Б.НЯМСҮРЭН

 

Жендерийн тэгш эрхийг хангах тухай бид олон жил ярьсаар ирсэн. Жендер гэдэг үг нь угтаа бол хүйсийн тэгш эрхийг хангах тухай утга агуулдаг ч манай улсын хувьд эмэгтэйчүүдийг эрчүүдээс дор үзэхгүй байх гэсэн утгатай болоод удаж байна.

Эмэгтэйчүүд өчигдөр Төрийн ордонд зөвлөлд­лөө. Энэ удаад тэд жендерийн тэгш эрхийг хангах үр дүнтэй үндэсний механизмын эрэлд гарчээ. Нэг үеэ бодоход парламент есөн гишүүнтэй болж, бүлэг байгуулах хэмжээний эмэгтэй гишүүн Их хуралд сууж байгаа. Тиймээс ч олон жилийн өмнө ярьж байснаас нэг алхам ч болов урагш ахисан гэдэгтэй зөвлөгөөнд оролцогчид санал нийлж байна. Харин цаашид дан дангаар жендер гэж ярих бус үндэснйи хэмжээний цогц механизмыг бий болгож, жендерийн тэгш байдлыг хангахаар гаргасан жимээ дардан зам болгохын төлөө хэлэлцэж байгаа нь энэ аж.

Зөвлөгөөнийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, Жендерийн үндэс­ний хороо, Монфемнет үндэсний сүлжээнээс хамт­ран зохион байгуул­сан юм.

“Монфемнет” үндэс­ний сүлжээний Ерөнхий зохицуулагч Т.Ундаръяатай ярилцлаа. Гэхдээ зөвлөгөөний талаар гэхээс илүүтэйгээр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар бидний яриа өрнөсөн юм.

-Жендерийн тэгш байдлыг хангах тухай бид олон жил ярьсан. Уулзалт, зөвлөгөөн, чуулган, хэлэлцуүүлгийг ч зөндөө л хийдэг байлаа. Харин энэ удаагийн зөвлөгөөний гол онцлогийг тодруулахгүй юу?

-Бид энэ удаад женде­рийн тэгш эрхийг хангах үр дүнтэй үндэсний механизмыг бий болгохын төлөө зөвлөлдөж байна. Гол нь механизмыг бүр­дүүлэх нь хамгийн чухал. Энэ бол ардчилалтай адил­хан гэж хэлж болохоор зүйл. Ардчиллыг бид одоо боллоо, амарч болно гэж хэзээ ч хэлж байгаагүйтэй ижил жендерийн тэгш эрхийг хангах асуудлыг ч орхиж болохгүй. Манай улс тэгш эрхийг Үндсэн хуульдаа зарлан тунхаг­лаад, Жендерийн тэгш байдлыг хангах  хууль батлаад, НҮБ болон олон улсын бусад конвенци, тунхагуудад нэгдсэн. Гэх­дээ нэгдээд орхичихвол учир дутагдалтай. Түүний­хээ дараа бид боловсон хүчний чадавхиа бэхжүү­лэх, тодорхой хэмжээний төсөв хуваарилж өгөхгүй бол бүх зүйл цаасан дээр хэвээр байна. Тиймээс бид үндэсний хэмжээнд маш нягт уялдаа холбоо­той ажиллах саналыг тавьж байгаа.

-Жендерийн тэгш байдал алдагдаж байгаа талаар ярихаар бид ихэвчлэн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангахтай холбож ярьдаг. Гэтэл яг үнэндээ улс төрд гэхээс илүү харин ч бусад салбарт эмэгтэйчүүдийн жендерийн байдал алдагдчихсан, илүү ноцтой байдалд орчихсон юм биш үү?

-Бүх салбар хоорондоо  уялдаа холбоотой. Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд байхгүй юм бол нөгөө салбаруудад ч адил эмэгтэйчүүдийн тэгш эрх хангагдахгүй гэсэн үг. Ер нь ч эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нэмэгдээд байгаагаас биш  буурахгүй байгаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гэдэг бол ялгаварлан гадуурхалтын маш том, ноцтой жишээ бөгөөд хүний эрхийн ноцтой зөрчил байдаг. Монгол эмэгтэйчүүдийн эсрэг зөрчил байсаар байна.

-Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын дагуу 2015 он гэхэд шийдвэр гаргах төвшинд эмэгтэй­чүүдийн оролцоог 30 хувьд хүргэх тухай маш том үүргийг олон улсын өмнө хүлээчихээд байгаа. Энэ үүргээ биелүүлэх бололцоо өнөөдрийн байд­лаар танд хэр харагдаж байна?

-Боломж бололцоо хэзээ ямагт байдаг. Гэвч улс төрийн хүсэл эрмэлзлэл, эрэгтэйчүүд давамгайлсан улс төрийн тогтолцоонд хомс байж ирсний сөрөг үр дагавар байсаар л байна. Өнөөдөр  бид есөөс олон эмэгтэй гишүүнтэй байж болох байсан. Орон нутгийн сон­гуулиар энэ бүхэн өм­нөхөөс дордохгүй, дээр­дэнэ гэж найдаж байна.

