монголоо ч танихаа байчихдаг болсон. Харин гудамжинд явж байхад огт танихгүй хүн тааралдчихаад намайг таньж “Таны бие сайн уу? Биеэ бодоорой, танд итгэж дэмжиж байгаа шүү” гэж хэлэхэд би өрөвчхөн сэтгэлтэй монголчуудыгаа, тэд нараар дамжин Монголоо таньдаг. Монголоо, монголчуудыгаа танихад миний зүрх сэтгэлд сайхан мэдрэмж төрдөг. Би ард түмэн маань хэвээрээ байгаа юм байна, харин албан тушаалтнууд л өөрчлөгджээ гэдгийг ойлгосон.
Одоо би монголчууд маань энэ хэдэн албан тушаалтнуудын ааш араншин шиг битгий хувиран өөрчлөгдөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг болсон. Өнөөдөр энэ саруул танхимд орж ирэхэд, энд сууж байгаа хүмүүсийн ихэнхийг таньдаг болоод ч тэр үү, эсхүл та бүхэн ааш зангаа хувиргалгүйгээр намайг, биднийг сайн сайхан тосон хүлээж авсан болоод тэр үү, ямар ч байсан би сайн мэддэг эх орондоо эргэн ирсэн байна, миний эх орон энэ мөн байна хэмээн таних сайхан мэдрэмж миний зүрх сэтгэлд төрлөө. Би зүгээр нэгэн танхимд орж ирээгүй юм байна, би эх орондоо буцаж ирсэн байна, эх орон маань намайг халуун дотно хүлээн авч байгаа юм байна гэдгийг мэдэрлээ. Ер нь хүн эх орондоо эргэж ирснээ мэдрэх, эвдрээгүй, ааш араншин нь өөрчлөгдөж хувираагүй ард түмэнтэйгээ учран уулзахын баяр баясгаланг юутай ч зүйрлэшгүй.
Одоо би өмнө нь ард түмнийхээ дэмжлэгээр хашиж байсан албандаа хүндэтгэлтэй хандаж, хамгийн гол нь энд хуран цугласан та бүхнийгээ, болон цэнхэр дэлгэцийн өмнө та биднийг харан суугаа мянга мянган үзэгчдээ хүндэтгэж эрдэмтэн судлаачидтай хамтран бэлдсэн үгээ уншъя.
Монгол туургатны их түүхэнд нам хэмээх анхны улс төрийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан энэ саруул танхимд МАН ба МАХН-ын гишүүдийн өргөн төлөөлөлтэйгээр хуран цугларсан та бүхэндээ халуун баяр хүргэе. Мөн энэ баярын өдрийг тохиолдуулан улс төрийн бусад намуудын гишүүдэд, Монгол Улс орныхоо хувь заяаны төлөө зүрх сэтгэл нь байнга цохилж явдаг, эх оронч үзэлтэй хүн бүрт хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна.
Би энэ удаагийн баярын уулзалт ухаарал ойлголцол, баяр баясгалан авчрах ирээдүйн сайн үйл хэргийн зөв сайн эхлэл болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
Улс төрийн намын ой тэмдэглэхийн учрыг миний бие бүтээж хийснээрээ бахархах, сэтгэл итгэлийнхээ хүчийг сэлбэх, алдаж оносноо цэгнэх, ухаарлын сургамж авах, ирээдүйгээ өөдрөг харж урам зориг нэмэх түүхэн чухал агшин хэмээн ойлгож байна.
Тийм болохоор би хэлэх үгээ:
1/ Улс төрийн шинэхэн түүхийн мартаж боломгүй ой санамжаа сэргээж, эрүүл саруулаар сэтгэе,
2/ Монгол Улсынхаа хөгжлийн ойрын 10 жилийн ирээдүйн зорилтыг зөв тодорхойлж, хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе
гэсэн хоёр уриалгад багцлан тоймоллоо.
- УЛС ТӨРИЙН ШИНЭХЭН ТҮҮХИЙН МАРТАЖ БОЛОМГҮЙ ОЙ САНАМЖАА СЭРГЭЭЖ, ЭРҮҮЛ САРУУЛААР СЭТГЭЕ
Би улс төрийн шинэхэн үеийн түүх гэж монголчуудын туулж ирсэн ХХ зууны түүхийг хэлж байна. Энэ хугацаанд өрнөсөн Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүх МАХН-тай салшгүй холбоотой.
Эхэн үедээ МАН нэртэй, хожим нь баялаг түүхийнхээ бүхий л хугацаанд МАХН гэсэн нэртэй оршин тогтнож ирсэн, хийж бүтээснээрээ ард түмнийхээ зүрх сэтгэл, ой санамжид гүн гүнзгий шингэж хадгалагдсан улс төрийн ууган хүчин үүсэн байгуулагдсан нь Монголын ард түмний их хувь заяаны дуудлага байсан.
ХХ зууны эхэн үед буюу 1911 онд Монголын эх орончид Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн зарласан нь үнэн. Үүнийг та бид зохих ёсоор үнэлж, бахархаж байх ёстой. Тийм ч учраас миний бие тухайн үед МАХН-аас нэр дэвшин ард түмнийхээ дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байхдаа тэртээ олон жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн зарласан арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг тэмдэглэлт өдөр болгох тухай санал санаачилга гарган хөөцөлдөж, эрх бүхий байгууллагын шийдвэрээр баталгаажуулсан юм.
Гэхдээ 1911 онд зарлагдсан үндэсний тусгаар тогтнол маань бүрэн баталгаажиж чадахгүй байсаар монголчууд 1921 онтой золгосныг буурал түүх бэлхнээ гэрчилнэ. Чухамхүү тэр цаг үед манай ард түмний их хувь заяаны дуудлагаар нам хэмээх улс төрийн хүчин байгуулагдаж, Ардын хувьсгалыг ялалтанд хүргэж, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн сэргэж баталгаажих үйл явц эргэлт буцалтгүй болсон юм.
1921 оны Ардын хувьсгал ялж, улс төр, нийгмийн цоо шинэ харилцаа бий болсны дагуу 1924 онд хаант засгийг халж, Бүгд найрамдах улсыг тунхагласнаар Монгол Улс төрийн тогтолцооны хувьд хүн төрөлхтний хамгийн дэвшилт хэлбэрийг сонгосон билээ. Түүхийн энэ тэмцэл дунд МАХН өсөн бойжиж, хэрсүүжин хатуужиж, хоцрогдсон улс орноо хөгжил дэвшлийн замд оруулсан юм.
ХХ зуунд МАХН-ын гүйцэтгэсэн түүхэн үүргийг бодитой үнэлэхэд “Хувьсгалт” гэдэг тодотгол үг, түүний товчлол “Х” үсэг чухал байр суурь эзэлдэг.
Нэгдүгээрт, “хувьсгал” гэдэг үгийн гол утга нь дэлхий дахинд ч, Монголын түүхэнд ч хаант ёсыг халж, Бүгд найрамдах ёсыг тогтоосон түүхэн үйл явцыг илэрхийлсэн агуулгатай байдаг. Түүхийн явцад янз бүрийн тодотгол хэрэглэгдэж байсан ч өнөөдөр хүртэл нийгмийн нэг тогтолцоог нөгөөгөөр солих үйл явцыг мөн л “хувьсгал” хэмээн нэрлэдэг билээ. Тухайлбал 1990 оны өөрчлөлтийн үйл явцыг одоо бараг бүх нийтээрээ “ардчилсан хувьсгал” гэж нэрлэдэг болчихоод байгаа шүү дээ. Тэр байтугай өнөөдөр АНУ-д өрнөж байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Ардчилсан намаас оролцож байгаа Берни Сандерс хэмээх сенатор социал-демократ үзэлтэйгээ илэрхийлж, АНУ-д баян хоосны ялгааг арилгахын тулд “хувьсгал” хийх хэрэгтэйг шууд зарлан тунхаглаж, тийнхүү зарласныг нь сонгогчид, ялангуяа залуу сонгогчид идэвхтэй дэмжиж байгааг та бүхэн сайн мэдэж байгаа бизээ.
Иймд “хувьсгал” гэдэг үгийг өнөөдөр ч, хожим хойно ч ад үзэх үндэслэл огт байхгүй мэт санагдана.
Хоёрдугаарт, 1920 оны зургадугаар сарын 25-ны өдөр “түшмэдийн”, “ноёдын”, “язгууртны” гэх мэт нэртэй бүлгэмүүд нийлж байгуулсан “Монгол Ардын Нам” нь 1921 оны гуравдугаар сард ар Хиагтад өргөтгөсөн зөвлөлгөөнөөрөө албан ёсоор “улс төрийн нам” болон хэлбэржиж, 1924 он хүртэлх хугацаанд хамжлагат ёсыг халах, нутгийн захиргааг өөрчлөх, Үндсэн хуулиа боловсруулж батлах гээд Бүгд найрамдах засгийн гол зорилтуудыг хэрэгжүүлж эхлээд, улмаар эхлүүлсэн ажлаа эрчимжүүлж, цаашид дэвшүүлэх зорилтоо улам том, бас тод томруун болгохын тулд “хувьсгалт” хэмээх тодотголыг нэрэндээ оруулсныг өнөөдөр буруу гэх үндэслэл олоход хэцүү. Энэ бол зөвхөн нэг үг, нэг үсгийг авах ба гээх тухай асуудал огт бишээ.
Энэ үгийн цаана Монгол Улсын ХХ зууны бүхэл бүтэн түүх, тусгаар тогтнолоо тэмцэж олсон өвөг дээдсийн маань түүхэн гавьяа, их бүтээн байгуулалтын ажлыг нуруундаа үүрч хийж бүтээсэн ахмадуудын маань нэр алдар, дэлхий дахин Монгол Улсыг тусгаар тогтносон улс мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн бодит түүх бүгд багтана. Түүхийн энэ богино хугацаанд ийм ихийг хийж бүтээснийг үнэхээр “хувьсгал” хэмээн нэрлэхээс өөр юу гэж нэрлэх вэ? Эдгээр өөрчлөлтүүд нээрээн “хувьсгалт” шинж чанартай байсан гэхээс өөрөөр юу гэж тодорхойлох билээ?
Гуравдугаарт, МАН-ын эхэн үеийн хурлуудын оросоор хөтөлсөн тэмдэглэлд “Народная революционная партия” гэсэн үг олон тохиолддогийг, “Эрмэлзэх арван зүйл”-ээс эхлээд тэр үеийн МАН-ын гол баримт бичгүүдэд “...бошгыг халах намын бат журмаар үйлдэх” гэсэн үг олон байдаг зэргийг бодолцвол “хувьсгал” гэдэг үг анхнаасаа МАН-ын үйл хэрэг, бодлогын баримт бичигт өргөнөөр хэрэглэгдэж байсан нь илт харагддаг. Улмаар “хувьсгалт” хэмээх энэ үг 1924 оноос эхлэн улс төрийн ууган хүчний нэрэнд үйл хэрэг, эрч хүчийнх нь илэрхийлэл болон бат бэх шингэсэн юм. Хамгийн гол нь МАХН-тай хамт улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө амь нас, ариун хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж ирсэн ард түмний маань зүрх сэтгэлд гүн гүнзгий шингэсэн юм.
Гэхдээ МАХН-ын туулж ирсэн түүх амар хялбар бүтээгүй. Монгол Улсыг хамарсан их өөрчлөн байгуулалтын он жилүүдэд олон саад бэрхшээл тулгарсны хамгийн хүнд хэцүү нь хэлмэгдүүлэлт байсан гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй. Хэлмэгдүүлэлт бол манай нам, манай улсын түүхийн үнэнийг бодитойгоор олон тогтоож, монголчууд бид ой санамжаа эрүүл саруул байлгахад саад болдог, олон зохиомол болон ээдрээтэй бодол үүсгэдэг сэдэв мөн.
