Ц.БАЯР

Иргэний оролцооны талаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 оноос хойш ярьж, үйл ажиллагааг нь эхлүүлэн судалж, түүний хамгийн анхдагч хэлбэр болох Иргэний танхимыг байгуулснаас хойш 7 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Иргэний оролцооны эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байсан. Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагтай 2013 оноос төсөл хэрэгжүүлж 2015 онд дууссан.Түүний 2 дахь шат болох энэ удаагийн төслийг иргэдийн оролцооны эрх зүйн зохицуулалт ямар байх ёстой юм бэ гэдэг талаар үр дүн гаргахаар хэрэгжүүлж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх явцад эрх зүйн орчин бүрдүүлэхийн өмнөх үед болон бүрдсэний дараа ямар хугацаанд үр дүнгээ өгөх вэ гэдэг талаар  шат шатанд нь судалгаа хийх, олон нийтэд хүргэх, мониторинг хийх зэрэг олон төсөл хэрэгжиж эхэлнэ. Ингээд хамгийн түрүүнд бэлэн болсон Олон нийттэй харилцах стратегийн баримт бичиг боловсруулсан тухай танилцуулгыг энэ удаа хийж байна. Олон нийтэд мэдээлэл хүргэх, иргэдийг зөв мэдээллээр хангах талаар бид ач холбогдол өгч ажиллаж байгаа. Энэ талын баримт бичгийг гүйцэтгэсэн Монголын хэвлэлийн хүрээлэнгийн захирал Мөнхмандах танилцуулга хийлээ. Танилцуулгад иргэдийн оролцоог идэвхжүүлэхэд олон нийтийн харилцаа, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, сүүлийн жилүүдэд интернэт орчинг хэрэглэгчид хот, хөдөөд хурдацтай олширч байгааг түшиглэн мэдээллийг хэрхэн шуурхай хүргэх, орлого багатай иргэд, алслагдсан хөдөөгийн хүн ам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлэгт хэрэгцээт мэдээллийг хэрхэн дамжуулах зэрэг олон сэдвийг хөнджээ. Танилцуулгын дараа оролцогчид асуулт асууж, санал бодлоо илэрхийлцгээв.

Эх сурвалж:www.president.mn