Б.ТУУЛ

Манай улс жил бүрийн тав, аравдугаар сард “Дархлаажуулалтын 10  хоног”-ийг албан ёсоор зохион байгуулдаг. Энэ жил  тус аяныг ЭМЯ-наас “Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье” уриан дор  тэмдэглэн өнгөрүүлж байна. Хэрэв та 0-15 хүртэлх насны хүүхэдтэй бол энэ сарын 20-ноос өмнө харьяа өрхийн эмнэлэгтээ хандаж, хүүхдээ дархлаажуулалтын вакцинд үнэ төлбөргүй хамруулаарай. 

 

ОРШИН СУГАА ГАЗАРТАА БҮРТГЭЛГҮЙ Ч ВАКЦИНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

Манай улсад жилд дунджаар 20 гаруй мянган хүүхэд төрдөг гэсэн албан бус тоо байдаг. Эдгээр хүүхдүүдийн 98 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагддаг гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Хэрэв та 0-2 хүртэлх насны хүүхэдтэй бол  халдварт өвчнөөс сэргийлэх зургаан төрлийн  вакцинд идэвхтэй хамруулаарай.  Учир нь, дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхдүүд 15 хүртэлх  насандаа зургаан  төрлийн вакцины  нийт 17 удаагийн тунг хийлгэж,  долоон төрлийн  халдварт өвчнөөс  урьдчилан сэргийлэх  боломжтой юм. Тиймээс та оршин сугаа газартаа бүртгэлгүй ч гэсэн өрхийн эмнэлэг, дүүргийн дархлаажуулалтын  төвд  хандаж,  хүүхдээ  дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулах боломжтой.

 

ТОВЛОЛЫН ВАКЦИНААС ХОЦОРСОН БОЛ НӨХӨН ХИЙЛГЭЖ БОЛНО

Зарим эцэг, эх хүүхдээ товлолын вакцинд цаг тухайд нь хамруулж чаддаггүй. Тиймээс “Шилжилт хөдөлгөөн болон өвчтэй, чөлөөтэй байсан гэх шалтгаанаар  вакцинаа товлолын дагуу хийлгээгүй хүүхдүүд энэ үеэр нөхөн дархлаажуулалтад хамрагдаж болно. Энэ арав хоногийн хугацаанд 15 хүртэлх насны бүх хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулна” гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Нарангэрэл хэлж байна. Тиймээс та хүүхдийнхээ эрүүл мэндийн дэвтэр дээр  бичигдсэн эмчийн тэмдэглэл, вакцины товлолыг хараад  шаардлагатай вакциныг  нь товлолын дагуу нөхөн хийлгэж болох нь. Ингэхдээ мөн өрхийн эмнэлэг болон дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэл, дархлаажуулалтын тасагт хандаарай.

 

ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ ХӨСҮТ-Д 15 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХИЙЖ БАЙНА

Харин одоо шинэ залуу аав, ээжүүдэд дархлаажуулах бэлдмэлийн талаар товчхон мэдээлэл дуулгая.  Хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх,  дархлалтай болгохын тулд хэрэглэж буй бэлдмэлийг дархлаажуулах бэлдмэл буюу вакцин гэж нэрлэдэг. Вакциныг хүүхдэд уулгах буюу тарих гэсэн хоёр аргаар хэрэглэнэ. Нэг төрлийн вакциныг  хүүхэд товлолын дагуу хэд хэдэн удаа хийдэг.  Тиймээс  хэдийд ямар вакцин тариулах вэ гэдгийг “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол”-оос хараарай. Насанд хүрэгчдийн хувьд энэ үеэр томуугийн вацинд хамрагдаж болох нь. “Дархлаажуулалтын арав хоногийн аяны хүрээнд эмч, эмнэлгийн ажилчид болон  цагдаа, онцгой байдал, хил хамгаалах газар, мэргэжлийн хяналтынханд томуугийн вакцин хийнэ. Мөн эрсдэлт бүлгийн хүн амд  дээрх вакциныг хийхээр төлөвлөж байгаа. Энэ жил томуугийн вакциныг 25 мянга хүнд үнэ төлбөргүй хийнэ” гэдгийг ЭМЯ-ны мэргэжилтнүүд  хэлж байсан. Тиймээс  та  хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед улирлын томуугийн вакцинд  сайн дураар хамрагдахыг  хүсвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандаарай. Томчуудад томуугийн вакцинаас гадна  В вирус гепатитын эсрэг вакциныг нэмэлтээр хийж байгаа гэдгийг  эмч, мэргэжилтнүүд хэлж байна.