Улс төрийн хүрээнд маргаан дагуулж, олон нийтийн анхаарлыг татаж байгаа “Төрийн албыг нийтийн алба болгож өөрчилье” гэсэн сэдвээр Ерөнхийлөгчийн хүний эрх, олон нийтийн оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын байр суурийг сонирхлоо. Ч.Сосормаагийн хувьд анх энэ сэдвээр байр сууриа илэрхийлж, лекц уншиж, нийтлэл бичиж байсан юм. Гэхдээ бид энэ удаа түүнээс зөвхөн хувийн байр суурийг нь сонирхсон гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Су.Батболд гишүүний хувьд төрийн албыг нийтийнх болгох асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй түшээдийн нэг билээ.
1. Улс төрийн нам, улстөрчдийн дунд маргаан дагуулж байгаа төрийн албыг нийтийн алба болгох асуудлаар та ямар байр суурьтай байна.Нийтийн алба болгох үндэслэл нь юу вэ?
2. Нийтийн алба болгосноор ямар дэвшил гарах вэ. Сөрөг үр дагаварт хүргэх вий гэх болгоомжлол юу байна ?
3. Өнөөгийн нөхцөлд төрийн албыг нийтийн алба болгож цомхотгосноор аль нэг нам эрх мэдлээ ашиглан шалгаруулалт нэрээр өөрдийн хүмүүсийг оруулж ирэх гэж байна гэсэн шүүмжлэлийг та юу гэж үзэж байна?
4. Төрийн албан хаагч, жирийн иргэн хоёр адил тэгш эрхтэй ч төрд ажиллаж байгаа хүмүүс төрийн албан хаагчийн орон сууцны хөнгөлттэй зээл эдэлж, цалин хөлсөө нэмүүлэхээс эхлээд илүү эрх дарх эдлэх нь зохистой юу?
5. Нийтийн алба болгож өөрчилснөөр төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулан ашиглаж, иргэдэд дарамт үзүүлдэг явдалд эцсийн байдлаар цэг тавьж чадах уу.Тухайлбал, төрийн албаны дээд, дунд шатанд авлига, хээл хахууль их байна гэж ярьдаг?
Су.Батболд: Монгол төрийн гэдэг эрхэм нэр гай болоогүй
Л.ХЭРЛЭН
¨ Төрийн албыг хэрхэн нэрлэх нь чухал биш. Улс орнууд янз бүрээр нэрлэдэг. Ялангуяа Европын орнууд, ардчилал хөгжсөн улс оронд нийтийн алба нэрээр явдаг. “Public service” гэсэн нэр томъёог монгол хэлэнд яаж буулгах вэ гэдэгт л асуудал байгаа юм. Нийтийн алба болгож өөрчлөх нь хэтэрхий нэр томъёоны араас хөөцөлдсөн хэрэг гэж үзэж байгаа. Нийтийн алба болгох үндэслэлээ юу гэж тайлбарлаж байгааг би ойлгохгүй байна. Нэрийг өөрчилснөөр төрөл арилжиж сайн сайхан болно гэдэг хэтэрхий гэнэн зүйл.
-Тэгвэл ямар өөрчлөлт хийхийг зүйтэй гэж үзэж байна вэ?
¨ Төрийн албыг боловсронгуй болгох, төрийн албыг хүнд суртлаас ангид байлгах, төрийн албыг авлигагүй байлгах гэсэн олон зарчим бий. Үүнийг би дэмжиж байгаа. Тэгж шинэчлэх хүртэл олон өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төрийн албаны шинэчлэлийг би дэмжиж байгаа.
¨Төрийн албыг нийтийнх болгосноор дэвшил гарч болно. Гэхдээ тэрхүү шинэчлэлийн механизмуудаа зөв тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал, хүнд суртлаас ангид байлгахын тулд ямар байлгах ёстой юм бэ. Бүтцийн хувьд ямар байх ёстой вэ. Дээд, дунд, доод шатандаа аль нь хурдан шуурхай, хялбар бүтэцтэй байх вэ гэдэг асуудлыг авч үзэх хэрэгтэй.
-Нөгөө талаас төрийн албаны шалгуурыг ямар байх ёстой гэж үзэж байна?