Хэлмэгдүүлэлт бол хүнийг үзэл бодол, баримталж байгаа улс төрийн байр суурийнх нь төлөө хуулийн нэр барьж, үнэн хэрэгтээ хуулийг мушгин гуйвуулах, завхруулах замаар хүний эрхийг хязгаарлах, эрх чөлөөнд нь бүдүүлгээр халдах, нутаг заан цөлөх, эх орондоо ажиллаж амьдрах боломжийг нь хаах, хүчээр зохиомол ял тулгах, шоронд хорих, тэр байтугай амь насыг нь егүүтгэх хүртэл янз бүрийн аргаар илэрдэг хамгийн хорон бөгөөд харгис хүчирхийлэл юм.
Манай намын болон Монгол Улсын түүхэнд гаднын хүчний тулгалт, шууд оролцоотойгоор 1930-40-өөд онд олон хүний амь насанд хүрсэн хэлмэгдүүлэлт гарсан, 60-70-аад онд улс төрийн дарамт, оюун санааны хавчлага болсныг та бид бүгдээрээ сайн мэднэ.
Тухайн үед нам гадныхны тулгалт шахалтын өмнө хүчин мөхөсдөж хэлмэгдүүлэлтийг таслан зогсоож чадаагүй, зарим тохиолдолд өөрөө алдаа гаргаж, ялангуяа монголын сэхээтнүүдийг хэлмэгдүүлж байсны төлөө миний бие эрх баригч МАХН-ын дарга байхдаа намаа төлөөлж ард түмнээсээ уучлал гуйсан. Би ийнхүү уучлалт гуйж байхдаа хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр эх оронд минь дахин бүү давтагдаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч, ардчилсан нийгэмд ийм явдал дахин гарахгүй гэдэгт бат итгэж байсан.
Гэтэл тун удалгүй шинэ цагийн улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуурга шуурч, түүнд би өөрөө хамгийн түрүүн өртсөн юм. Миний бие МАХН гэсэн сайхан нэртэй улс төрийн ууган намыг бүхий л түүхтэй нь, алдаа оноотой нь, хийж бүтээсэнтэй нь хамт авч үлдэх гэж зүтгэснийхээ төлөө, байгалийн баялгийг ард түмэндээ эн тэнцүү өмчлүүлэх гэж зорьсныхоо төлөө, Монголдоо шударга ёсыг бат бэх тогтоохын тулд тэмцсэнийхээ төлөө энэ цаг үеийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон гэдгийг нийт ард түмэн сайн мэдэж байгаа.
Одоо энэ бүхнийг дахин дурдаж байгаагийн учир шалтгаан хэн нэгнээс хэзээ нэгэн цагт өшөө хонзон авах гэж бодож байгаад оршиж байгаа юм огт бишээ. Харин 1990 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх гуай “ардчилсан хувьсгал”-ыг дэмжиж, хууль, хүчний байгууллагын удирдлагуудад хандан хэлж байсан “хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” гэсэн захиас үг өнөөдөр бүдгэрэн мартагдаж байгааг УИХ-д суудалтай улс төрийн намууд, ялангуяа сүүлийн дөрвөн жилд засгийн эрхийг барилцаж байгаа АН, МАН болон МАХН-ын өнөөгийн удирдлагуудад сануулан анхааруулахад оршиж байгаа юм.
Хэлмэгдүүлэлтийг даван туулах хамгийн дөт бөгөөд зөв зам бол нэг нэгнийгээ уучлах, гарсан алдаа завхралаас сургамж авч, түүнийгээ дахин давтахгүй байхыг ухаарах явдал юм. Жинхэнэ уучлалын нууц гэж хэлмэгдсэн нь хэлмэгдүүлснийгээ уучлахыг хэлнэ, жинхэнэ ухааны нууц гэж хэлмэгдүүлсэн нь гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч засахад оршино. Гэхдээ тийнхүү уучилж байгаа нь хэлмэгдүүлэлттэй эвлэрч буй хэрэг огт бишээ. Харин гаж буруу тогтолцоог засахын төлөө, хэлмэгдүүлэгсдэд айдсаасаа салж, өшөө хорсолоо дуусгавар болгоход нь туслахын төлөө, ард түмнээ хэлмэгдүүлэлтийн айдас хүйдсээс ангид байлгахын төлөө, ардчиллыг гаднах дүр эсгэсэн хуурамч дүр төрхөөс нь салгаж, доторх бодитой мөн чанарыг нь сэргээн бэхжүүлэхийн төлөө хийж буй улс төрийн соёлтой, том алхам юм.
Би жинхэнэ уучлал их эвлэрэл, их эв нэгдлийг авчирна гэдэгт хатуу итгэдэг.
Өнөөдөр манайд улс төрийн нам оршин байхын утга учир, улс төрч байж улс төрийн амьдралд оролцохын ухааныг зөвхөн хөрөнгө мөнгө, албан тушаалын төлөөх ичгүүр сонжуургүй, улайрсан тэмцэл мөн гэсэн байдлаар буруу ойлгож, тийнхүү намын болон улсын ажлыг явуулж байгаа тул өнөөгийн төр засгийн болон намуудын нэр хүнд навсайтлаа унаж, иргэдийн дунд өндөр албан тушаалтнуудыг үл хүндэтгэх, зарим тохиолдолд бүр үзэн ядах байдал бий болсон нь улс орон, ард түмнийхээ төлөө санаа сэтгэлээ зовоож явдаг, эрүүл саруул ухаантай хүн бүрийн анхаарал татах асуудал болжээ.
Энэ байдлаас гарахын тулд улс төрийн намууд, ялангуяа төр засгийн эрхийг барилцаж байгаа намууд өөр өөрийн үйл ажиллагаанд бодитой дүгнэлт хийж, орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах чадвартай болох, ард түмнийхээ хүсэн хүлээснийг мэддэг ухаантай байх, амласнаа хэрэгжүүлдэг соёлтой болох шаардлагатай байна.
Эцсийн эцэст улс төрийн нам оршин тогтнохын гол утга учир ард түмэндээ үйлчлэхэд оршино гэдгийг та бид хэзээ ч мартаж болохгүй.
