Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргилтой ярилцлаа.
-ХҮН хөдөө орон нутгийн иргэдэд намынхаа бодлого, үзэл баримтлалыг таниулах ажлыг өнгөрсөн хугацаанд идэвхтэй хийлээ. Сонгууль ч дөхөж байна. Одоогоор танай нам ямар зүйл дээр төвлөрч ажиллаж байна?
-ХҮН тавдугаар сард шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт намын хороодоо байгууллаа. Саяхан нийслэлийн намын хороогоо байгуулсан. Ингэснээр бид өөрийн гэсэн бүтэцтэй нам болж чадлаа. Хамгийн гол нь одоо хөдөө орон нутгийн намын хороонд гурван том ажил тулгарч байна. Юуны өмнө сумдад үүрээ байгуулж дуусна. Мөн тухайн аймаг, орон нутагт зориулсан сонгуулийн мөрийн хөтөлбөр боловруулахаар ажиллаж байна. Дараа нь гишүүд, дэмжигчдийнхээ тоог нэмэгдүүлэх гэсэн ажлууд дээр нам төвлөрч ажиллана. Нийслэл болон Орхон, Дархан-Уул зэрэг төвийн бүсийн аймагт идэвхтэй ажиллаж байгаа. Саяхан Сонгуулийн хууль батлагдлаа. Манай нам 2016 оны сонгуульд бүрэн бүрэлдэхүүнээрээ бүх шатны сонгуульд оролцоно. Үүнийгээ Сонгуулийн хууль батлагдахаас өмнө мэдэгдэж байсан удаатай. Одоогоор төв нам дээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Энэ асуудлаараа өдөр бүхэн уулзалт зохион байгуулж, намтай холбоотой бусад үйл ажиллагаагаа ч идэвхтэй хийж байна. Намын уураг тархи болсон бодлого судалгааны хүрээлэн сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр голлон ажиллаж байгаа. Бид хуулийнхаа дагуу сонгуулийн ямар нэг сурталчилгаа хийхгүй. Гэхдээ намынхаа үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Тухайлбал, намын гишүүдээ элсүүлэх. Нийслэлийн дүүргүүдэд намын үүрүүдээ байгуулж дуусах зорилттой байна.
-Танай нам бусад улс төрийн хүчнээс ялгарах нэг онцлог нь бодлогын нам байна гэсэн. Тэр утгаараа дэргэдээ бодлого судалгааны хүрээлэнтэй ажиллаж байгаа шүү дээ?
-ХҮН гурван зүйлээр ялгарна. Бид ёс зүйгээр ялгарна. Нам өөрийн гэсэн ёс зүйн зарчимтай. Намын гишүүд зөвхөн гишүүнд элсэж батлах авснаараа үйл ажиллагаа дуусдаггүй. Андгай өргөдөг. Андгай өргөснөөр намын гишүүн ямар нэг авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон тохиодолд нам гишүүнээ өмгөөлж, хамгаалахгүй. Мөн гишүүнийхээ энэ үйлдлийг мэдвэл нам өөрөө хууль хяналтын байгууллагад өгнө. Товчхондоо гишүүнээ өмгөөлөх, хамгаалах асуудал байхгүй. Намын бодлого судалгааны хүрээлэн бол намын уураг тархи гэсэн үг. Гишүүд өөрийн дураар яриад байхгүй. Намын удирдлага, удирдах баг ч дураараа юм хийхгүй. Харин ямар нэг бодлого шийдэл дээр бид бодлого судалгааны хүрээлэндээ ханддаг. Бодлогын хүрээлэн дэргэдээ 60 гаруй эрдэмтдийн бүрэлдэхүүний багтай ажилладаг. Тэдний шинжлэх ухааны үндэслэл, туршлага, онол дээр нь үндэслэсэн бодлого шийдлийг улс төрийн өнцөггүйгээр эхлээд авч үздэг. Дараа нь бид улс төрийн шийдэл гаргадаг. Тухайлбал, Халх гол чөлөөт бүс, Үндсэн хуулийн өөрчлөлт, Өршөөлийн тухай хууль зэрэг байна. Тун удахгүй Оюутолгойн асуудлаар намын байр сууриа илэрхийлнэ. Намын дарга өнөөдөр барилгын салбарын ажилтан, маргааш инженер, нөгөөдөр хөдөө аж ахуйн мэргэжилтэн болоод ярихгүй. Үндэслэлтэй зүйлийг л ярьдаг. Энэ утгаараа манай намын дарга намын бодлогыг гадагшаа олон нийтэд түгээдэг хүн болохоос намыг удирддаг чиглүүлэгч биш. Нам ер нь нэг хүнээр удирдуулахгүй. Нам удирдах багийн дагуу явна. Манай нам бол удирдлагын багийн үйл ажиллагаагаар ажилладаг.