¨ Төрийн албан хаагчдад ямар шалгуур тавих ёстой вэ. Тэр нь тогтвортой тогтолцоонд шилжсэн, улс төрөөс ангид байх ёстой юу, үгүй юү гэдгийг сайн бодолцох учиртай. Тэгэхгүй бол нийтийн алба болгож нэр хүндийг нь бууруулснаар тэр нь ахиц, дэвшил авчирдаг гэвэл тийм зүйл байхгүй. Харин сөрөг үр дагаврын тухайд гарах зүйл тийм ч их байхгүй болов уу. Гэхдээ Монгол төрийн уламжлалыг мартах учиргүй. Гэтэл төрийн сүлдэндээ залбирдаг, төрдөө алба хаах нь нэр төрийн хэрэг гэж үздэг Монголын ард түмэн тэр үгнээс жийрхэж, хөндий байх асуудал яригдаад байгаа юм.
¨ АН засгийн эрхэд гарч, нийтийн алба гэгчийг оруулж ирснээрээ төрийн албыг бужигнуулах, олон мянган төрийн албан хаагчийг хэлмэгдүүлж, зүй бусаар ажлаас нь чөлөөлөх, халах ийм ажлыг зохион байгуулах нь гэж эмзэглэж байна.
Төрийн албыг хүчингүй болгож, нийтийн албыг бий болгосноор ямар нэгэн шалгуургүйгээр, өөрөөр хэлбэл улс төрийн шалгуураар хэн нэгнийг ажилд томилох оролдлого эхнээсээ гарч эхлээд байна. Өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр байгаа хэрнээ төрийн нарийн бичгийн дарга нараас эхлээд зарим агентлагийн дарга нарыг ямар ч шалгуургүйгээр томилсон. Монгол төрд 20 жил бидний бий болгох гэж зүтгэж ирсэн юм юу вэ гэвэл, төрийн албыг тогтвортой байлгая, тэдэнд улс төрийн үзэл бодол байж болно, аль нэгэн намыг дэмждэг байж болно, гэхдээ төрийн албанд тэр шалгуураар бус мэдлэг, чадвар, үнэнч шударга байдлаараа ажилладаг байх шалгуурыг тогтооё гэсэн.
¨ Төрийн албан хаагчдын хувьд аль ч улс оронд тодорхой хөнгөлөлт, хангамж эдэлдэг. Яагаад гэвэл, төрийн албан цалин тийм ч өндөр биш. Бусад улс орнууд, зах зээл хөгжсөн оронд хувийн хэвшилд ажиллагсдын цалин өндөр байхад төрийн албан хаагчид бага цалин авдаг. Гэтэл төрийн албанд хүн итгэл, үнэмшлээрээ ажилладаг. Энэ утгаар нь төрийн албанд ажиллаж байгаа, нийтийн төлөө, ард түмнийхээ төлөө үйлчилж байдаг тэр хүмүүсээ дэмждэг, тусладаг тогтолцоо байдаг.
-Гэхдээ хэтэрхий хавтгайруулж байгаа гэдэгтэй санал нийлэх үү?
-Зарим зүйлд хэт хавтгайрч байгаа тал бий. Түүнийгээ засах ёстой. Яагаад гэвэл, төрийн алба 36 сарын тэтгэмж гэх юм уу, цэрэг цагдаа, эмч, багш гээд бие биетэйгээ барьцаад тэгж тэтгэвэрт гарна, ингэж халамж авна гэдэг. Тэр болгоныг цэгцэлж, төрд ажиллаж байгаа хүн ийм хэмжээний цалин авч, хөнгөлөлт эдэлнэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Төрийн албанд мөнгө төгрөг, ямар нэгэн эрх ашиг бодож орохыг хянах ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн алба гэдэг ямар нэгэн юм амлаж, хувийн хэвшлээс хүмүүсийг татах биш тэнд үнэнч шударгаар ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэхэд чиглэх учиртай.
¨ Нийтийн алба болгож өөрчилснөөр өмнө гарч байсан алдаа дутагдал, болохгүй, бүтэхгүй зүйлд цэг тавьж чадахгүй. Энэ нь хүмүүсийг төөрөгдүүлсэн явдал. Нэр томъёоны араас хөөцөлдөх нь утгагүй. Түүнийхээ оронд төрийн албыг яаж хүнд сурталгүй байлгах вэ, иргэдийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ, санал сэтгэгдлийг нь яаж авч байх юм бэ, яаж түргэн шуурхай болгох вэ, яаж авлигаас ангид байлгах вэ гэдэгт тодорхой цогц бодлого, шинэчлэлийн асуудлыг оруулах хэрэгтэй. Одоо Төрийн албан тухай шинэ хууль өргөн барьчихсан байгаа. Ирэх сарын эхээр оруулах байх. Тэр хуулийн төсөлд тогтолцоог яаж өөрчлөх тухай тусгасан. Үндсэн хуульд төрийн алба, төрийн албан хаагч гэсэн нэр томъёо байгаа учраас өөрчилж болохгүй.