Намын идэвхтэй гишүүд гэдэг нь бусдын сайн сайхны төлөө зүтгэх сэтгэлтэй болсон хүмүүс мөн гэж ойлгох шаардлагатай. Энэ утгаараа намын идэвхтэй гишүүдийг бусдын сайн сайхны төлөө өөрийгөө умартан зүтгэхээр тангараг өргөсөн бодьсадва нартай зүйрлэн хэлвэл хэтрүүлсэн болохгүй. Эх оронч үзэлтэй байх нь мөн адил бусдын төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэхийн нэр мөн. Энд хуран цугласан эх орончид, бодьсадва нарт, та бидний баярын хурлыг харан, сонсон суугаа мянга мянган эх орончид, бодьсадва нартаа Эх орончдын өдрийг тохиолдуулан дахин баяр хүргэж, та бүхэндээ миний найз, Монголын алдарт яруу найрагч О.Дашбалбар агсны “амьддаа бие биеэ хайрлаж байгаарай” гэсэн мэргэн үгийг сануулъя.
Эдүгээ дэлхий дахинд оршин тогтнож байгаа ардчилсан шинжтэй бараг бүх улс оронд “нам” хэмээх улс төрийн институт ажиллаж, улс төрийн тогтолцооны гол бүрдэл болж байгаа нь бодит үнэн юм. Гэхдээ намууд юуны төлөө, яаж оршин тогтнож байдаг вэ? гэдэгт онол, ном нуршилгүйгээр товч тодорхой дараах гурван хариултыг өгч болно.
Эхний хариулт нь, намууд өөр өөрийн баримталдаг үзэл баримтлал, түүнд суурилсан үнэт зүйлсэд тулгуурлан улс орноо хөгжүүлэх, ард түмнээ сайн сайхан амьдруулах боломж, арга замыг тодорхойлсон цэгцтэй бодлого боловсруулж, олон түмэндээ танилцуулаад тэднийхээ итгэл, дэмжлэгээр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх хууль ёсны эрхтэй болохыг зорьж байх ёстой. Харин засгийн эрх бариагүй ч Парламентад суудал авсан нам бол эрх баригчдын үйл ажиллагааг хянах, тэдэнд алдаа дутагдлаа засаж залруулахыг анхааруулан шүүмжлэх, шаардах ёстой.
Гэтэл манай өнөөгийн Парламентад олонхийг бүрдүүлж байгаа нь олонхи шиг байж чадахгүй, цөөнхийг төлөөлж байгаа нь цөөнх шиг байж чадахгүй, нэг болохоор ялих шалихгүй асуудлаар хоорондоо хагаралдан тэмцэлдэж, эсхүл улс орон, ард түмний эрх ашигт шууд нөлөөлөхүйц том асуудлаар үгсэн хуйвалдаж буруу шийдвэр гаргаж байгаа нь өнөөгийн хямралт байдлыг улам гүнзгийрүүлж, хамгийн их түгшүүр төрүүлж байгаа нь энэ бүхнийг харж байгаа ард түмэн маань сонгууль болсон ч энэ хямралт байдал засран арилна гэдэгт итгэж чадахгүй толгойгоо сэгсрээд сууж байгаа явдал юм.
Олон түмэн АН ба МАН хамтарч Засгийн газарт орж ажилласныг чухамхүү ийм л хуйвалдаан болсон хэмээн хүлээн авсан, сүүлд нь АН МАН-ыг Засгийн газраас хөөж гаргасныг хоёр том намын хоорондын хэрүүл тэмцэл, будлиан булхай хэмээн ойлгож, аль алинд нь шүүмжлэлтэй хандсан билээ.
Нөгөө талаар МАХН засгийн эрх барилцаж байгаа нэртэй ч үнэн хэрэгтээ АН-ынхны, ялангуяа түүний удирдлагад байгаа нөхдүүдийн юу дуртайгаа хийхийг нь таслан зогсоох чадваргүй, голдуу ирц бүрдүүлэх, товчлуур дарах хэмжээнд ажиллаж байна хэмээн шүүмжилвэл хэтрүүлсэн болохгүй.
Тэгвэл энэ байдлас яаж гарах вэ? МАХН энэ байдалд дүгнэлт хийж, юуны түрүүн өөртөө шүүмжлэлтэй хандаж, улс төрийн жижиг хов жив хөөцөлдөж, нэг нэгэндээ гомдох, нэг нэгнийхээ чадах гэж явахын оронд улс орны хөгжил дэвшлийн талаарх томоохон бодлогоо тодорхой томъёолж, ард түмэндээ танилцуулах ажлыг хийе гэж шийдсэн.
Хэрэв ард түмэн маань энэ бодлогыг дэмжвэл “Хөгжлийн хувьсгал” нэртэй Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрийг цаг алдалгүй ажил хэрэг болгох үүднээс өнөөгийн Засгийн газар, УИХ-д танилцуулж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Хоёр дахь хариулт бол урт хугацаанд тууштай баримтлах, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын хөрсөнд бодитой хэрэгжих номлол, үзэл баримтлалтай байх явдал нэн чухал юм. Тодорхой үзэл баримтлалыг дагаад үнэт зүйлс нь ойлгомжтой болно. Үнэт зүйлсээс зарчмууд урган гарч ирнэ. МАХН бол анх байгуулагдсан үеэсээ зүүний чиглэлийн үзэл баримтлалтай нам байсаар ирсэн. Түүнийхээ жанжин шугамаас түүхийн аль ч хүнд үед ухраагүй улс төрийн хүчин мөн. Яг одоогийн байдлаар МАН ба МАХН-ын аль аль нь социал-демократ үзэл баримтлалтай намууд мөн хэмээн ойлгож болно.
Манай намын хувьд үнэт зүйл нь:
а/ Юуны түрүүн монгол хүн, Монголын ард түмний язгуур эрх ашиг,
б/ Монгол хүн, Монголын ард түмний язгуур эрх ашгийг хамгаалахын тулд байнга бэхжүүлж байх ёстой улс орны тусгаар тогтнол,
в/ Тусгаар тогтнолыг баталгаажуулах эрчимтэй, тогтвортой хөгжил дэвшил мөн билээ.
Эдгээр тулгуур гурван үнэт зүйл нь ямагт байсан, одоо ч байгаа, цаашид ч өөрчлөгдөхгүй байсаар байх болно.
