Ц.БАЯР
Харвоны эмээ ууж эхэлсэн өвчтнүүдээс одоогоор ямар нэгэн сөрөг шинж илрээгүй байгаа талаар эмийн сангийн мэргэжилтнүүд мэдээлж байна. Эхний ээлжинд уух ёстой 1600 иргэн тодорсон. Ууж эхэлснээс хойш 14 хоногийн дараа дахин давтан шинжилгээ өгнө. Тухайлбал, цус, цусны бүлэгнэлийн, шээс, биохимийн шинжилгээг харьяа дүүргийн эрүүл мэндийн төвд даатгалаараа үнэгүй хийлгэнэ. Харин эмийг нэг сар уусны дараа вирусээ итгэмжлэгдсэн лабораторид дахин тоолуулах юм. “Харвони” эмийг иргэдэд 1200 ам.доллар буюу хоёр сая гаруй төгрөгөөр худалдаалж эхлээд байгаа. Эмийн нэг хайрцаг нь 400 ам.доллар, харин гурван хайрцаг нь нэг курс болно. Ингээд гурван хайрцаг бүхий нэг курс “Харвони” эмийг иргэд хоёр сая гаруй төгрөгөөр авч байгаа юм. “Харвони” эмийг нийслэл болоод орон нутагт борлуулах 22 эмийн сангаар түгээж байна.
Эх сурвалж:www.zms.mn