-Төр, төрийн алба, төрийн албан хаагч гэдэг нэрэнд хүндэтгэлийн бас хариуцлагын утга санаа байна гэж та үзэж байна уу?
-Монгол төрийн гэсэн энэ эрхэм сайхан нэр хэнд ч гай болоогүй. Тийм учраас энэ нэрээ цэвэр ариунаар авч явж чадах төрийн албыг байгуулах нь чухал. Нийтийн алба гэж нэрлэснээр маргааш бүгдээрээ хөнгөн шуурхай, бүгдээрээ шударга болоод бүх зүйл сайн, сайхан болж цэгцэрнэ гэж байгаа бол энэ төөрөгдүүлсэн ойлголт. Харин ч үүний цаана төрийн албыг бужигнуулж мэдлэг чадвараар биш улс төрийн шалгуураар хүмүүсийг оруулж ирэх гэж байна.
Ч.Сосормаа: Нийтийн албатай болсноор даргад үйлчилдэг тогтолцоог хална
Ч.ЗОТОЛ
¨ Нийтийн алба, нийтийн захиргаа, нийтийн мөнгө гэдэг ойлголт улс орон бүрт бий. Яагаад нийтийн гэж нэрлээд байдаг юм бэ гэвэл, бидний ойлгож буй төрийн захиргаа, төрийн алба нийтийн мөнгөөр санхүүжиж, нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс олон оронд “нийтийн” гэдэг нэршлийг хэрэглэдэг. Төрийн захиргаа биш нийтийн захиргаа, төрийн алба биш нийтэд үйлчилдэг алба юм. Тэгэхээр энэ үзэл хандлагыг Төрийн албаны тухай хуульд оруулах зайлшгүй шаардлага бий. Энэ тухай ч шинэчлэлийн Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа.
¨ Хамгийн түрүүнд хүний тархинд өөрчлөлт явагдана. Ялангуяа олон нийтээс төрийн хүнд сурталтай холбоотой гомдол байнга ирдэг шүү дээ. Төрийн албан хаагчид өөрсдийгөө “Тэнгэрийн албан хаагч” гэж үзээд байна. Иргэдийг дорд үзэж, дээрэнгүй харилцаж байна, өөрсдийгөө дарга гэж ойлгоод байна гэдэг. Тэгэхээр дарга сэтгэхүй өөрчлөгдөж, иргэн төвтэй сэтгэхүй бий болно. Хүний төлөө ажилладаг, иргэдийнхээ төлөө үйлчилдэг болно. Би татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа, тиймээс би таны төлөө ажиллах ёстой. Таны үнэлгээнээс миний цалин хамаарна гэсэн ойлголт бий болно. Энэ бол дараагийн хийх өөрчлөлтүүд юм.
-Чухам яаж өөрчлөгдөх бол?
-Энэ талаар хэдэн жишээ хэлье. Өнөөдөр аймаг, дүүрэг, орон нутаг, төрийн байгууллагуудын тайланг үзэхэд ажил нь дандаа 97-98 хувьтай биелсэн байдаг. Хотын захиргаа гэхэд л дандаа 95-96 хувьтай үйл ажиллагааныхаа хэрэгжилтийг биелүүлж ирсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө маш сайн ажилладаг гэж үнэлдэг. Өөрөө өөртөө дүн тавьдаг учраас өөрчлөлт хийх шалтгаан байхгүй. Онц ажиллаж байгаа Засгийн газрын юуг нь өөрчлөх юм вэ? Ажилтнаа дарга нь л үнэлдэг. Хэрэв даргадаа таалагдаж чадах юм бол тухайн ажилтан сайн л үнэлгээ авна. Ингээд өөрсдийгөө хуураад оршин тогтноод байдаг. Төрийн алба даргын төлөө үйлчилдэг болж хувирсан. Тэгвэл нийтийн алба болгосноор энэ тогтолцоог орвонгоор нь өөрчилнө. Төрийн байгууллага нийгмийн хөгжлөө дагаж өөрчлөгдөж байх ёстой. Зах зээлийнхээ эрэлт, хэрэгцээг сайн мэдэрдэг байх учиртай. Тэгэхээр иргэдээрээ үнэлүүлж байж иргэдийнхээ хэрэгцээг мэдэрнэ гэсэн үг. Өөрчлөлт хийх сэдэл үүснэ. Хотын захиргаа гэхэд л иргэдээрээ үнэлүүлж байж иргэдийн төлөө ажиллаж эхэлнэ. Иргэдийн сэтгэл ханамж дээшлэнгүүт хотын захиргааны ажилтнууд урамшуулал авдаг байх жишээтэй. Иргэдийн сэтгэл ханамжийн баталгаа урд жилүүдээс буурангуут урамшуулал нь хасагддаг. Тэгэхээр хотын захиргааны ажилтнууд юу гэж ойлгох вэ гэвэл, бидний эзэн, биднийг үнэлдэг гол хүн чинь хотын оршин суугчид юм байна, тэдэнд таалагдахын төлөө ажиллах ёстой юм байна. Улмаар тэд үйлчилгээний менежментээ хөгжүүлнэ. Яавал иргэдэд ойр, хурдан шуурхай үйлчлэх вэ гэж бодно. Үйлчилгээ муу байгаа нь бидний чадвартай юу, менежменттэй юу эсвэл эрхзүйн орчинтой холбоотой юу хэмээн шинжилж эхэлнэ. Албан хаагчдын тархи нь ажилладаг, санаачилга гаргадаг, өөрчлөлтийг шаарддаг хүчин болж хувирна. Тэгэхээр нийтийн алба гэдэг ойлголт энэ бүхний үндэс суурь болж байгаа юм.
-Хуулийн цоорхой, сөрөг үр дагаварын тухайд та юу хэлэх вэ?
-Тэндээс сөрөг үр дагавар бус үзэл хандлагын өөрчлөлт гарна. Иргэдээрээ үнэлүүлдэг, тэдний өмнө хариуцлага хүлээдэг алба бий болно. Ийм албыг бий болгохгүйгээр бид авлигыг ч, хүнд суртлыг ч өөрчилж чадахгүй. Цаашилбал, нийтийн албаны үйлчилгээний стандартыг тогтоох хэрэгтэй байгаа юм. Ямар хугацаанд, ямар чанартай үйлчилгээ хүргэх вэ гэдгээ тодорхойлох асуудал. Тухайлбал, ямар хугацаанд зөвшөөрлөө авах вэ таны дуудсан цагдаа хэдэн минутад ирэх ёстой вэ. Түргэний машин хэдэн минутад амжиж очсон байх ёстой вэ. Яаралтай үед хэдэн минут байх вэ, энгийн үед хэдэн минут байх вэ. Өргөдлөө өгөхөд хэдэн хоногийн дотор шийдэгдсэн байх вэ, шийдэгдээгүй бол яах вэ. Үүнийг бид нийтийн албаны үйлчилгээний баталгаа гэж хэлээд байгаа юм. Иргэдэд үйлчлэхдээ ингэж чанарын баталгаа амлах хэрэгтэй. Түүнийг дагаад бүх стандартууд шинэчлэгдэнэ. Иргэд стандартаа барьж шаардлагаа тавьдаг болно. Стандартаа мөрдөж, хэрэгжүүлж чадаагүй албан хаагч, тухайн байгууллага хариуцлага хүлээдэг болно.
¨ Төрийн албан хаагчийн хангамжийн асуудал цаашдаа өөрчлөгдөнө гэж бодож байна. Үр дүнгээр цалинжих тогтолцоо руу шилжих байх. Хэн үр дүнтэй ажиллаж байна түүний цалин өндөр болно гэсэн үг. Төрийн байгууллага хувийн хэвшилд чадварлаг боловсон хүчнээ алдахгүйн тулд сайн цалин хөлс амлахаас өөр аргагүй. Цалин өндөр болоод эхэлмэгц хэрэгтэй, хэрэггүй олон хангамжууд буурах нь тодорхой.
¨ Иргэдийн үнэлгээнээс тухайн албан хаагчийн цалин урамшуулал хамаараад эхэлбэл инээмсэглэсэн үйлчилгээ нэвтрэх байх. Дараагийн шинэчлэлийн нэг чухал хэсэг бол цахим үйлчилгээг аль болох олон салбарт нэвтрүүлэх асуудал юм. Засгийн газрын ба орон нутгийн байгууллагууд иргэдэд хүргэж байгаа үйлчилгээний жагсаалтыг гаргаад түүнээсээ боломжтойг нь сонгож цахимжуулах шаардлагатай. Хүнд суртлыг бууруулахад авлига багасах хамааралтай. Түүнчлэн Засгийн газраас салбар бүрээр, байгууллага бүрээр жил бүр авлигын индексийг тодорхойлдог. Индекс өндөр байгаа байгууллагын даргад нь хариуцлага тооцдог тогтолцоотой болчихвол авлигыг бууруулах бас нэг хөшүүрэг болно. Иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээ, авлигын индекс тогтоох зэргийг Иргэний нийгмийн байгууллагаар гэрээлээд гүйцэтгүүлж болно шүү дээ.