-Гэхдээ өмнө нь Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байхад эмэгтэйчүүд өөрсдөө хэлэлцэж хөөцөлдсөөр 30 хувь биш ч 20 хувийн квоттой болж чадсан. Гэтэл саяхан батлагдсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд энэ квотоо мартчихлаа шүү дээ?

-Квот дандаа сайн үр дүн авчирдаг гэсэн үг биш. Орон нутгийн сонгуулийн хувьд арай өөр. Квоттой, квотгүй 30 болон түүнээс дээш хувьтай байгаа юм. Хэрэв Орон нутгийн сонгуулийн тухай хуульд квот тогтоосон бол магадгүй эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хязгаарлах байсан ч юм бил үү. Нэг шийдэл то­хиолдол болгонд адилхан сайн үр дагавар авчирч чадахгүй.

-Олон нийт таны ярьж байгаа утгаар харахаас илүүтэйгээр эмэгтэйчүүд Их хуралд есүүлээ болчихсоныхоо дараа орон нутгийн сонгуульд ардаа байгаа бусад эмэгтэй­чүүдээ орхичихлоо гэсэн өнцгөөс шүүмжилж байна?

-Орон нутгийн сонгуульд квот бол гол механизм биш. Өмнө нь квот байхгүй байхад орон нутгийн төлөөллийн бай­гууллагуудад эмэгтэйчүүд 30-40 хувьтай байсан. Энэ бол Орон нутгийн сонгуулийн хуульд квот зайлшгүй шаардлагатай хэрэгсэл биш  гэдгийг харуулж байна.

-Тэгвэл өөр ямар арга хэрэгсэл байна?

-Намууд ухамсар­тай­гаар хүйсийн тэгш байдлыг ойлгож хүлээж авахаас эхлээд эмэгтэй нэр дэвшигчдийг  жагсаалтдаа илүү оруулах зэргээр намуудаас гол шалтгаалж байгаа. Бас нэг чухал шалтгаан бол сонгогчдын ухамсар. Ер нь энэ жилийн хувьд сонгогчдын хандлага эмэгтэйчүүдэд нэлээд ээлтэй байсан.  Төрийн болон төрийн бус бай­гууллагууд, хэвлэл мэ­дээл­лийнхэн эмэг­тэйчүүдэд тэгш боломж олгох талаар багагүй мэдээлэл явуулсны үр дүн ч байх. Нөгөө талаар эрэгтэйчүүд давамгайлсан шийдвэр гаргах тогтолцоо нийгэмд халтай шийдвэр их гаргадаг гэдгийг өнгөр­сөн 20 жилийн туршлага бидэнд харуулсан болов уу.

-Шинэ Засгийн газар  бүрдээд томилгоонуудаа хийж байна.  Шийдвэр гаргах төвшинд эмэгтэй­чүүдийн оролцоо гэдэг маань одоогийн явагдаж байгаа томилгоонуудад ч хамаарах байх. Шинэ Засгийн газрын бүтцийг та  жендерийн тэгш байдлыг хэр хангасан гэж харж байгаа вэ?

-Тэнцвэртэй гэхээр мэдээж 50:50 хувьтай байх ёстой. Энэ утгаар нь харвал тэнцвэргүй юм. Бидний  зорилго ч адил тэгш байхыг хүсч байгаа. Гэхдээ цөөнгүй эмэгтэй сайд, дэд сайд  томилогдлоо. Энэ бол бас дэвшилттэй сайн тал.

-Хангалттай гэж үзэж болох уу?

-Мэдээж хангалтгүй. Гэхдээ зөв хандлага байна.  Мөн эмэгтэйчүүд томилогдож байгаагийн бас нэг шалтгаан нь есөн эмэгтэй гишүүний дуу хоолой нийгэмд хүрч бай­гаагийн илрэл. Есүүлхнээ ч гэсэн тэд парламентад байна гэдэг том зүйл. Хэрэв өнөөдөр Их хуралд эмэгтэй гишүүдийн бүлэг гэж байгуулагдаагүй байсан бол бид энэ сэдвээр ярьж чадахгүй л байсан байх.

-Та ес гэж багагүй чамлангуй ярьж байсан. Гэхдээ өмнөх парла­мент­тай харьцуулахад бас чамлахааргүй болсон юм биш үү. Таныхаар хан­галт­тай гэж ямар тоог хэлэх бол?

-Хангалттай гэж хэлэх тоо бол мэдээж 50:50 хувь. Нийгэмд бид 50:50 хувь байгаа бол толины тусгал шиг парламентад ч тийм л байх ёстой. Харин одоо­гийн эрэгтэйчүүд давам­гайл­сан энэ парламентыг эмэгтэйчүүдийн өнцгөөс харвал эмэгтэйчүүдэд ардчилал байхгүй байна гэхэд болохоор байна. Яагаад гэвэл эмэгтэй­чүүдийн дуу хоолой, эрх ашиг  шийдвэр гаргахад тэгш эрхийн үндсэн дээр шударгаар тусгагдахгүй байна. Тэгэхээр бусад хүмүүсийн бидний өм­нөөс гаргасан шийдвэрээр бид амьдарна гэдэг ардчилсан бус, хүмүүнлэг бус нийгэмд амьдарна л гэсэн үг.