“Чин Ачлал” уламжлалт, сэргээн засах эмнэлгийн захирал анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч Н.Мөнхчимэгтэй озон эмчилгээний талаар ярилцлаа.
-Озон эмчилгээний талаар сүүлийн үед хүмүүс ярьдаг болжээ. Ямар ач тустай эмчилгээ юм бэ?
-Озон гэдэг хүчилтөрөгчийн гурван атомаас бүрдсэн хий юм. Энэ хийг эмчилгээний шугамаар ашиглахыг озон эмчилгээ гэдэг. Озон эмчилгээг маш олон төрлөөр хийдэг. Нэг хэлбэр нь өвчтөнөөс тодорхой хэмжээний цус аваад түүнийг озонжуулаад буцааж дуслаар хийдэг юм. О3 бат бөх биш бүтэц. Цустай холилдохоороо О2+О болж салдаг. О нь биед байгаа нян бактери вирустай урвалд орж биеэс гадагшлуулдаг. Харин О2 нь цусаар дамжин бүх биеийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг. Ингэснээр эд, эсийн нөхөн төлжилт сайжирч, залуу эд эс маш ихээр төлждөг. Үр дүнд нь хүний бие залуужиж, дархлаа сайжирдаг.
-Нэг ёсондоо хүчилтөрөгчийн дутагдлыг нөхөж байгаа гэсэн үг үү. Хүчилтөрөгчийн дутагдал биед яаж илэрдэг вэ?
-Озон эмчилгээ уушгины үйл ажиллагааг товчилж байгаа юм. Хүчилтөрөгч багасахаар хоолны шингэц муудаж, бодисын солилцоо удааширч, биед хэрэгтэй шим тэжээлээ авч чадахгүй, дархлаа муудаж, тамир тэнхээ суларч маш олон төрлийн зовиур гарч эхэлдэг.
Тиймээс хүчилтөрөгчийн дутагдлын амьсгал дутуу авагдаад байгаа юм шиг санагдана. Их даардаг болдог. Дасгал хөдөлгөөний ачаалал авч чаддаггүй гэх мэт шинж тэмдэг илэрдэг.
-Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаанаас болж өвчлөл их байх шиг. Яг ямар өвчинд илүү үр дүнтэй юм бэ?
-Бүх төрлийн өвчинд сайн үр дүнтэй. Идсэн хоол ундаа дутуу боловсруулж, бодисын солилцоо муу явагдсанаас цусанд өөх тос, сахар, нян вирус, бактери, бүлэн хүртэл үлддэг. Эдгээрийг их хэмжээгээр цусанд орсон хүчилтөрөгч боловсруулж хайлуулж, устгадаг. Хүн зарим өвчлөлөө дархлаагаараа эдгээдэг. Агаар салхинд гарахад өвчин эдгэх нь ч байдаг. Энэ бол биед хүчилтөрөгчийн хэмжээ ихэссэнийх юм. Энгийнээр цусаар хийдэг озон эмчилгээ цусан дотор байх ёстойг байлгаж, байх ёсгүйг устгаж өгдөг гэж ойлгож болно.
-Жирэмсэн эхчүүдэд хүчилтөрөгчийн дутагдал маш том асуудал байдаг. Үүнийг озон эмчилгээгээр шийдэж болох уу?