Түүнчлэн бид нийт хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлс болсон:
а/хүний эрх, эрх чөлөө,
б/шударга ёс,
в/эв нэгдэл,
г/ардчиллыг
монгол уламжлалаараа баяжуулан тууштай хэрэгжүүлэхийг ямагт эрмэлздэг билээ.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байхдаа “Эвтэй бол хүчтэй” гэсэн уриа дэвшүүлж, олон түмэн маань ч энэ уриаг халуун дотно хүлээн авч дэмжсэн билээ. Одоо энэ уриагаа өөрийгөө Эзэн Чингисийн удмын хүн хэмээн үзэж байсан Доголон Төмөр хааны хэлж үлдээсэн, түүний бунханд сийлсэн “Шударга бол эвтэй” гэсэн мэргэн үгээр баяжуулж, Шударга ёсонд тулгуурласан Эв нэгдэл бат бэх байна, Бат бэх эв нэгдэлд тулгуурлавал Хүчтэй байна гэсэн ойлголтонд нийцүүлэн “Шударга бол эвтэй, эвтэй бол хүчтэй” гэсэн зарчмыг баримталж байя хэмээн та бүхэндээ хандан уриалж байна.
Гурав дахь хариулт нь бодлого, үзэл баримтлалаа хэрэгжүүлэхийн тулд идэвхтэй ажиллах, түүнийгээ ард түмэндээ сайтар ойлгуулж, ард түмнээ дайчлах, түүний итгэлийг олж авах чадвар бүхий, улс орныг нэлэнхүйд нь хамарсан зохион байгуулалтын бүтэцтэй байх ёстой. Үүнийг аль ч улс төрийн нам хууль, намынхаа дүрэм, журам, холбогдох бусад шийдвэр, идэвхтэй үйл ажиллагаагаараа бий болгодог. Манай намын хувьд аравт, зуут, мянгатын бүтэц бол өргөн уудам нутагтай, таруу суурьшин амьдардаг хүн амтай, нүүдлийн соёл иргэншлийн сонгодог уламжлалаа хадгалсан хэвээр байгаа Монгол орны нөхцөлд Эзэн Чингисийн үеэс түүхээр шалгагдсан зохион байгуулалтын тогтолцоо хэмээн үзэж баримтлахыг хичээдэг юм. Үүнийгээ бид орчин үеийн улс төрийн менежмент, мэдээллийн технологийн ололтоор байнга сэлбэн шинэчилж, илүү үр ашигтай болгож байх ёстой.
Гэхдээ энд зориуд онцлон тэмдэглэх нэгэн зарчим бий. Улс орноо хөгжүүлье, энэ их үйл хэрэгт ард иргэдээ идэвхитэй татан оролцуулъя гэж бодож байгаа бол зөвхөн манай намын гишүүн хэмээн явцууралгүйгээр, нам, нас, зүс, хүйс зэргийг харгалзалгүйгээр, улс орон, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд гардан оролцож, хүч чадлаа дайчлая гэсэн хэн бүхэнтэй хамтран ажиллах нь туйлын чухал чадвар мөн билээ.
Гэхдээ дээр хэлсэнчлэн улс төрийн намууд төр засгийн эрх мэдлийг авахын төлөө өрсөлдөхдөө ардчилсан оронд төрийн эрх мэдэл ард түмэнд байнга хадгалагдаж байдгийг хэзээ ч мартаж болохгүй. Гэтэл өнөөдөр манай зарим нам болон зарим улс төрчид сонгогчдын дэмжлэгээр төр засгийн эрх мэдлийг түр хугацаанд авсныгаа бүр үүрд мөнх хувьчлан авсан мэтээр эндүүрч, элдвээр аашлан аяглаж байгаа нь туйлын буруу үзэгдэл мөн.
Улс төрийн намууд тодорхой үзэл баримтлалтай байх нь зөв ч бусад нам, хувь хүн өөр үзэл баримтлалтай байхыг үл зөвшөөрөх байдлаар хандах, тэдгээрийг хэлмэгдүүлэх гэж улайран дайрах нь мөн л буруу үзэгдэл мөн.
Улс төрийн намууд гишүүд, дэмжигчдийнхээ хүрээг тэлж, үндэсний хэмжээнд бүтэц, зохион байгуулалттай болсноор ард иргэдийнхээ санаа бодлыг тусгасан бодлого боловсруулан хэрэгжүүлэх, өргөн олны дэмжлэг авах боломжтой болдог нь үнэн ч үйл ажиллагаагаа зөвхөн гишүүддээ хүртээмжтэй байдлаар явцууруулах нь мөн л том алдаа дутагдал мөн.
Энэ бүх дүгнэлт, сургамжаас санаа авч, юуны түрүүн өөртөө шүүмжлэлтэй хандаж, бусдыгаа хүндэтгэж, бодлогоо зөв тодорхойлж, үйл ажиллагаагаа идэвхжүүлж, ард түмэнтэйгээ амин холбоо тогтоон ажиллаж байгаа улс төрийн нам улс орныхоо хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Уучлаарай, миний ам хатаад байгаа учир энэ индэрт тавьсан уснаас ууя. Ус ууя гэснээс хэдийгээр баярын хурал болж байгаа ч нэгэн хөгжилтэй түүхийг та бүхэнтэйгээ хамтдаа дурсая гэж бодогдлоо. 1999 онд МАХН-ын анхан шатны байгууллагын дарга нарын уулзалтыг Улаанбаатар хотод хийсэн юм. Би намын даргын хувьд тэр уулзалтад орж үг хэлсэн. Бас л миний ам хатсан учир надад ус авчирч өгсөн. Би тэр уснаас аяганд хийж уугаад, үгээ хэлж дуусаад, буцаад суудалдаа суусан. Ууж байсан устай аяга индэрт үлдсэн. Миний үг хэлсний дараа Дорнод аймгийн Баян-Дун сумын намын анхан шатны байгууллагын дарга индэрт гарч үг хэлэх ёстой байсан. Болдтөмөр дарга индэрт гарч үг хэлэхийнхээ өмнө миний ууж байсан уснаас ууж амссан. Тэгээд: “архи гэж бодсон чинь зүгээр ус л байна шүү дээ” гэж хэлж, танхимд сууж байсан хүмүүсийг инээлгэж байсан юм. Энэ удаа ч гэсэн индэрт ус байгаа учир би архи биш ус уулаа. Зарим хүн дарга нар индэрт гарч үг хэлэхэд тэдэнд ус биш архи өгдөг байж магадгүй гэж боддог юм шиг байна лээ.