-Мөн ХҮН институт хэлбэрээр ажилладаг гэдгээ илүү тодотгодог?
-Нам институт байна. Нэг хүнээс, нэг лидерээс хамаардаг нам биш. Лидер манлайлагч нь бүхнийг мэддэг биш. Намын дарга намын дотоод асуудалд оролцдоггүй. Манай шийдэл дандаа хамтынх байдаг. Институт байна гэдэг дотроо нэгдсэн зарчимтай байж, намын барьдаг дүрэм, зарчим, ёс зүйн код нь бүх хүнд үйлчилдэг эрх тэгш тийм байгууллага байхын илэрхийлэл болдог. Энэ агуулгаараа бид нам дотроо маргаан хянан шийдвэрлэх хяналтын хороог байгуулсан. Уг хороо нь намыг дотроос нь хянаж байдаг байгууллагууд юм. Манай нам институт учраас илүү бодлого ярина. Бид улс орон, нийтийн хувь заяанд хамрах асуудлууд дээр бодлого шийдлийн гарцтай дуугарах чиг баримталдаг. Цаашид ч ингэж ажиллана.
-Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тухайд танай намын баримталж буй үзэл баримтлал гэвэл?
-Одоо хэлэхэд эрт байна. Гэхдээ сонгуулийн мөрийн хөтөлбөр гэдэг сонгогчдыг хуурах хэрэгсэл биш юм. Хоёрдугаарт, энэ бол хүслийн жагсаалт биш. Мөрийн хөтөлбөр бол ажлын төлөвлөгөө. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах болон “Монгол зорилго” 2050 хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгана. Сонгуулийн хоосон амлалтууд нь улс орны эдийн засаг, нийгмийн суурь бүтцийг эвдэж байна. Бид ийм зүйл хийхгүй. Харин мөрийн хөтөлбөртөө нийгэм, эдийн засаг, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдалд заналхийлж, гол тулгуур хүчин зүйлүүдэд халдсан, эрсдэл авчрах хоосон амлалтыг битгий өгөөч гэж намуудад уриалмаар байна.
-Өнөөгийн улс төрд өрнөж буй үйл явцыг намын даргын хувьд хэрхэн дүгнэдэг вэ?
-Өнөөдөр ёс зүй гэдэг зүйл доройтон доройтсоор байна. Манай улсад ёс зүй хаа хаанаа байхгүй боллоо. Монголын ард түмэн европууд шиг татварын мөнгийг маань авч байгаа болохоор төр үйлчилгээний байгууллага гэж хардаггүй. Монголын ард түмэн төрөө шударга, хамгийн ухаантай, бидний төлөө ажиллаж чадах шилдгүүд нь орж ажиллах ёстой дээд жишиг гэж үздэг. Бид төрөө манлайлал гэж хардаг. Ёс зүйгүй болоод ирэхээр нийгмийн амин сүнс алга болдог. Үүнд л хамгийн том аюул байгаа юм. Эргээд бидний 25 жилийн өмнө хийсэн сонголт болох ардчилалд хүмүүс эргэлзэж эхэллээ. Тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон парламентад ёс буюу нийтээр сонгох асуудалд эргэлзэх болсон. Учир нь парламентыг дэндүү ёс зүйгүй хүмүүсээр дүүргэж, ёс зүйгүй авирлаж байгаагаас залхаж байна. Үүнээс үүдэн ангит нийгмийг улсдаа бий болгож байна. Монголчууд түүхэндээ ангит нийгэмд амьдарч үзээгүй ард түмэн. Хөрөнгө мөнгө, эрх мэдлийн ялгаанаас болж хоорондоо муудалцаж байсан улс биш. Соёл иргэншилт гүрний 300, 400 жилийн өмнө алхаж байсан нийгмийн анги, ялганаас болж өрнөсөн зөрчил мөргөлдөөнд орж болзошгүй тийм нөхцөл байдал нийгэмд үүсээд байна. Бид үүнийг арилгах болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин