Х.ХАТАН

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Шангри-Ла олон улсын зочид буудлын их танхимд болох гэж байна.

Арга хэмжээнд Монгол, Америк, Англи, Австрали зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бодлого шийдвэр гаргагчдаас бүрдсэн 160 гаруй төлөөлөгч оролцох аж.

Тэд агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл, хор уршиг болон хүүхдүүдийн уушгины хатгалгаа, хүүхдийн амьсгалын замын үйл ажиллагаанд  хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны үр дүнг хэлэлцэх юм байна. Мөн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаагаас үүдэн гарч буй хор уршгийн талаар эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд нээлттэй ярилцахаар болжээ.

Энэхүү олон улсын зөвлөгөөний хамгийн гол үр дүн нь нэгэнт гаргасан судалгааны үр дүнг баримтлан цаашид агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж, бууруулах арга зам болон эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаарх зөвлөмжийг олон нийт ард иргэдэд, шийдвэр гаргагчдад хүргэх юм.

Зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn