Ч.ОЛДОХ
Дэлхийн анхны тусламжийн өдөр энэ сарын 14-нд тохиож байна. Манай улс энэ өдрийг маргааш тэмдэглэхээр болжээ. Энэ талаар МУЗН-ийн Эрүүл мэнд, анхны тусламж хөтөлбөрийн ажилтан Э.Оюунчимэгээс тодрууллаа.
-Дэлхийн анхны тусламжийн өдрийг жил бүр өвөрмөц уриатайгаар тэмдэглэдэг. Энэ жил ямар асуудалд чиглүүлсэн бол?
-Жил болгоны есдүгээр сарын хоёрдугаар долоо хоногийн сүүлчээр Дэлхийн анхны тусламжийн өдрийг Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс товлон тэмдэглэдэг. Энэ жил есдүгээр сарын 14-нд тохиож байгаа. Манай улс улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн орны хувьд энэ өдрийг өргөн тэмдэглэж ирсэн. Мөн энэ өдрийг жил бүр тэмдэглэхдээ онцлог уриатайгаар зарладаг. Энэ удаагийнх “Замын хөдөлгөөнд аюулгүй оролцъё” гэсэн уриатай юм. Замын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэсэн асуудал дэвшүүлсэний зэрэгцээ, анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулсан.
-Олон нийтэд хандаж ямар ажил зохион байгуулах гэж байна?
-МУЗН-ээс жил бүр энэ өдрийг тэмдэглэхдээ дунд шатны хороо буюу аймаг, дүүргийн салбар нэгжүүдэд удирдамж чиглэлээ гаргадаг. Олон улсын байгууллагаас гаргасан тухайн жилийн уриалгын агуулга, дэлхий дахинд тухайн сэдэвтэй холбоотой ямар тоо баримтуудыг гаргав гэдгийг үндэслэн мэдээллээ өгдөг. Дунд шатны хороод салбар нэгжүүддээ тулгуурлан зарим ажлыг санал болгодог. Энэ нь олон нийтийг хамарсан уулзалт, ярилцлага, өдөрлөг зохион байгуулах, анхны тусламжийн талаарх үзүүлэн, сургалт, санал асуулга зэрэг янз бүрийн хэлбэрээр явагддаг.
Хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчид рүү чиглэсэн, тэднийг анхны тусламжийн талаар ойлголттой болгож мэдээллээр хангах, тэд эргээд өөрсдийн мэдээллийн сувгаар дамжуулан олон нийт, ард иргэдэд үнэн зөв мэдээлээч гэсэн зорилго тавьснаараа онцлог.
-Өдөрлөгөөс ямар үр дүн хүлээж байна?
-Энэ үеэр авто замын осол, аюулд өртөх өндөр эрсдэлтэй нийслэлийн 70 сургуулийн төлөөллийг оролцуулж зам тээврийн осол, гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгөхөөс гадна анхны тусламжийг хэрэгтэй үед нь хэрхэн зөв үзүүлэх талаар сургалтад хамруулж, гарын авлаг, сургалт, сурталчилгааны материалыг үнэгүй тараана. Мөн МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд оролцоно. МУЗН ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Замын цагдаагийн газар, “Монгол даатгал” компани, “Оюуны дархлаа” сэтгүүлчдийн ТББ хамтарч байгаа. Уулзалт, өдөрлөг явуулснаар сэтгүүлчид болон зам тээврийн осолд өртөх өндөр эрсдэлтэй 70 сургуулийн удирдлага, холбогдох хүмүүст зам тээврийн осол, гэмтэл гэж юу болох, хэрхэн урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулын үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар мэдээлж, сургалтад хамруулж, гарын авлага тараана. Мөн үүгээр төр, засаг болон нийгэм, олон нийтэд зам тээврийн осол, анхны тусламжийн асуудалд анхаарал хандуулах нэг ёсны дохио өгч байгаа юм.