Р.ОЮУН
Хүмүүс шинжилгээ өгөхийн тулд нойроо хугаслан өглөө 04:00 цагт босч, эхний 30 хүний тоонд багтахын тулд эмнэлэг дээр дугаарладаг байсан үе ард хоцорч байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд шээсний шинжилгээ авч эхэлсэн. Энэ талаар сурвалжлахаар Хан-Уул дүүргийн “Чанд-Авиа” өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо. Өглөөний 08:30 цагт тус төв хүн цөөтэй байв. Үүдний өрөөнд үзлэг хийж байгаа эмчээс шээсний шинжилгээ хаана авч байгаа вэ гэхэд “Манайх одоогоор авч эхлээгүй байна. Та манай даргаас асуу” гэв.
Ингээд “Чанд-Авиа” ӨЭМТ-ийн дарга Ч.Цэнд-Аюуш гэсэн хаягтай өрөөнд зөвшөөрөл аван орж, ирсэн зорилгоо хэлэхэд “Одоогоор Хан-Уул дүүрэгт энэ аппарат ирээгүй байна. Энэ аппаратыг хэрхэн ажиллуулах талаар өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, тус бүр нэг эмч, сувилагчийг 4-5 удаагийн сургалтад хамруулсан. Аппарат нь эхнээсээ тараагдаад явж байгаа юм билээ. Манайх бэлтгэл ажлаа хангачихсан байгаа. Өрхийн эмнэлгүүдэд компьютерийн хүрэлцээ муу байна. Энэ аппарат компьютертэй холбогдсоноор шинжилгээний хариу, тухайн хүний мэдээлэл, эмчилгээ нь гарч ирэх юм. Манайх VI хорооны 6800 гаруй хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Одоо манайх зүрхний бичлэг хийж байна. Цаашид цусны шинжилгээ авдаг болчихвол иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг өрхийн эмнэлгээсээ хурдан шуурхай авна” гэсэн юм.
Хэрэв өрхийн эмнэлэгтээ ядаж нэг шинжилгээ өгдөг болчихвол өдөрт 10 хүн ирэх аж. Мөн энэ аппаратыг иртэл амбулаторийн эрхлэгч, бүх өрхийн эмнэлгийн дарга нар ярилцаж байгаад хүн амаасаа шалтгаалж дугаарын хуудас тарааснаар өдөрт 5-6 хүн Эрүүл мэндийн төвд 08:30 цагт очиж цус, шээсний шинжилгээ өгдөг болсноор иргэд нойроо хугаслах шаардлагагүй болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин