
Д.МЯГМАР
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай дүүргийн нутаг дэвсгэрийн гол цэгт олон улсын худалдааны төв “Нарантуул” зах үйл ажиллагаа явуулж байгаад хүнсний зах нь галд шатлаа. Халуун цэг дээр ажилласан хүний хувьд ярих зүйл их байгаа байх?
-“Нарантуул”-ын хүнсний захад наймдугаар сарын 23-нд гал гарч онцгой нөхцөл байдал үүссэн тул нийслэлийн Онцгой комисс хуралдсан. Би нийслэлийн онцгой комиссын гишүүн, дүүргийн Онцгой комиссын дарга. 35 гишүүнтэй комисс байгуулж ажилласан. Энэ асуудал дүүргийн хүрээнээс хальсан учраас нийслэлийн Онцгой байдлаас комисс байгуулж миний бие ахалж ажилласан. Нийслэлийн Цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Аливаа хүндрэлийг богино хугацаанд шийдвэрлэхээр манай ажлын хэсэг ажиллаж хажуугаар нь төрийн албаныхаа ажлыг давхар хийлээ. Дайчлах ёстой нөхдийг оролцуулан “Нарантуул” захын удирдлага болон мэргэжлийн байгууллагынхантай дөрөв хоног ажилласан. Мэргэжлийн хяналтынхан, галынхан, цагдаагийнхан дийлэнхдээ ажилласан. Тав хоногийн дотор манай ажлын хэсэг эхний шатны ажлаа хийж дууссан. Одоо мөрдөн байцаах ажлын шинжилгээ, судалгаан дээр явж байна. Шатсан байгууламж дотор үнс нурамнаас гадна хэрэглэчихээр зүйл ч байна. Ус, галын нөлөөгөөр өөрчлөлтөд орсон олон юм бий. Тэр бүхнийг цэвэрлээд байшинг хүлээлгэж өгөх ёстой. Осол гарсан өдөр галыг 100 хувь унтраасан. Хажуугаар нь зах хэвийн горимоороо ажиллахын тулд хамгаалалтын бүс тогтоох ёстой гэх мэтээр ажил их байдаг юм байна. Мэргэжлийн байгууллагынхныг ажиллах нөхцлөөр хангасан. Хүмүүс гал гарсан объектод орох эрхгүй учраас мэргэжлийн байгууллагынхныг байлцуулан камераар бичлэг хийгээд дэлгэцээр хүмүүст байдлыг үзүүлсэн. Хүмүүс ч гомдолгүй болсон. Ц.Намсрайжав даргатай Нийслэлийн онцгой байдлын газрынхан сайн ажилласны дүнд захын зоорийн давхрыг бүрэн бүтэн авч үлдсэн.
-Зоорийн давхар нь хэр хэмжээний агуулах юм бол. Бараа ихтэй байсан гэл үү?
-Сая шатсан, үйл ажиллагаа явуулж байсан нэг давхар хүнсний захаас маш том хэмжээтэй юм байна. Зоорийн давхарт байсан барааны 90 гаруй хувийг бид хамгаалж үлдэж чадсан. Хэчнээн тонн усаар гал унтраалаа. Тэр мэдээж урсаж орно. Бас утаа, тортог нэвчинэ. Зоорийн хамгаалалтын бүсийг тогтоож хажууд нь байсан чингэлгүүдийг битүүмжлэн хуулийнхны дэргэд шалгаж эздэд нь хүлээлгэж өгсөн.
-Иргэд лангуу, бараа таваар луугаа яарч бухимдаж байсан. Тэднийг яаж намжаав?
-Зоорийн давхар мэргэжлийн хяналт, хуулийн байгууллагынхан түрүүлж орох ёстой. Тэгэхгүй бол тэнд маш аюултай байдал үүссэн байсан. Хагас цаг бололгүй хүн угаартах орчинтой байсан. Цахилгаангүй, устай, угаарт автсан нөхцөлд ажиллах үнэхээр хэцүү юм байна. Цагдаагийнханд сүү өгч хордлогыг нь бага зэрэг тайлж байж тэр хүнд орчинд ажиллуулах жишээтэй. Нэг худалдаачин гэхэд л дор хаяж хоёр портер овоолсон барааг тэндээс авч гарч байх жишээтэй. Мах, чихэр, гоо сайхны бараа, хувцас, бөс даавуу зэргийг зоориноос гаргаж устгасан. 40 гаруй хаалгатай өрөөгөөр нэг бүрчлэн орж төрөл бүрийн барааг бүртгэж авсан. Бүтэн үлдсэн нь аз, асуудалтай бараануудыг шинжилгээнд оруулж баримтжуулан устагсан. Замбараагүй байдал үүсвэл хүний амь эрсдэхээс эхлээд хулгай дээрэм гаарч, эд мөрийн баримт устах аюултай. “Нарантуул”-ын удирдлагууд тэр дээврийг өргөгч цамхгаар зайлуулсны дараа нэг давхрын худалдааны цэгийн байдлыг шалгаж тогтооно. Их том төмөр дээвэр учраас бид аюулгүй байдлыг хангах үүднээс дээврийг боломжоороо хэсэгчлэн тасласан. Одоо үлдсэн төмөр дээврийг Нарантуулын удирдлагууд консерв задлах мэт өргөгч цамхгаар татаж, салгах ажил үлдсэн.
-Захын бөмбөгөр дээврийг зайлуулах ажлыг хийхэд хүн хүч, хөрөнгө хэрэгтэй. Улсаас мөнгө гаргах уу?
-Энэ ажлыг яалаа гэж төсвийн мөнгөөр хийх вэ. Захын захиргаа л өөрсдөө мэдэж арга хэмжээ авах ёстой. Хэргийн газрын үзлэгийг цагдаагийнхан хийсний дараа наймаачдын байдал тодорхой болох байх .