-Жирэмсэн эхэд хүчилтөрөгч дутагдахад урагт мөн илэрдэг. Ургийн хүчилтөрөгч дутагдаад ирэхээр тархины эд, эсүүд хамгийн эхэлж өртдөг нь АНУ-д хийгдсэн судалгаагаар батлагдсан. 18 жилийн турш 84 мянган хүүхдэд судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар жирэмсэн эхийн хүчилтөрөгчийн хэмжээ их, бага, хэвийн байх нь төрж байгаа хүүхдийн тархины хөгжилтэй холбоотой байсан. Манайд элбэг байдаг тархины даралт, тархины саажилт, тархины усжилт бүгд хүчилтөрөгч дутагдлаас үүсдэг болохыг баталсан. Хүүхэд хэт хөдөлгөөнтэй, хөдөлгөөн багатай нь хүртэл хүчилтөрөгчтэй холбоотойг энэ судалгаагаар тогтоосон. Манай эмнэлэг дээр жирэмсэн эхчүүд озоны эмчилгээнд ордог. Эмчилгээний үр дүнд тонус нь багасч, ургийн хөдөлгөөн идэвхждэг. Жирэмсний хордлого тайлж, цус багадалтыг маш сайн эмчилдэг.
-Озон эмчилгээг хийхгүй өвчин, хориглох заалт гэж байх уу?
-Озон эмчилгээг зүрхний судасны нарийслын үед болгоомжтой хэрэглэх ёстой. Түүнээс бусад бүх өвчинд хэрэглэнэ. Хүн хүчилтөрөгчөөр амьсгалж, амьдардаг учраас сөрөг нөлөө гэж байхгүй.
-Энэ эмчилгээ Монголд орж ирээд удаагүй гэсэн. Хаанаас үүдэлтэй юм бэ?
-1850-аад оны үед Германд анх озоныг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн юм билээ. Түүнээс хойш дэлхийн бүх улс оронд хэрэглэж байна. Монголд манай эмнэлэг анх удаа оруулж ирээд нэг жил болж байна. Энэ эмчилгээг оруулж ирэхийн тулд би нэлээд судалж, олон улсын хурал семинаруудад хамрагдаж АНУ-д гурван шатлалын сургалтад суусан. Дараа нь гоо сайхны озон эмчилгээний сургалтад суусан. Одоо гоо сайхны чиглэлээр озон эмчилгээг давхар хийж байна.
Манайх дэлхийд алдартай Германы тоног төхөөрөмжийг сонгож авсан. Аппарат маань маш нарийн хэмжигдэхүүнтэй, нарийн шүүлтүүртэй байх ёстой учраас өндөр үнэтэй ч хамгийн найдвартайг сонгосон.
-Энэ эмчилгээг хийгээд нэг жил болжээ. Үйлчлүүлэгчид хэр ам сайтай байна?
-Эмчилгээний үр дүн шууд мэдэгддэг, харагддаг учраас үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байдаг. Тиймээс өөрийн гэр бүл, аав ээж, ойр дотны найз нөхдөө дагуулан ирдэг. Эмчлэгдэх боломжгүй болсон, онош нь тодорхойлогдохгүй байгаа өвчнүүдийг ч бид эмчилж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 6000 гаруй хүнд озон эмчилгээ хийжээ. Сүүлийн үед Монголд төдийгүй дэлхийд тохиолдол нь ихсээд буй чихрийн шижин, зүрх судасны өвчин, цусны даралт ихсэлт, судасны нарийсал зэрэг өвчинтэй хүмүүс их ирж эмчлүүлж, эдгэж байна. Чихрийн шижин өвчтэй хүмүүс гадагшаа эмчилгээнд явдаг ч үр дүн муутай байдаг юм билээ. Тэд манайд ирээд маш сайн эмчлэгдэж сахар нь хэвийн хэмжээндээ ордог.Дархлаа сайжирдаг учир ханиад томуу хүрлээ гэхэд дор нь эдгэнэ. Цусны өтгөрөл их байдгаас даралт ихэсдэг. Озон эмчилгээний дараа даралт хэвийн хэмжээнд шууд ордог. Энэ мэтчилэн хүний цусыг хүчилтөрөгчөөр эмчлээд өгөхөөр бүх бие эрүүл болно.
-Хэдэн удаагийн эмчилгээ нэг курс болдог вэ. Эмчилгээ хийлгэсний дараа дахин сэдрэх үү?