2.МОНГОЛ УЛСЫНХАА ХӨГЖЛИЙН ОЙРЫН 10 ЖИЛИЙН ИРЭЭДҮЙН ЗОРИЛТЫГ ЗӨВ ТОДОРХОЙЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ХАМТААРАА ЗҮТГЭЦГЭЭЕ
Аливаа хямралд гарц бий, хямралаас зөв гарцаар гарч чадвал улс орон урт хугацаанд тогтвортой хөгжиж чадна. МАХН хямрал, хүндрэлээс хамгийн зөв гарц бол эх орныхоо мөнхийн үнэмлэхүй давуу тал, үндэсний соёл иргэншлийнхээ онцлог хийгээд дэвшилтэт бүхнийг хадгалан, бусдын ололт амжилттай хослуулан сэтгэн бодож, томоохон зорилтуудыг зориглон дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа тууштай зүтгэх явдал мөн гэж үздэг билээ. Ийнхүү томоохон зорилтыг дэвшүүлэхдээ дараахи тулгуур үзэл санаанд суурилахыг хичээсэн болно.
Нэг. Эвлэн зохицсон тэнцвэртэй хөгжлийн үзэл.
Энэ үзлийн гол агуулга нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн бүх салбар хоорондоо харилцан хамааралтай болж өөр хоорондоо эвлэн зохицсон байх ёстой, нэг нь сулрахад нөгөө нь тэтгэж түшдэг зохистой эдийн засгийн тогтолцоо бүрдсэн байх хэрэгтэй хэмээн үзэхэд оршино. Ийм үзэл нийгмийнхээ оюуны чадавхид, өөрөөр хэлбэл, ард түмнийхээ оюун ухаанд, түүний дотор үндэстний оюуны охь манлай болсон эрдэмтдийн маань бодитой судалгаа шинжилгээнд суурилсан байх ёстой. Дашрамд тэмдэглэхэд наанаа бүхнийг мэдэгч юм шиг санагдах авч үнэн хэрэгтээ юуг ч яг ёсоор нь сайн мэддэггүй улс төрчдийн аливаа хэлбэрийн дарамт шахалтаас салж, судалсан шинжилснээ мэдсэн шиг мэддэг эрдэмтэд мэргэдийнхээ дуу хоолойг сонсох цаг болжээ гэдгийг тэмдэглэе. Эрдэмтэд мэргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй хэдийчинээ удна, Монгол Улсын хөгжил дэвшил төдийчинээ ухарч хойшлоно.
Хоёр. Хууль, улс төрийн соёл, ёс суртахуун гурвын зохистой хослолыг нийгмийн шударга ёс, үндэсний эв нэгдлийн гол баталгаа болгох үзэл.
Хууль, ёс суртахуун, улс төр гурав бол аливаа үндэстнийг ухаантай, хүчтэй, нөлөөтэй, нэр хүндтэй, зохистой, зөв байлгах, эсхүл мунхаг, сул дорой, согогтой, буруу байхыг шийддэг оюуны хүчирхэг хөшүүрэг мөн гэж үзэж болно. Хуулийг уландаа гишгэвэл ёс суртахуун үгүй болно. Ёс суртахууныг уландаа гишгэсэн хууль хуурай хүчирхийлэл болно. Хууль, ёс суртахуун хоёрыг зөв хэрэглэн баримтлах нь улс төрийн өндөр соёл мөн. Энэ гурвын нэгдэл нь шударга ёс, эв нэглийн үндэс мөн хэмээн үзэж, чанд баримталж байх нь чухал юм.
Гурав. Онцлог байдал хийгээд байгаа боломжоо тооцсон ухаалаг төлөвлөлтийн үзэл санаа.
Энэ бол улс орныхоо бодит нөөц боломж, нийгэм соёлынхоо онцлог байдлыг танин мэдсэн мэдлэгт суурилсан нийгмийн амьдралын олон талыг хамарсан судалгаа байх ёстой гэсэн ойлголт юм. Монголын эрдэмтэд ийм судалгааг хийсэн. Энэ судалгаанд тулгуурлаж эдийн засгийн өсөлт, нийтийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал гэсэн 3 тулгуурт зангидсан хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахыг зорих болно.
Дөрөв. Аливаа хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтийг хатуу хориглох ёстой гэсэн үзэл.
Улс төр, эрх зүй, ёс суртахуун бүхий, ард түмэндээ үйлчилдэг шударга, эрүүл засаглалын тогтолцоог бүрдүүлэх явдал нь боловсруулсан бодлого, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах орчин мөн гэж үзэж байна. Агуу Ф.Достоевский “Преступление и наказание” буюу монголоор “Гэмт хэрэг ба Шийтгэл” хэмээх бүтээлдээ аливаа сайн зорилгод муу аргаар хүрч болдоггүйн үнэнийг тогтоон номлосон байдгийг мэдэж байх шаардлагатай, мэдээд зогсохгүй сайн зорилгод сайн аргаар хүрнэ гэсэн зарчмыг хатуу баримталж байх ёстой гэдгийг анхааруулан сануулая.
Одоо би улс орноо хөгжүүлэх талаар дээр дурьдсан бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчим, үзэл санааг иш үндэс болгон боловсруулсан хөтөлбөрийнхээ товч агуулгыг Та бүхэндээ хүргэе.
Энэ хөтөлбөрийн зорилгыг товчоор тодорхойлвол “Монгол хүн бүрийг эрүүл саруул, сэтгэл хангалуун байлгах, улс орноо эрчимтэй хөгжүүлэх” явдал мөн хэмээн хэлж болно.
