Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Одоогоос 95 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсад анхны улс төрийн хүчин бий болсон түүхтэй. Түүхт энэ өдрийг эргэн дурсаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй хоёр намын удирдлагууд болон гишүүд Их жанжан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр албан ёсны арга хэмжээ эхэлсэн юм. Мөн дараа нь хоёр намын дарга, гишүүд, дэмжигчид эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

ЭЛЧИН САЙД НАР ОРОЛЦОВ
Ингээд Эх орончдын өдөр баярын хуралдаанаар үргэлжилсэн юм. Баярын хуралд МАХН, МАН-ын удирдлагуудаас гадна хоёр намаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн, намын үүрийн гишүүд хүрэлцэн ирэв. Түүнчлэн Куба улс, БНХАУ, Бүгд найрамдах Вьетнам зэрэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар баярын хуралдаанд ирсэн нь энэ арга хэмжээний чухал зочид байлаа. Мөн парламентад суудалгүй нам, төрийн бус байгууллагын удирдлагууд болоод сүүлийн үед тэр бүр олны дунд гарч ирээгүй намын ховорхон гишүүд ирсэн нь энэ өдрийн утга агуулга хэр өргөн цар хүрээтэйг харуулж байсан юм.
МАН БАЙГУУЛАГДСАН ТҮҮХИЙГ ДУРДАВ
Хурлыг нээж МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ МАН үүссэн цагаасаа улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд ямар үүрэгтэй оролцож ирсэн, хувьсгалын нөлөөгөөр улс орон хэрхэн өөрчлөгдөж байгаа түүхийг эргэн дурсав. Тэрээр “МАН-ын түүх бол Монголын ХХ зууны хөгжил дэвшлийн түүх юм. 1919 оны сүүлчээр Хятадын цэргийн эрхтэн цэргийн хүчээр Монголын автономитыг устгасан нь олон түмний ухамсрыг эрс сэргээсэн үйл явдал болсон. Үүний хурц илэрхийлэл болж Данзан, Бодоо, консулын дэвшилтэд үзэлтэй зарим ноёд түшмэлүүд улс төрийн бүлгийг үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ бүлгийн үйл ажиллагаа илүү идэвхжиж 1920 оны зургадугаар сарын 25-нд МАН хэмээх улс төрийн байгууллагыг байгуулсан. МАН Монголын төрийг сэргээх, ард олны эрх мэдлийг эрхэмлэн, нийт үндэсний ардчиллыг зорилт болгон дэвшүүлсэн байдаг. МАН-ын төлөөлөгч “Хувьсгалын долоо” 1920 оны наймдугаар сард Эрхүү хотод очиж Зөвлөлт Орос улстай холбоо тогтоох их суурийг тавьсан юм. Ийнхүү Зөвлөлт Орос улсын итгэлийг олсон хувьсгалчдын төлөөлөгчид 1921 оны гуравдугаар сарын 1-3 өдрүүдэд хуралдаж МАН-ыг жинхэнэ ёсоор байгуулж, мөрийн хөтөлбөр баталж байсан түүхтэй билээ” хэмээгээд энэ бүгд МАН-ын ахмад зүтгэлтнүүдийн түүхэн гавьяа байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байгаагаа онцолсон.
