Д.БОЛОР

УИХ-ын гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг төслийг баталлаа. Ээлжит бус чуулганыг дамнан орж ирсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг энэ удаад төвөггүй баталсан. Хөрөнгө оруулалтын хуулиар хамгийн эхэнд хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй, нийтлэг эрхзүйн зохицуулалт үйлчлүүлэхээр болжээ. Анх орж ирсэн төслийг томоохон хөрөнгө оруулагчдад л таатай боломж олгох хууль гэж шүүмжилж байсан бол хэлэлцүүлэгт оруулж зассан гэдгийг гишүүд онцолж байлаа. Засгийн газраас оруулж ирсэн төсөлд 90 орчим зарчмын зөрүүтэй санал оруулсан ба намын бүлгүүд ажлын хэсэг, байнгын хороод дээр чамгүй хугацаанд ажилласны үр дүнд өнгө зүс нь нэлээд өөрчлөгдсөн гэв.  Төсөлд “Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчин дээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд дөрвөн төрлийн татварын хувь хэмжээг тогтвортой байлгах” заалт байсан бол энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа нь бүс нутгаас хамаарч уян хатан болжээ.  Тодруулбал, тогт­воржуулах гэрчилгээний хугацааг хөрөнгө оруулалтын төслийн үйл ажиллагааны салбар, байршил, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай буюу 5, 8, 10, 15 жилийн хугацаатай олгохоор өөрчлөх, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа хийж дуусгах хугацааг тогтоож өгөх, тогтворжуулах гэрчилгээ олгох эсэх асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвлөл ажиллуулах саналуудыг ч тусгасан байна. Үүнийг хуулийн 16.2-т Тогтворжуулах гэрчилгээг дараах салбарт доор дурдсан хугацаагаар олгоно гэжээ. Гэхдээ энэ нь уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцээс бусад салбарт гэдгээрээ онцлог аж.  Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг өөрчлөх, уул уурхай, банк, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн 33, түүнээс дээш хувийг га­даад улсын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших бол хөрөн­гө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч байхаар өөрчлөх, хөрөнгө оруулагчид татварын болон бусад дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон асуудлыг нэмж тусгах саналуудыг төсөлд тусгажээ.  Төслийг батлахаас өмнө УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хөрөнгө оруулалт алслагдах тусам тогтвортой байдлыг хадгалахын төлөө жилийг ч уртасгах ёстой. Хэрэв хаа хол Баян-Өлгийд хөрөнгө оруулбал тав биш найман жилээр тогтворжуулалтын гэрээ байгуулах нь зөв. Хөдөө орон нутагт хэдий хэмжээний  хөрөнгө оруулалт хийнэ тэр чинээгээр хөнгөлөлт үзүүлэх ёстой” гэв. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга “УИХ хууль тогтоох эрх мэдлээ Засгийн газарт шилжүүлчихэж. Засгийн газрын хуулийн хэлтэс шиг ажлаа явуулж байна. Шуурганд уруудсан юм шиг баахан хуулийн төсөл оруулаад ирчихсэн. Өнөөдрийг хүртэл би саналаа өгөх хэмжээнд хүртлээ хангалттай мэдээлэл авч чадаагүй. Дутуу боловсруулсан, тахир дутуу хууль батлах процесст оролцмооргүй байна. Зүгээр гараа өргөж суух юм бол сургуулилттай нохой ч чадна. Би сургуулилттай нохойн үүрэг гүйцэтгэмээргүй байна” гэж эгдүүцсэн ч нийт гишүүдийн дэмжлэгтэйгээр Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан юм.