Хөтөлбөр нь “Мянганы төмөр зам”, “Улсын чанартай найман хот”, “Оюутны сургалтын төлбөрийг төрөөс даах”, “Орон сууцны тэг түрээс”, “Эрүүл мэндийн үйлчилгээ”, “Чинээлэг дунд давхрааг төлөвшүүлэх” гэсэн бүтэцтэй байна.
Санхүүжилтийн хувьд уг хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд 60 тэрбум ам.доллар шаардагдана. Энэ эх үүсвэрийг уул уурхайн салбараас олох бүрэн боломжтой. Орж ирсэн мөнгийг тусгай санд байршуулж, хуримтлал бий болгож, эдийн засгийн эргэлтэнд оруулан өсгөж, дээрх төслүүдэд зөв зарцуулвал Монгол Улс 10 жилийн дараа хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын дотор эхний 30 орны тоонд орно гэж үзэж байна.
Бид олон жил хоцрогдсон улс орон, хоцрогдсон ард түмэн гэж бусдаар хэлүүлсээр байгаад, өөрсдийгөө тийнхүү голсоор байгаад хоцрогдолтойгоо эвлэрч, жижигхэн зорилт дэвшүүлж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх байдлаар амьдарч ирсэн байна. Түүндээ ч дасчээ. Тэгвэл хөгжлийн нууц тухайн үндэстэн, улс орон хэр зэрэг том зорилт дэвшүүлж, түүнийхээ хойноос хэр зэрэг тууштай тэмцэн зүтгэж байна вэ гэдэгт оршдог аж.
Одоо жижиг зорилтын явцуу хүрээнээс гарч, том зорилтын их үйл хэргийг хамтдаа эхлүүлэн хэрэгжүүлье хэмээн энд сууж байгаа та бүхэндээ хандан уриалж байна. Нийт монголчууддаа хандан та бид агуу түүхтэй улс, агуу түүхийнхээ хэмжээнд өргөнөөр сэтгэн бодож хамтдаа зорин зүтгэе хэмээн уриалж байна.
Өнгөрсөн цагт бусдыг байлдан дагуулж их эзэнт гүрнийг байгуулж их түүхийг бүтээдэг байсан бол өнөөдөр хүн бүр өөр өөрийн дотор байгаа атаа жөтөө, амиа бодох үзэл, урваж шарвах сэтгэл, хурч мэхлэх хүсэл, болж л өгвөл хойш суух гэсэн оролдлого, ам ба ажлын зөрүү, залхуу хойрго сэтгэл, танхай балмад зан авир, хагаралдан тэрсэлдэх үзэл зэрэг дотоодын дайснуудаа дарж, өнөөгийн Монгол Улсаа эрчимтэй хөгжүүлж, Их Монгол Улсаа хамтдаа бүтээх цаг иржээ гэдгийг анхааруулъя.
Их зорилтыг дэвшүүлсэн хөтөлбөрийн хүрээнд:
“Мянганы төмөр зам” төслийг санаачилж хэрэгжүүлнэ. Энэ төслийн үр дүнд Ховдоос Дорнодын Чойбалсан хүрэх, ойролцоогоор 3500 км. урт төмөр зам баригдана. Ингэснээр Монголын эдийн засгийн хөгжлийн хурд эрс нэмэгдэнэ. Цаг хугацаа хэмнэгдэж, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тариф багасна. Зах зээл тэлж, салбар хоорондын хамаарал бэхжинэ.
“Улсын чанартай найман хот” нэртэй урт хугацааны мега төслийг хэрэгжүүлнэ. Хот бүрт дунджаар 150 мянган хүн тав тохитой орчинд амьдарч байхаар төлөвлөж байна. Ингэснээр хүн амын хэт төвлөрөл саарч, утаа, хог хаягдал, ус, хөрсний бохирдол, нийгмийн халамж үйлчилгээ гэсэн тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ.
Улс орны эрчимтэй хөгжлийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийн тулд Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох шаардлагатай. Үүний тулд 3500 мегаватаас доошгүй хүчин чадал бүхий эрчим хүчний эх үүсвэрийг шинээр бий болгох зорилтыг дэвшүүлж шийдвэрлэхээр төлөвлөж байна.
“Оюутны сургалтын төлбөр” төслийг дээд боловсролын салбарт хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Төмөр замаар холбогдсон, улсын найман том хотод их дээд сургуулиудаа хот бүрийн онцлогтой уялдуулан байрлуулна. Тэнд түншлээд сургууль, цэцэрлэг, оюутны байр, спортын цогцолбор, театр, мүзей, соёлын ордон гээд хүний тав тухтай амьдрах, авъяас чадвараа нээн хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлнэ. Улмаар оюутны сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс даах тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр Монголд өндөр боловсролтой, хөрвөх чадвартай үндэсний боловсон хүчин бэлтгэгдэж, монголчууд мэдлэг боловсролоороо өөрсдөө их бүтээн байгуулалтынхаа жинхэнэ эзэд нь болно.
“Орон сууцны тэг түрээс“ хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийнхээ орон сууцны хэрэгцээг бүрэн хангана. Одоогийн байдлаар Монгол Улсад 450 мянган өрх орон сууцгүй байгаа гэсэн судалгаа байдаг. Тэдгээрийн хэрэгцээнд нийцүүлэн нийт 450 мянган орон сууцыг улсын чанартай найман хотдоо төлөвлөж барина. Нэг өрхөд дунджаар 60 ам дөрвөлжин метр бүхий талбайтай орон сууц ногдохоор тооцоход нийт 27 тэрбум ам. доллар зарцуулах тооцоо гарч байгаа.
“Эрүүл мэнд” хөтөлбөр хэрэгжүүлж, эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулахын зэрэгцээ эрүүл мэндийн хувьд хамгийн их эрсдэлд өртдөг ахмад настан, хүүхэд, малчдыг эрүүл мэндийн үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх болно.
“Чинээлэг дунд давхраа” зорилт хэрэгжсэнээр өнөөгийн баян хоосны туйлширсан ялгаа эрс багасч, нийгмийн харилцаа эв нэгдлийн зарчимд тулгуурласан шинж чанартай болно. Улмаар иргэдийн маань орлого нэмэгдэж, хэрэглээ чанаржиж, тэд амгалан тайван, эрүүл саруул, бүтээлч амьдрах бололцоо бүрдэнэ.
Ер нь нийгэм, улс орны хөгжлийн хөтлөгч хүч нь ажлын байртай, амьдралын баталгаатай чинээлэг дунд давхраа байх юм. Ийм хөгжил тогтвортой, бас найдвартай байна.
МАХН энэ хөтөлбөрийг хий хоосноос мөрөөдөж гаргаагүй. 2000 оны үеэс эхэлсэн боловч гацсан, зарим нь бүр мартагдаж орхигдсон олон томоохон хөтөлбөр, төслийг сэргээн залгамжилж хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Түүнчлэн хөтөлбөрийн гол санаа, судалгаа тооцоог ард иргэддээ танилцуулж, тэднийхээ санаа бодлыг нэгтгэж тусгахыг хичээсэн. Дэлхийн улс орнуудын түргэн хөгжиж, хөгжлийнхөө хурдыг тогтвортой хадгалж байгаа туршлагыг ч судалж харгалзсан.
Тийм болохоор энэ бол нийгэм, олон түмэн та биднээс юу хүсэн хүлээж байгааг сайн мэдэж, мэдэрсний үндсэн дээр боловсорсон хөтөлбөр мөн гэж хэлж болно.
Хаа сайгүй алдагдсан шударга ёсыг сэргээж, нийгмээрээ нэрвэгдээд байгаа хариуцлагагүйн зуднаас гарч, ажил хэргийн болон ёс зүйн сахилга, эмх цэгцтэй байдал, оновчтой зохион байгуулалт бүх шатанд бий болоогүй цагт ямар ч сайн хөтөлбөр амжилттай хэрэгжиж чадахгүй. Энэ бүхнийг цэгцэлж, Монголын нийгмийг эв зүйд оруулан улс орноо хөгжүүлэх бодлого зорилт энэ хөтөлбөрийн гол жанжин шугам байх болно.
Гэхдээ энэ хөтөлбөрийг бид дангаараа өмчлөх гээгүй, тийм ёс зүйн эрх ч бидэнд байхгүй. Харин энэ хөтөлбөрийг улам баяжуулж, нам, нас, зүс, хүйс хагалзалгүйгээр монголчууд бүгдээрээ хамтдаа хэрэгжүүлье гэсэн санаачилгыг гаргаж байна.
Энэ бол сонгуульд зориулагдсан хөтөлбөр биш. Энэ хөтөлбөрийг нэг өдөр хоног алдалгүйгээр өнөөдөр ч гэсэн одоогийн төр засаг хэрэгжүүлж эхэлвэл Монгол Улс хожих болно.
Энэ хөтөлбөр хэрэгжвэл Монголд “Хөгжлийн хувьсгал” гарна, их бүтээн байгуулалтын үйл хэрэг өрнөнө, 10 жилд 600 мянган ажлын байр шинээр бий болно.
Одоо үгийнхээ төгсгөлд цаашдын бидний хамтын ажиллагаатай холбогдуулан цөөн хэдэн үг хэлье.
Юуны өмнө Монгол Улсад улс төрийн ууган нам үүсч байгуулагдаад 90 жилийн турш нэг л жанжин шугамыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран зүтгэснийхээ дараа “хувьсгал” гэдэг үгээр хуваагдан “хоёр” болж салсан журмын нөхөд маань өнөөдөр хоёр талын гаргасан санаачилгын дагуу хамтдаа ойн баяраа тэмдэглэн нэг танхимд мөр мөрөө зэрэгцүүлэн сууж байгаад баяртай байгаагаа илэрхийлье.
Бидний цаашдын үйл ажиллагаа тус тусдаа үргэлжилсэн хэвээр байх уу, эсхүл хамтдаа өрнөх үү? гэдэг нь олны сонирхол, анхаарал татсан асуулт мөн гэдгийг та бид ойлгож байгаа. Нэг хэсэг нь та биднийг хамтраасай гэж хүсч байхад нөгөө хэсэг нь тус тусдаа байгаасай хэмээн хүсч байгаа. Мөн та бид хамтран ажиллахаар тохирч тогтлоо гэхэд хамтын ажиллагааны хэлбэр нь нэгдэх үү, эсхүл эвсэх үү? гэсэн асуулт гарах нь ч тодорхой.
Энэ асуултанд товчхон хариулахад одоо хоёр нам нэгдэх тухай яриа хууль эрх зүйн талаасаа ч, бэлтгэл ажлын талаасаа ч, цаг хугацааны болон сэтгэл зүйн хувьд боломжгүй болсныг хаана хаанаа ойлгож байгаа байхаа. Харин УИХ-ын, Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж нэг субъект болж оролцох боломж та бидэнд нээлттэй хэвээр байгаа.
Чин хүсэл эрмэлзлэлийн хувьд бидний хооронд босгосон, нурааж дийлэхгүй тийм том хана хэрэм байхгүй гэдэгт би итгэдэг. Манай эгэл жирийн гишүүд, дэмжигчид ч ингэж ойлгож байгаа гэдэг нь алхам дутамд мэдрэгддэг. Гэхдээ үзэл баримтлал, үнэт зүйлс, зарчим, ёс суртахуун гээд ярих юм бол бидэнд тус тусдаа ярих, тайлбарлах бодитой зүйл бас цөөнгүй бий.
Миний хувьд “Шударга бол эвтэй, эвтэй бол хүчтэй” гэсэн зарчмын дагуу хамтран ажиллах боломж бололцоо байна гэж үзэж байна. Хамгийн гол нь та бидний гаргах аливаа шийдвэр, явуулах үйл ажиллагаа бусдын сайн сайхны төлөө, ялангуяа та бидний хаан хэмээн орой дээрээ залж байх ёстой монголын ард түмний сайн сайхны төлөө гэсэн зорилготой байх ёстойг хэзээ ч умартаж болохгүйг анхааруулая.
Монголын ард түмэн, Монгол Улс мандтугай.
2016 оны сонгуулийн жилд “Сонгуулийн хувьсгал” ялж, “Хөгжлийн хувьсгал” эхлэх болтугай.
Сайн үйлс ялан дэлгэрэх болтугай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин