О.НАМУУНЦЭЦЭГ
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Мон эйч Пи Онош” гарааны компани дотооддоо хеликобактерийн халдварыг илрүүлэх уреазийн түргэвчилсэн оношлуурыг үйлдвэрлэж эхэлсэн. Энэтухай “Мон эйч Пи Онош” гарааны компанийн гүйцэтгэх захирал Х.Оюунцэцэгээс тодрууллаа.
-Яагаад заавал хеликобактерийн оношлуурыг үйлдвэрлэсэн бэ?
-“Манай улсад ходоодны хорт хавдрын өвчлөл их байна. Хеликобактер ходоодны хорт хавдар үүсэх эрсдлийг гурваас зургаа дахин нэмэгдүүлдэг. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан эмчилгээ хийхэд зөв оношлогоо шаардлагатай байсаар ирсэн. Манай эрдэмтэн судлаачид олон жилийн турш судалгаа, шинжилгээ хийж “Mon-HP уриазын түргэвчилсэн оношлуур”-аа гаргаж авлаа.
-Бусад шинжилгээний аргуудаас ямар давуу талтай вэ?
-Ходоодны амьд сорьцонд хеликобактери пилори илрүүлэх уреазы арга нь хямд, нарийн нөхцөл байдал шаардахгүй, богино хугацаанд шинжилгээний хариу гардаг давуу талтай тул дэлхий нийтээр эмнэлгийн практикт өргөн хэрэглэж байна. Оношлууруудыг 15-20 мянган төгрөгийн үнэтэй гаднаас оруулж ирдэг байсан. Харин манай бүтээгдэхүүн чанартай, харьцангуй хямд нэг хүний тун нь 5000 төгрөг ба 30 минутанд шинжилгээний үр дүн гардаг.
-Энэ оношлуураа хэзээнээс, хаана хэрэглэх вэ?
- Монгол улсад дурангийн оношлогоо хийдэг бүх газруудад энэ оношлогоог хэрэглэх болно. Одоогоор томоохон хувийн эмнэлгүүдтэй борлуулалтын гэрээ хийж эхлээд байна. Улсын эмнэлгүүд гэрээ хийх эрхгүй байдаг юм байна. Зөвхөн тендерт шалгарсан компаниас бүтээгдэхүүнээ авдаг учраас. Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ дотоодын зах зээлээ бүрэн хангах боломжтой.
-Тэгэхээр хеликобактерийн шинжилгээ өгөхийн тулд заавал ходоодоо дурандуулна гэж ойлгож болох уу?
- Тийм. Ходоодыг дурандах явцдаа салстын эдээс авч шинжилж байгаа хэрэг. Нөгөө талаас та ходоодоо дурандуулах үедээ хеликобактериа шинжлүүлэх боломжтой болж байна. Ингэснээр өвчтөн нэг удаагийн үзлэгээр хоёр шинжилгээ өгөх боломжтой.
-Оношлуураа үйлдвэрлэх явцад хийсэн туршилтуудаас ярихгүй юу?
-Бид “Mon-HP уриазын түргэвчилсэн оношлуур”-аа монгол төдийгүй гадаадын улс орны өвчтөнүүдэд туршилт хийж бусад орны ижил төстэй оношлуур, аргуудтай харьцуулж үзсэн. Мэдрэг болон өвөрмөц чанар нь өндөр гарсан нь бидний амжилт байсан.
Эх сурвалж: www.polit.mn