-12 удаагийн эмчилгээ нэг курс болдог. Ямар өвчин, ямар шатандаа явж байгаагаас эмчилгээний үр дүн шалтгаална. Мэдээж өвчин хөнгөн байх тусам хурдан эдгэнэ. 20-30 жил сахарын өвчинд шаналж явсан хүн 12 удаагийн эмчилгээгээр цоо эрүүл болно гэж амлахгүй. Энэ бол ид шид биш, эмчилгээ шүү дээ. Тодорхой хугацааны тууштай эмчилгээний дараа хэвийн болно. Харин хэвийн болсон тохиолдолд дор хаяж нэг жил дахин өвдөхгүй.
Олон улсын туршлагуудаас харж байхад жилд 1-2 удаа курс эмчилгээ хийлгэхэд тухайн өвчнөө мартана гэсэн байдаг. Америкт 7-10 хоногт нэг удаа озон эмчилгээнд ороод байхад зүрх судас, чихрийн шижин зэрэг насжилттай холбоотой архаг өвчнүүдээр хэзээ ч өвдөхгүй гэдэг. Ер нь энэ эмчилгээ хүний насжилтыг 10-15 жилээр уртасгана гэдэг.
-Нэг жилийн дотор 6000 хүн үзүүлсэн гэхээр хүмүүсийн сэтгэл ханамж сайн байна. Онцгой сонин өвчлөлийг эдгээсэн түүхээсээ сонирхуулаач?
-Ясны хавдартай нэг эмэгтэй манайд эмчлүүлж байсан. Гранд эмнэлэгт шинжилгээ өгөөд анх хавдартайгаа мэдээд, ХСҮТ-д эмч нарын зөвлөгөөнөөр ороод хөлөө тайруулахаар болсон. Тэр эмэгтэй манайд 3-4 сарын хугацаанд озон эмчилгээнд тасралтгүй явсны дүнд ясны хавдар нь эдгэсэн. Дахин шинжилгээ хийлгэж зургаа авахуулаад анх үзүүлсэн эмч нартаа үзүүлэхэд итгэхгүй байсан гэсэн.
Мөн элэгний вирус манайд элбэг байна. Шинжилгээгээр 965 мянган элэгний В вирусээ тоолуулсан хүн нэг курс эмчилгээнд ороод 30 ширхэг болж бараг устсантай адил болсон.
Долоон жил арьсны өвчнөөр шаналсан, ямар учиртай, ямар өвчин болох нь оношлогдохгүй, Солонгос, Хятад, Монголдоо эмнэлгүүдээр яваад үр дүнд хүрээгүй нэгэн эмэгтэй манайд хандсан. Озоны эмчилгээнд ороод яр шарх нь эдгэж, загатнахаа болиод маш сайн унтдаг болсон. Ажлын ачаалал, стресснээс шалтгаалсан нойргүйдэл элбэг байна. Озон эмчилгээний үр дүнд тархийг хүчилтөрөгчөөр хангаж өгөхөөр маш сайн амардаг. Хэдэн жил эм уусан, эм нь үйлчлэхээ больсон хүмүүс ч манайд их ирж байна. Мөн суудлын, суугаа ажлын өвчин гэгддэг нурууны суулт, мурийлт, хүзүүний шохойжилт, шамбарамын үед озон эмчилгээ үр дүнгээ өгч байна.
-Эмчилгээний явцад дэглэм, гам барих зүйл бий юу?
-Хүчилтөрөгч бидний өдөр тутам амьсгалж байдаг агаар. Тэгэхээр энэ эмчилгээг хийлгэснээр ямар ч дэглэм, гам барих шаардлагагүй. Мэдээж тодорхой хугацаанд эмчийнхээ зааврын дагуу эмчилгээндээ ороод байвал үр дүн сайн гарна.
Озон эмчилгээ гэдэг ямар нэг химийн аргаар гаргаж аваагүй, байгалийн хийг ашигладгаараа онцлог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин