МАХН, МАН Эх орончдын баярын өдрийг хамтран тэмдэглэхээр болсноо өнөөдөр албан ёсоор зарлалаа. Энэ үеэр Харилцан ойлголцлын санамж бичигт МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Булгантуяа, Д.Амарбаясгалан, МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга нар гарын үсэг зурсан юм.

МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Булгантуяа “МАН-ын удирдах зөвлөл хуралдаж МАХН-аас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсан. МАН-ын түүхт 95 жилийн ой, Эх орончдын баярыг хамтран тэмдэглэхийг дэмжсэн. Ойн баярыг хамтран тэмдэглэх ажлыг албажуулж санамж бичигт гарын үсэг зурж байна” гэлээ.

МАХН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга “Хоёр намын тухайд угшил нэгтэй, түүх нэгтэй. Өөрөөр хэлбэл 95 жилийн түүхтэй гэж хэлж болно. 90 жил хүртлээ  нэг байж ирсэн. Үүнтэй холбоотойгоор МАН болон МАХН-ын ахмадууд 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ны өдөр хамтрах санаачлагыг гаргасан. Түүнээс өмнө ч гаргаж байсан юм билээ. Ахмадууд маань хоёр намын удирдлагуудтай уулзаж, улс орныг тогтвортой авч явахад хоёрхүчин эвсэж ажиллах нь зүйтэй юм гэсэн санаачлагыг тавьсан. Үүнийг аль аль намын удирдлагууд авч хэлэлцээд судалж үзэх нь зүйтэй гэсэн. Эцсийн шийдвэр аль ч нам дээр гараагүй. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа” гэв.

Эх орончдын баярын өдөр хоёр намынхан Сүхбаатар жанжины хөшөөнд цэцэг өргөхөөс гадна Соёлын төв өргөөнд баярын хурал зохион байгуулах юм байна. Мөн энэ сарын 29-ны өдөр Эрдэм шинжилгээний бага хурал, телевизийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах аж.

Эх сурвалж: www.polit.mn