-Гал гарсны дараа захын удирдлагууд та бүхэнтэй хэр хамтран ажилласан бэ?
-Захын менежерүүд биднийг хэрэгтэй мэдээллээр бололцооныхоо хэрээр хангаж ажилласан. Хүн хүчээ гаргаж өгсөн. Харин “Нарантуул”-ын жинхэнэ эзэдтэй нь бид нүүр тулж уулзаж үзээгүй. Ажлын хэсгийнхэн захын эзэдтэй уулзъя гэсэн боловч харамсалтай нь тийм зүйл болоогүй.
-Энэ галаас болоод олон айл амьжиргааны эх үүсвэрээ алдлаа. Татвар, даатгал зэргээр тэдний талд үйлчлэх байгууллага байна уу?
-Хувийн байгууллага иргэний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дундуур төрийн байгууллага орж зохицуулалт хийнэ гэж байхгүй. Эхний ээлжид цагдаагийн байгууллага мөрдөн байцаах ажиллагаа явуулж байж наймаачдын хохирлын хэмжээг гаргаж ирнэ. Энэ хэрэг яаж сунжрахыг би хэлж мэдэхгүй. “Сапу”-гийн хэрэг хэдэн жил сунжирч иргэд хохирлын хэмжээгээ голж бөөн асуудал дэгдээж байсан. Цагдаагийнхныг саадгүй ажиллах нөхцлийг бид бүрдүүлж өгсөн. Бүх зүйлийг баримтжуулсан учраас энэ удаа асуудал, маргаан бага гарах байх. Төмөр дээврийг авч хэргийн газрын үзлэг хийж дууссаны дараа худалдаачдаас мэдүүлэг авна. Бид тав хоног 24 цагаар ажилласан гээд бодохоор тэнд ямар их асуудал, ажил ундраад байгааг харж болно.
-Хүчний байгууллагынхан тэр чигээрээ ажилласан гэж үнэн үү?
-Цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтынхан зэрэг 700 орчим хүн тэнд ажилласан. Хэргийн газарт л гэхэд 140 мөрдөн байцаагч ажилласан гээд бод доо. Онцгой байдлаас 200 гаруй хүн техник, хэрэгсэлтэйгээ ажилласан. Мэргэжлийн хяналтынхан тусгай багажаар хана, тааз, шал зэргийг хэмжиж аюулын зэрэг тогтоодог юм билээ. Мэргэжлийн хяналтынхан өөрсдийн дүгнэлтээ гаргасан. Онцгой байдлынхан шатсан байгууламжийн талаар дүгнэлт гаргаад хийсэн ажлын тайлангаа Нийслэлийн Онцгой комиссын даргад мэдээлсэн. Цагдаагийнхан ч гэсэн ажлын явцын талаар мэдээлэл хийсэн. Энэ бүх ажлаа би нэгтгээд Нийслэлийн Онцгой байдлын комиссын дарга Э.Бат-Үүл, Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва болон шаардлагатай газарт ажлын тайлан, мэдээгээ өгсөн. Ажлын хэсэг буусан гэж ойлгож болно.
-“Нарантуул” захад гарсан галын дараахан “Сандэй” худалдааны төвд гал гарсан. Энэ бүхэн цаанаа нэг зүйлийг хэлээд байх шиг. Нийгэмд элдэв хардлага их байна. Та ямар тайлбар хэлэх вэ?
-Хүн хардаад байвал юу ч гарч мэднэ. Хүмүүсийн яриагаар бол Дүнжингарав худалдааны төв ашиглалтад орсонтой энэ галын тохиолдлуудыг холбож янз бүрийн сэтгэгдэл их бичиж байна. Нотлох баримттай, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр энэ бүхнийг баталгаажуулдаг болохоос хэн нэг нь санаан зоргоор хардаж болохгүй. Яс юман дээр тэр байгууллагыг ажиллуулж байгаа эзэн хуулийн хүрээнд л ажиллаж байж уснаас хуурай гарна шүү. Галын аюулгүй байдлаа хангаж, тавьсан шаардлагыг биелүүлсний дараа орчин үеийн шаардлагад нийцсэн галын дохиолол суурилуулж, камержуулсан бол өдийд ийм хэрэг гараа ч уу, үгүй ч үү. Ядаж галын хорнууд байх ёстой. Галын мэдрэгчтэй байсан бол асуудал өөр тийш эргэх байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагад барилга, байшингаа журмынх нь дагуу хүлээлгэж өгсөн байх ёстой.
-Тэд мэргэжлийн байгууллагынхаа үг, шаардлагыг тоогоогүйн гороо амсаж байгаа юм биш үү?
-Нохойд барьдаг мод шиг наймаачдаа өмнөө бариад асуудал шийдэхээс зайлсхийж байсан нь өнөөдөр иргэд, байгууллагуудад асар том гарз, хохирол учрууллаа. Хуулийн дагуу тавьсан шаардлагын өмнөөс иргэдийг турхируулдаг байдал өнөөдөр явуургүй болсныг энэ хэрэг харуулж байна. “Иргэдийг ажилтай болголоо” хэмээн хууль бус үйлдлээ өөгшүүлснээр өнөөдөр “Нарантуул”-ынхан том асуудалд уналаа. Мэргэжлийн байгуулагынхны шаардлагыг биелүүлэхгүй байхаар яадгийг монголчууд нүдээрээ үзлээ. Энэ хэрэг монголчуудад том сургамж болох учиртай. “Нарантуул” захын галын хэргээс бусад нь сургамж авч байгаа болов уу. Монголчууд “Ниргэсэн хойно нь хашгирна” гэж хэлдэг дээ.