Н.Энхбаяр: ЭХ ОРОНДОО ИРСЭН МЭТ МЭДРЭМЖ ТӨРЛӨӨ

Тэгвэл баярын хурал МАХН-ын дарга Н.Энхбаярын үгээр үргэлжилж, тэрээр илтгэлдээ Монгол орныг ирэх 10 жилд хэрхэн хөгжүүлэх бодлого болоод хоёр нам цаашид хэрхэн хамтрах боломжтой талаар тодорхойлсон юм. Юуны өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ өдөр түүнд сонин мэдрэмж төрж буйгаа хуваалцсан. Тэрээр МАН, МАХН-ын журмын нөхөдтэйгөө хамтраад энэ саруул танхимын тайзан дээр гарч ирэхэд эх орондоо ирсэн мэдрэмж төрлөө гэдгийг онцлов. Түүнчлэн “Энэ уулзалт баярын уулзалт байгаад зогсохгүй ухаарал, ойлголцол, баяр баясал авчрах ирээдүйн сайн үйл хэргийн зөв эхлэл болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Улс төрийн намын ойг тэмдэглэхийн гол учрыг миний бие үнэхээр хийснээрээ бахархах, сэтгэл итгэлийнхээ хүчийг сэлбэх, алдаж оносноо цэгнэх, ухаарлын сургамж авах, ирээдүйгээ өөдрөгөөр харж, урам зориг нэмэх түүхэн чухал агшин хэмээн ойлгож байна. Улс төрийн шинэхэн түүхийг мартаж боломгүй, ой санамжаа сэргээж, эрүүл саруулаар сэтгэцгээе. Улс төрийн шинэхэн үеийн түүх гэж монголчуудын туулж ирсэн ХХ зууны түүхийг хэлж байгаа юм. Энэ хугацаанд өрнөсөн Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүх МАХН-тай салшгүй холбоотой. Эхэн үедээ МАН нэртэй, хожим нь баялаг түүхийнхээ бүхий л хугацаанд МАХН гэсэн нэртэй оршиж ирсэн, хийж бүтээснээрээ ард түмнийхээ зүрх сэтгэлд, ой санамжид гүн гүнзгий шингэж хадгалагдсан улс төрийн ууган хүчин үүсэн байгуулагдсан нь Монголын ард түмний их хувь заяаны дуудлага байсан юм” хэмээн дурдав.
“МАН, МАХН-Д ХАМТРАХ ЭСЭХ АСУУДАЛ НЭЭЛТТЭЙ БАЙГАА”
Нэг угшилтай хоёр гол улс төрийн хүчин хамтарч баяраа тэмдэглэж байгаа нь ирэх сонгуульд эвсэж орохын эхлэл байх болов уу гэсэн асуулт гишүүд, дэмжигчдийн хэн хэнд нь байсан юм. Энэ талаар ч хоёр намын төлөөлөл байр сууриа илэрхийлсэн. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Өнөөдөр Монголын улс төрийн ууган хүчин үүсэн байгуулагдсаны баярын өдөр, Монголын үе үеийн хатан зоригт эх орончдын түүхэн алдар гавъяаг магтан дуулах эх орончдын баярын өдөр. Одоогоос 95 жилийн өмнө Монгол Улсад анхны улс төрийн хүчин үүсэн байгуулагдаж, Монгол Ардын нам гэсэн модон тамгаа сийлж, эх орныхоо төлөө, харийн дайснаас эх орноо чөлөөлөхийн төлөө тусламж гуйхаар мордож, үйл хэргээ хэрэгжүүлж байсан. Эх орончдын баярын өдрийг угшил нэгт МАН, МАХН хамтран тэмдэглэж байгаа. Улс орны язгуур эрх ашиг, сайн сайхны төлөө улс төрийн намууд улстөрчид хувийн эрх ашгийг хойш нь тавьж хамтарч нэгдэж, ойлголцон зөвшилцөж ажиллах нь чухал. Үүний илэрхийлэл хоёр нам хамтарч баяраа тэмдэглэж байгаа явдал юм. Нийгэмд хоёр нам эвсэж сонгуульд орох уу гэдэг хүлээлт нэлээдгүй байх шиг байна. Энэ талаар хоёр намын ахмадуудын зүгээс өргөх бичиг явуулсан. Өнөөдөр Эх орончдын баярын өдрийг хамтдаа тэмдэглэж байна. Цаашдын асуудлыг хоёр нам баярын дараа хамтдаа хэлэлцээд явах боломж байгаа” гэсэн хариултыг өгсөн.
Мөн энэ үеэр МАХН сонгуульд хэрхэн оролцохоор төлөвлөж байгаа талаар сэтгүүлчид сонирхож байсан. МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт “Юуны өмнө Эх орончдын баярын мэндийг хүргэе. МАХН УИХ-ын сонгуульд оролцох асуудал нээлттэй байгаа. МАХН-ын зүгээс ард түмнийхээ итгэлийг хүлээж чадах шилдэг боловсон хүчнээ нэр дэвшүүлж, сонгуульд оролцуулна. Одоогоор нэрийн жагсаалтад хэнийг оруулах талаар яриагүй байна. Ирэх сарын 30 гэхэд УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд бүртгүүлж дуусах ёстой. Тиймээс бүртгэл дууссаны дараа нэр дэвшигчдийнхээ асуудлыг шийднэ” гэв.
ЦЭЦЭГ ӨРГӨЖ, БАЯР ТЭМДЭГЛЭСНЭЭР БИТГИЙ ДУУСААСАЙ
Баярын хуралдаанаар МАН, МАХН-ны дарга нар үг хэлсний дараа намуудын төлөөлөл болох зарим гишүүн улс төрийн намын үүсэл, хөгжил, төлөвшил болоод хоёр намын ирээдүйн хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэн илтгэл тавьсан. Хамтрах эсэх асуудал хоёр намын гишүүд төдийгүй ард иргэдийн анхаарлын төвд байгаа хамгийн гол асуудал байгаа нь ойлгомжтой байсан юм. МАН, МАХН-ны ахмад гишүүд ч “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаад баяртай байгаагаа намын удирдлагуудад хэлэхийн зэрэгцээ цаашид хоёр нам хэрхэх тухайд сонирхов . Тэд улс төр, эдийн засгийн нөхцөл тогтворгүй байгаа энэ үед улс төрийн голлох хоёр хүчин хамтарч чадвал Монгол орны эрх ашигт нийцсэн чухал бодлогуудыг хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа төрд төлөөлөн суугаа УИХ-ын гишүүдэд хэлж байлаа. Гишүүд ч үүнд өөр өөрийнхөө хариултыг өгсөн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Одоогоор 95 жилийн өмнөх гуравдугаар сарын 1-нийг Монгол Улсад улс төрийн ууган хүчин байгуулагдсаны баярын өдөр гэж тэмдэглэдэг байлаа. Сүүлдээ Эх орончдын баярын өдөр гэж хамтатган тэмдэглэдэг болсон. Гэхдээ Эх орончдын баярыг ганц хоёр өдөр тэмдэглээд өнгөрүүлэх биш юм. Өөрөөр хэлбэл, 365 хоногийн турш л энэ эх орныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулж л байх учиртай. Намуудын төлөвшил гэдэг бол нэг л өдөр юм уу дуусчихдаг зүйл биш. Аливаа зүйл хөгжлийнхөө шатанд улам боловсорч байх ёстой. Гагцхүү юугаа боловсронгуй болгож, шинэчлэн хөгжүүлэх вэ гэдгийг бид ярьсаар ирлээ. Өнөөдөр харахад бид үзэл баримтлал, нэрээ, туг лоозонгоо шинэчлэх талаар яриад хэрэггүй байх. Чухамдаа сэтгэлгээгээ, асуудалд хандах хандлагаа шинэчилж байх ёстой. Мөн энэ өдөр хоёр нам цэцэг өргөж, баяр тэмдэглэснээр битгий дуусаасай” хэмээн хэлсэн. Хуралд ирсэн хоёр намын гишүүд, дэмжигчид ч эрхэм гишүүнтэй ижил бодолтой байгаагаа энэ үеэр намын удирдлагуудад хэлсэн.
МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсэн үгнийхээ төгсгөлд ч байр сууриа тодорхой хэлсэн гэж болно. Тэрээр “Бидний цаашдын үйл ажиллагаа тус тусдаа үргэлжилсэн хэвээрээ байх уу, эсвэл хамтдаа өрнөх үү гэдэг нь олны сонирхол, анхаарал татсан асуудал гэдгийг та бид бүгдээрээ ойлгож байгаа. Та биднийг хамтраасай гэж хүсэж байгаа нэг хэсэг байхад, тус тусдаа байгаасай гэж харж байгаа өөр нэг хэсэг хүн байгааг бид ойлгож байна. Хоёр нам нэгдэх асуудал хууль эрх зүй, бэлтгэл ажил, цаг хугацааны болон сэтгэл зүйн хувьд боломжгүй болсныг хаа хаанаа ойлгож байгаа. Харин УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж, нэг субьект болж орох боломж бололцоо та бидэнд нээлттэй байгаа. Хийх хүсэл эрмэлзлэлийн хувьд та бидний хооронд босгосон нурааж дийлэхгүй тийм том хана хэрэм байхгүй гэдэгт илтгэлтэй байдаг” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин